Манай иргэд гадаадад зорчихдоо малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, хиам, борц зэрэг хүнсийг очоод хэрэглэх, хүний дайвар байдлаар, мөн найз нөхдөдөө бэлэг болгож, амсуулах зорилгоор авч явах нь түгээмэл байдаг.
Хоёр жилийн өмнө АНУ-ын хилээр 19 кг мах, адууны засаа оруулах гэж байгаад баригдаж бөөн шуугиан тарьж байв. Мөн Өмнөд Солонгосын хилээр мах махан бүтээгдэхүүн оруулах гэж байгаад хураалгасан тохиолдол тоймгүй. Бүр тарваганы тулам оруулах гэж зүтгэсэн тохиолдол ч бий.
Тэгвэл монголчууд хамгийн их зорчдог томоохон орнуудад малын гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэж оролдсон тохиолдолд өндөр торгууль тавих, цаашлаад баривчлах хүртэл хариуцлага ногдуулах болжээ.
Манай улсын иргэд хоёр хөршөөс гадна Өмнөд Солонгос руу хамгийн их зорчиж байгаа аж. Одоогоор тус улсад манай 46 мянган иргэн оршин сууж байна. Мөн тус улсын хилээр малын гаралтай бүтээгдэхүүн оруулах гэж завддаг тохиолдлоор ч манайхан тэргүүлдэг аж.
Тэгвэл энэ жил Африкийн гахайн мялзан, шүлхий өвчин, шувууны томуугийн вируст өвчин зэрэг мал амьтны гаралтай халдварт өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түүхий мах, хиам, хатаасан мах зэрэг бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглоод байна. Хэрэв энэ төрлийн мэдүүлэгт тэмдэглэлгүй оруулсан тохиолдолд эхний удаад нэг сая, хоёр дахь удаад гурван сая, гурав дахь удаад таван сая воны торгууль тавьж байгаа аж.
Хэрэв мал амьтны халдварт өвчин дэгдсэн бүс нутгаас мах, махан бүтээгдэхүүн оруулж ирэхээр завдсан бол торгуулийн хэмжээ 2-3 дахин өсөж буй юм. Энэ тохиолдолд эхний удаад таван сая воны торгууль хүлээнэ. Гадаад харилцааны яаманд энэ чиглэлийн тоо баримтыг нэгтгэж гаргахад түвэгтэй. Учир нь тус улсын хил гааль дээр дээрх зөрчлөөр торгууль хүлээж байгаа хүн бүрийн мэдээллийг яам руу ирүүлдэггүй.
Гэхдээ ийм зөрчил маш их байгааг гэдгийг хэлсэн. Тухайлбал, нэг оюутан бусдын дайвар ачааг шалгалгүй авч явснаас болж дотор нь борц байсан нь хил дээр илэрч, гэрийнх нь хаягаар нэг сая вонны торгуулийн хуудас ирсэн байна. Өнөөгийн төгрөгийн үнэ цэнээр 2 сая 300 гаруй мянга болж байна.
Зарим иргэн гар аргаар бэлтгэсэн мах бус үйлдвэрийн сав баглаа боодолтой, лаазалсан мах, махан бүтээгдэхүүнийг хилээр оруулж болно хэмээн эндүүрдэг.
Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх бол Хилийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авах ёстой. Ийм тусгай бичиггүй бол тус улсын хуулиар хориглосон бүх бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх нь хууль бус аж.
Хэрэв аргагүйн эрхэнд авч ирсэн бол “Аялагчдын гар тээшний мэдүүлэг”-т тэмдэглэж, нисэхийн болон боомтын хорио цээрийн газарт мэдэгдэхийг зөвлөж байна. Хорио цээрийн хяналт шалгалт хийгдэж буй нисэх буудалд монголчуудын хамгийн их зорчдог Инчеон, Бусан зэрэг долоон буудал багтаж байна.
Япон улсын тухайд мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага илүү чанга байгаа аж. Тодруулбал, энэ жилээс зорчигчийн тээшнээс импортын мэдүүлэггүй махан болон малын гаралтай бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд гурав хүртэлх жилийн ял, нэг сая иен хүртэл мөнгөн торгуулиар торгохоор болжээ. Ингэхдээ ямар ч тохиолдолд хатуу арга хэмжээ авна гэдгийг тус улсын холбогдох байгууллагаас мэдэгдсэн байна. Нэг сая иен нь төгрөгөөр тооцвол 24-25 саятай дүйж байгаа юм.
АНУ-ын хувьд мөн л гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглодог. Үүнд махны орцтой үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бульон хүртэл багтахыг анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн, жимс, хүнсний ногоо тоо ширхгээс үл хамаарч, нэг ширхэг байсан ч хураан авах болно. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн авч яваагаа гаалийн мэдүүлэгт бөглөөгүй тохиолдолд эхний удаа 300 ам.доллар, хоёр дахь удаа 500 ам.доллар гэх мэтээр торгуулийн хэмжээ нэмэгдэнэ. Энэ төрлийн бүтээгдэхүүн авч яваа тохиолдолд гааль, хилийн ажилтанд мэдэгдэх шаардлагатай аж. Тэд тухайн бүтээгдэхүүн хилээр оруулах эсэхийг нягтлан үзнэ.
Тиймээс малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг аз туршиж хилээр авч гарах гэж байгаад их хэмжээний торгууль хүлээх эрсдэлтэйг анхаарах шаардлагатай аж. Хэдийгээр монгол малын мах амт, чанар сайтай ч улс орон бүрт махны хэрэглээ өндөр байдаг. Солонгос улсын хувьд нэг кг хонины мах 10 гаруй мянган воны ханштай. Иймд хэн нэгнийг заавал авч яв хэмээн шахаж шаардах, мөн өөртөө эрсдэл учруулж энэ төрлийн бүтээгдэхүүн авч явах шаардлагагүй аж.
Зөвхөн мах ч гэлтгүй хилээр давах гэж байгаа бол ачаагаа сайтар нягталж байх шаардлагатай аж. Тухайлбал, өнгөрсөн сард сургуулийн хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлтгэх зорилгоор урд хөршийн хил давсан Д гэх залуугийн халааснаас таван ширхэг сум гарч ирснээр саатуулагдаж, одоо болтол БНХАУ-д шалгагдаж байна. Тэрбээр урд хөрш рүү зорчихоос хэд хоногийн өмнө анд явсан аж.
Энэ үед халаасандаа ангийн бууны сум хийсэн байжээ. Улмаар БНХАУ руу зорчих үедээ халаас, тээшээ шалгалгүй гарсан нь ийн хэрэгт унахад нөлөөлсөн байна. Хэдийгээр ангийн бууны хэдхэн ширхэг сум боловч тус улсын хуулиар энэ нь галт зэвсгийн ангилалд хамаарч, үүнийг дагаад хариуцлага хүлээлгэх зүйл заалт нь ч хүндрээд ирдэг байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Гаалийн тухай болон Эрүүгийн хуульд “20,000 юань буюу 5,000 ам.доллараас дээш валют”-ыг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог аж. Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хурааж, гарал үүслийг шалгаж, мөнгөн дүнгийн 9 хувьтай тэнцэх хэмжээний валютаар торгодог байна.
Эцэст нь монголчууд мах, махан бүтээгдэхүүнийг “вакумдаж” тугалган цаас зэргээр маш сайн ороовол нохой үнэртэж чадахгүй, мэдэлгүй гаргачихна хэмээн эндүүрдэг. Тэгвэл үнэрч нохой ачаан дотроос ганц чимх мансууруулах бодисыг ч илрүүлэх чадалтай аж. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн илрүүлэх нь бүр ч амархан гэсэн үг.
Г.БАТЗОРИГ