Categories
мэдээ цаг-үе

Солонгос киноны жүжигчдээр нэгнээ нэрлэж явсан Эрдэнэтийн 14-ийнхөн

2007 он. Урлагийн үзлэгийн үеэр

Болзсон газраа, товлосон цагаасаа арваад минутын өмнө очвол эзгүй суудал бараг харагдсангүй. “Та нарынхаа цуглаж байгаа газрыг багагүй хайлаа. Тэгтэл гадаа нь ирчихээд будлиад явсан байна шүү дээ. Дунд сургуулиа төгссөнөөс хойш уулзалгүй долоо, найман жил болсон ч ангийнхан минь яг л хэвээрээ байна шүү” гэсээр хүрэн пальтотой бүсгүй гаднаас орж ирэв. “Ажил төрлөө эртхэн зохицуулж, өөрсдөдөө цаг зав гаргаад ангийнхныхаа уулзалтад заавал ирээрэй гээд аль хоёр сарын өмнөөс ангийнхаа фэйсбүүк дэх группт зарлал бичээд байсан ангийн дарга өөрөө хааччихав. Өнгөрсөн долоо хоногт бүгдийнх нь гар утас руу залгаад мартав аа, сануулж байна шүү. Яг цагтаа шүү гээд байсан биз дээ. Цагаа яс л барьдаг хүн дээ” хэмээн цуглагсад өөр хоорондоо ярилцаж суутал гаднаас бор пальтотой нуруулаг эмэгтэй ороод ирэв. “Дөнгөж саяхан чамайг хоцрох ёсгүй хүн дээ. Ирж яваа юм байх даа гээд ярилцаж суулаа” гэснээ “Юуг дурсахаар гэдэг билээ” гээд инээлдэцгээв. Ангийн дарга ч “Аравхан минут хоцорсныг цагаа барьсангүй гэдэг болчихож. Мундаг цаг баримталдаг болчихжээ, манайхан чинь. Цаг минутаар битгий хэл үдээс хойш, үдшийн бүрэнхий тасрахаас өмнө гэж цагаа товлодог хүмүүс ийм болно гэдэг гайхалтай хэрэг шүү” гээд инээмсэглэснээ, гадуур хувцсаа тайлж, өлгөх зуураа “Үнэхээр манай ангийнхан чинь бараг ихэнх нь цуглачихсан юм биш үү. Олон жил уулзалдаагүй нэгнээ харах сайхан байна. Би бүгдийг нь биш юмаа гэхэд дийлэнх олныг нь цуглуулна гэсэн амлалтдаа хүрлээ шүү” гэвэл “Тэглээ, хө. Одоо Б.Мөнхбаяр, З.Эрдэнэбаатар, Б.Эрдэнэбаатар гурав ирж яваа. Ажлаа тараад шууд наашаа ирж байгаа юм шиг байна лээ” гэцгээв. Тэд бол Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотын байгалийн ухаан, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн 11-ийн А ангийн 2008 оны төгсөгчид. Төгсөлтийн монтаж дээрээ бичигдсэн, уулзахаар товлогдсон өдрөө ийн уулзацгааж байгаа аж.

2014 оны Цагаан сараар Ш.Дорж багшийндаа

Х.Бадмаанямбуу “Нээрээ фэйсбүүкийн групп гэснээс энэний чинь ачаар хоорондоо холбоотой байх юм. Ядаж л хэн, хаана, ямар ажил эрхэлж явааг мэдчихнэ. Амьдралаа төвхнүүлэхээр дор бүрнээ шаргуу хөдөлмөрлөцгөөж байгаа найзуудаараа бахархаж байна шүү. Тэр дундаа би нэг зүйлд л маш их баярладаг. Сургуулиа төгсөөд, бүгд оюутан болсны дараа аав минь бурхан болсон. Тэр үед хаврын шалгалт эхэлчихсэн, бүгд завгүй байсан хэрнээ намайг гээд Улаанбаатараас зориод ирж байсан ангийнхандаа чин сэтгэлээсээ баярласнаа хэлэх гэсэн юм. Улаанбаатарт бүгд цуглаад, М.Дэмбэрэл, Д.Тэлмэн хоёрын зардлыг дундаасаа гаргаад, Эрдэнэт явуулсныг би мэдсээн. Энэ хоёр маань хагас, бүтэн сайнаар бүтэн өдөржин түлээ хагалж, хашаа хороо эмхэлж цэгцэлсэн” гээд хоолой нь зангирав. М.Дэмбэрэл “Хүнд хэцүү цагт чадлынхаа хэрээр нэгэндээ дэм болох хэрэгтэй. Тэгж байж арван жил нэг ангид тохой нийлүүлэн суусны хэрэг гарна биз дээ” гэсэн юм. А.Мөнхзаяа “Тус болох хэрэгтэй биш бүр ёстой” гэнгүүт бусад нь толгой дохин “Үнэхээр тийм шүү” гэсэн юм. Ш.Энхцэцэг “Өнгөрсөн долдугаар сард Хятадын Шанхайд болсон олон улсын биллъярдын тэмцээнд явахад хүртэл ангийнхан маань санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Ёстой л тэвдэж явахад тэвнээр тусалсан даа, найзууд минь” гэлээ. Б.Чинзориг “Миний хувьд их сургуулийн найзтай бол хичээл л ярина. Ажил дээр гараад танилцсан нэгнээс сайндаа л ажил мэргэжлийн туслалцаа авах болохоос чин сэтгэлийн зөвлөгөө, туслалцаа авахыг хүсдэггүй. Хариулт нь маш энгийн. Ердөө л та нар минь надад байхад хангалттай. Та нартайгаа уулзахдаа л би элдэв бодол, болгоомжлолын хүлээсээс тайлагдаж, жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг. Бас гэртээ” хэмээв.

2005 он. Орхон аймаг, Баян-Өндөр ууланд
салхинд гарав

Ийн ярилцах зуур дунд зэргийн нуруутай, махлаг залуу гаднаас орж ирвэл түүн рүү бүгд харснаа “Манай Бооёо ороод ирлээ. Ашгүй, ажил нь эрт тарсан юм уу” гэцгээв. Түүнийг Ц.Дамбаравжаа гэдэг хэдий ч бусдад нэр хоч өгч, элэглэн шоолохдоо тун гаргуун болохоор бусад нь түүнийг “Хөөе, Бооёо” л гэдэг байж. Бүр багш нар хүртэл тэгж дууддаг байсан гэнэ. Ц.Дамбаравжаа “Намайг Бооёо гээд дуудсан чинь арваннэгдүгээр ангийн урлагийн үзлэг өөрийн эрхгүй санаанд орчихлоо. Яагаав манайхан Шинэ үеийнхний Оддын эрэлд хошин шогийг дуурайгаад, багш ажилчдын элгийг хөшөөх дөхөөгүй юу” гэнгүүт “Саналгүй яахав дээ. Манайхны бэлдсэн үзүүлбэрийг үзсэн багш нар хошин шогийн тоглолт үзэж байгаа аятай инээлдэж байж билээ. Бид нар чамайг жүжигчин болно гэж бодож байсан чинь бүр эсрэгээрээ эдийн засагч болчих юм аа” гэв. Ц.Дамбаравжаа “Харин би өөрөө ч жүжигчин болно л гэж бодож байсан. Жүжигчний мэргэжлээр хагас жил хэртэй бүр сурсан ш дээ, бүр. Даанч жүжиглэхэд биш тоо бодохдоо илүү авъяастай байсан гэх үү дээ” хэмээн инээмсэглэн, толгойгоо маажив. Тэгснээ “Хүүе манай Ёнгу ирээгүй юм уу” гэвэл бусад нь “Хэн” гээд их л гайхсан янзаар харав. “Яагаав, Дормаа” гэвэл залуучууд нь “Аан ирж яваа гэсэн” гэж хариулав. Харин бүсгүйчүүд нь “Дормаа, Ёнгу гэж хэн юм бэ” гэж асуувал Б.Эрдэнэбулган “Хөвгүүд Ц.Мөнхбаярыг тэгж хочилдог юм. Та нар мэддэггүй юм уу” гэвэл “Үгүй ш дээ. Үхэр бас Намираа гэж хочлуулдаг байсныг нь мэднэ. Тэгвэл манай Мөнхбаяр чинь хамгийн олон хочтой нь байсан юм биш үү” хэмээн инээлдэцгээв. Г.Мөнхжаргал “Яаж яваад энэ олон хочийг авчихдаг байна аа. Үхэр гэдэг хочийг л лав дунд ангидаа сагс тоглож байгаад газраас хоёр мод аваад, толгой дээрээ барьснаа “Манайхаан, надад эвэр ургачихлаа” гэсэн гэдэг нь үнэн юм уу гэж асуусанд Ц.Дамбаравжаа “Үнээн үнэн. Би хамт сагс тоглож байсан юм чинь. Үнэхээр ч үхэртэй төстэй харагдсан шүү. Өглөө хичээлдээ дэнжийн уруу гулгаж бууж ирэхдээ үсээ өрвийтөл босгочихоод ороод ирнэ. Наад үс зүсээ янзлаач гээд багшийг уурлахаар цүнхнээсээ самаа авч угаалгын өрөө ороод норгож байгаад жимбийтэл нь самначихаад ороод ирнэ шүү дээ. Тухайн үед Солонгосын олон ангит киноны гол дүрийн Ёнгу гэдэг залуу байсан даа. Үс зүс нь гөлчийж, мөлчийгөөд бүр яг шүү гээд Р.Эрдэнэтуяад хэлчихсэн чинь түс хийтэл инээчихдэг байгаа. Тэгээд л ангиар, бүр сургуулиар Ёнгу гэдэг хоч нь тарсан ш дээ. Сүүлдээ багш нар ч мэддэг болсон байх аа” гэсэн юм.

Ж.Цэнджав “Эрдэнэбулганыг том биетэй, болохоор нь Халк, үсний засалт нь адилхан болохоор Мөнхбаярыг Ёнгу гэдэг байж. Харин яагаад намайг архичин гэдэг байсан юм бэ” гэвэл “Хичээлээсээ дандаа хоцорно. Хоцорч орж ирээд малгайгаа авахаар үс чинь ширэлдээд өрвийчихнө. Бас л тухайн үед жүжигчин Хүрлээгийн гурван буудал чирүүлээд гэдэг хошин шог гардаг байсан даа. Тэрэнтэй адилхан болохоор нь тэгчихгүй юу” гэв. Тэгтэл Х.Тэмүүлэн “Би Цэндээгийн бас нэг онигоог ярьж өгөх үү. Наадах чинь нэг өдөр ээжийнхээ улаан пиджакийг өмсөөд хүрээд ирсэн ш дээ. Тэр үед төмсний улаан цэцэг шиг өнгөтэй улаан пиджак өмсдөг байгаагүй юу.Санаандгүй хажуу тийшээ харсан чинь мөр, халаас энэ тэр дээрээ цэцгэн хээтэй байдаг байгаа. Ширээнийхээ найзыг эвгүй байдалд оруулахгүйн тулд тохойгоороо ёворч байгаад, харцаараа халаасных нь цэцэг рүү заагаад байгаа юм аа. Тэгсэн өнөөх чинь ичээд, царай нь пиджакнаасаа ялгарахааргүй болчихсон” гэтэл Ж.Цэнджав “Нээрээ тэгсэн ш дээ. Багшдаа бие засъя гэж хэлж гараад, дан пиджактай тэр чигтээ гэр лүүгээ гүйчихсэн. Тэрнээсээ болоод хэд хоног халуурч хэвтсээн” гээд инээв. Бусад нь “Цэцэгтэй пиджактайгаа л хичээлдээ суух байж дээ” гээд бөөн инээд болов. Ц.Дамбаравжаа “Ангийн дарга А.Мөнхзаяа надад иргэний дайн зарлаж байна гэснээ санаж байна уу. Бодвол би үгэнд нь орохгүй, дүрсгүйтээд, аргаа барахдаа л тэгж хэлсэн байх” гэж асуутал А.Мөнхзаяа “Сүүлд нь бодоод байхад иргэний дайн гэдэг үгийнхээ утгыг ч өөрөө мэдэхгүй байсан. Их л уур нь хүрсэн шиг байгаа юм” гээд инээмсэглэв.

“Бид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажлынхаа гарааг амжилттай эхэлцгээсэн нь багш нарын минь гавьяа” хэмээн тэд өөр хоорондоо ярилцах зуур Б.Цэцэгбалжид “Үнэхээр тийм шүү. Математикийн багш Ш.Дорж, монгол хэл, уран зохиолын багш Б.Зэдбазар нар маань саяхан Алтангадас одонгоор энгэрээ мялаасан байна лээ. Анги удирдсан багш Б.Чулуундаваа ч ардын боловролын тэргүүний ажилтан болсон байна лээ” гэвэл бусад нь “Үнэхээр нүдээ олжээ” гэцгээв. Тус ангийнхнаас С.Энхтүвшин, Х.Тэмүүлэн нар аймгийнхаа математикийн олимпиадад хэд хэдэн удаа аваргалж байсан бол М.Дэмбэрэл, С.Дөлгөөн, А.Мөнхзаяа нар мэтгэлцээний улсын аваргаас багаараа мөнгөн медаль хүртжээ. Тийм ч учраас 2008 оны ЭЕШ-аар гурван ч хүүхэд математик, физикийн хичээлүүдээр 800 оноо авч байсан. Тэр бүү хэл гурван ч хүүхэд ширээний теннис болон хөнгөн атлетикаар дэд мастерийн болзол хангажээ. Тодруулбал Г.Пүрэвжаргал ширээний теннисний төрөлд, Б.Эрдэнэбулган, Н.Түвшинбаяр нар хөнгөн атлетикаар дэд мастерийн болзол хангажээ.

Төд удалгүй хэд хэдэн залуучууд гаднаас орж ирцгээн, мэнд усаа мэдэлцээд бүгд ширээн дээр сууцгаав. Б.Эрдэнэбулган “Дугаар луу чинь залгаад байхад яагаад утсаа авахгүй байгаа юм. Сургуулийн атаман залгаж байна гэж бодсон уу. Эхнэрээрээ утсаа авахуулаад” гээд хөхрөлдөв. Г.Оюун-Эрдэнэ суудлаасаа өндийж “З.Эрдэнэбаатарынхаа онигоог ярьчих уу” гээд түүн рүү харвал “Тэг ээ” гээд инээмсэглэв. “Төгсөх жил Булгаа, Амгаа, Пүүжээ бид хэд Эрдэнэбаатараар тоглоом хийгээд. Эрчүүдийн тоглоом хатуу л даа. Уг нь гэрийнх нь утас руу даалгавраа асуух санаатай залгасан чинь өөдөөс “Хэн бэ, хэнтэй ярих уу” гээд танихгүй байхаар нь тоглохоор шийдээд. Тэгэнгүүтээ “Сургуулийн атаман Нямдаваа байна” гэсэн чинь хоолой нь шингэрээд л “Аан, сайн уу” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Чи миний талаар гадуур юу гэж худал цуу яриа дэгдээсэн гэнэ ээ. Яг одоо гараад ир” гэсэн чинь таг. Би ч утасны цаанаас хоолойгоо шахаад орилчихсон чинь бүр байдаггүй дээ. Тэгснээ Дэмбээ рүү залгаад “Нямдаваа намайг зодох гээд гэрийн гадаа ирчихэж. Одоо хурдан хүрээд ир” гэсэн гэж байгаа” гэвэл бүгд инээлдэв. Б.Баттулга “Дэмбээ чи “ар” нь байсан юм биш үү” гэвэл М.Дэмбэрэл “Одоо тийм л болж таарлаа” хэмээв.

Ийнхүү тэд инээж хөхрөлдөн суутал үйлчлэгч эмэгтэй цаг орой болсныг сануулав. “Уулзалдан, инээж баясахад ганц үдэш хормын төдийд өнгөрөх юм даа” гэцгээн өлгүүр дэх гадуур хувцас руугаа дурамжхан гэгч нь гараа явуулж байгаа харагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *