Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьвал 384 мянган төгрөгөөр торгоно

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгаснаар согтуугаар жолоо баривал эхний удаад 384 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг хоёр жилээр хасахаар тусгажээ-

УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй найман гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа. Энэхүү хууль дэмжигдвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч төдийгүй зорчигчид шинэ дүрэм, журмыг дагаж мөрдөх шаардлагатай болох юм. Ингээд хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орохоор төлөвлөгдсөн талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эхний удаад авто машин барих эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгохоор заажээ. Мөн хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 768 мянган төгрөгөөр торгохоор тус тус заажээ.

Хамгаалалтын бүсээ зүүгээгүй бол есөн мянган төгрөгөөр торгоно

Тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалалтын бүсээ хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцвол есөн мянган төгрөгөөр торгох гийтгэл оногдуулна. Мөн арын суудалд суугаа зорчигчид ч энэхүү шийтгэл хамаатай гэдгийг онцлон анхаарах нь зүйтэй болов уу. Мөн жолооч автомашин барьтж явах үедээ утсаар ярьсан тохиолдолд мөн л есөн мянган төгрөгөөр торгож байх гэнэ. Монголын хувьд жолооч нар аюулгүйн бүсээ зүүж хэвшээгүй. Хэрвээ бүсийг зүүж хэвшвэл ослоос болж бэртэл гэмтэл авах, амь насаа алдах эрсдэл 50 хувиар буурах боломжтой аж. Тиймээс аюулгүйн бүсээ зүүлгүй хөдөлгөөнд оролцсон жолооч, дэргэдэх зорчигч нарт Захиргааны хариуцлага хүлээлгэхээр заалт оруулжээ.

Хэт ядарсан үедээ жолоо барьвал торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар хэт их ядарсан, өвчтэй байгаа үедээ замын хөдөлгөөнд оролцвол эрсдэлтэй гэж үзэн торгууль оногдуулах юм байна. Хэрэв толгой эргэсэн, бие эвгүйрхсэн, хэт сульдаж ядарсан үедээ жолоо барих юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах гэнэ. Өөрөөр хэлбэл энэ зедээ жолоочид хамгийн их осол гаргах эрсдэлтэй байдаг тул элдэв ослоос сэргийлэн 48 мянган төгрөгөөр торгох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *