Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газар 2011-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Түүний үр дүнд СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой мэс засал, төрөхийн өргөтгөл барих, хуучин барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаанд нийт 10 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байсан. Харин одоогийн байдлаар шинэ эмнэлэг барих ажил эхэлсэн ба газрыг чөлөөлөхтэй холбоотой нэгдсэн эмнэлгийн туслах барилга, байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа газар дээр нь очиж танилцлаа.

Жишиг эмнэлэг нь эмнэл зүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10,000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47,000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцсон байна. Мөн оношилгоо, эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэх, удирдлага, засаглалын шинэ арга барил нэвтрүүлнэ гэлээ.

Дүүргийн жишиг эмнэлэг ашиглатанд орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар эмнэлгийн иж бүрэн барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлаад байгаа юм байна.

Б.Энхмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *