Categories
мэдээ цаг-үе

Сири дэх “Лалын улс”-ыг бөмбөгдсөөр байна

Уржигдар буюу өнгөрсөн даваа гаригаас АНУ  холбоотнуудынхаа хамт Сири дэх “Лалын улс” бүлгийнхний эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн тухайгаа мэдэгдсэн билээ. АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлалын газраас ийм шийдвэр гаргаж, үүнийг Ерөн­хийлөгч Б.Обама дэмжсэн юм. Уг цэргийн ажиллагааны хамгийн гол зорилго нь Сири болон Иракийн газар нутгийн дийлэнх хэсгийг мэдэлдээ авсан “Лалын улс”, “Жебхат ан-Нусра” бүлгийг устгах яв­дал юм. Үүнд АНУ-аас гадна Йордани, Бахрейн, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Арабын таван орон оролцож байгаа билээ. 

Сирийн “Ал-Маядин” телевизийн мэдээлснээр бөмбөгдөлтийн үеэр “Жебхат ан-Нусра” бүлгийн Абу Юсеф ат-Турки хэмээх нөлөө бүхий удирдагчдын нэг амь үрэгдсэн байна.  Тэрээр Сирийн Идлиб хот дахь нэгэн орон сууцны байшинд цэргүүдийнхээ хамт байрлаж байсан гэнэ. Сирийн хүний эрхийн асуудлаарх судалгааны төвийн мэдээлснээр цэргийн ажиллагааны үеэр “Жебхат ан-Нусра” бүлгийн 50 цэрэг амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд гадаадын хөлсний цэргүүд ч байсан гэнэ. Пентагоноос гаргасан мэдэгдэлд агаарын довтолгоонд АНУ-ын Персийн булан болон Улаан тэнгист байрлаж буй усан цэргүүд оролцож, “Raptor” бөмбөгдөгч, сөнөөгчөөс гадна “Tomahawk” пуужин  ашиглаж байгааг дурдсан юм. “Raptor”-ийг тав дахь үеийн бөмбөгдөгч хэмээн нэрлэдэг. Харин “Tomahawk“ пуужинг АНУ цэргийн ажиллагаануудад байга хэрэглэсээр ирсэн юм. 

АНУ-ын эхний бөмбөгдөлт нэг цаг гаруй үргэлжилжээ. Хэсэг завсарласны дараа бөмбөгдөлтийг үргэлжлүүлсэн байна. 

Одоогийн байдлаар лалын бүлгийнхний байгаа 20-иод газарт агаараас цохилт өгчихөөд байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бөмбөгдөлтийн үеэр лалын бүлгийн 40-70 дайчинг устгаснаас гадна тэдний төвлөрч байсан газрууд нь бөмбөгдөлтөд өртөж юу ч үгүй болсон гэнэ. Харин Арабын эх сурвалжууд  30-40 дайчин амь үрэгдэж, 15 зэвсэг техник нь үгүй болсон хэмээн мэдээллээ. Уг ажиллагааны үеэр 24 жирийн иргэд өртөж амь үрэгдсэн байна.  

АНУ нь цэргийн ажилла¬гаагаа эхлүүлэхээсээ өмнө энэ тухай НҮБ болон Сирид урьдчилан мэдэгдсэн юм. Сирийн эрх баригчид үүнийг анхнаасаа эсэргүүцэж байсан  тул АНУ ч хариу тайлбар хийжээ. Сирийн одоогийн эрх баригчдыг  хууль бус хэмээн үзэж байгаа тул тэднээс цэргийн ажиллагаа явуулах талаар зөвшөөрөл авах шаардлага байгаагүй хэмээн Вашингтон мэдэгдсэн. “Лалын бүлэг” Иракийн газар нутгийг мэдэлдээ аваад зогсохгүй жирийн ард иргэдийн амь насыг хороож байгаа тул үүнийг яаралтай зогсоох шаардлагатай байгаа. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс ч зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээн  үзсэн байна.

Үүний хариуд “Лалын улс” бүлгийнхэн өөрсдийнхөө радиогоор мэдэгдэл хийхдээ барууны орнууд тэр дундаа АНУ, Франц, Канадын иргэдийг хайр найргүй устгахыг уриалсан байна. Түүнээс гадна хүнийг үй олноор устгадаг зэвсэг хэрэглэх болно хэмээн мэдэгджээ. 

“Лалын улс” буюу “Ирак, Левантын лалын улс” бүлэг нь 2006 онд байгуулагджээ. Ирак дахь 11 лалын бүлэг нэгдэн тэмцэж шариатын хуультай лалын улс байгуулах зорилго тавьсан байна. Тус бүлэг нь 2013 оноос Сирид Ерөнхийлөгч Б.Асадын эсрэг дайн зарласан юм. Өнөөдрийг хүртэл алан хядах ажиллагаа явуулсаар иржээ. Ирак дахь АНУ болон НАТО-гийн цэргүүдийн эсрэг алан хядах ажиллагаа зохион байгуулсаар иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *