Латин Америкийн орнуудад бүртгэгдээд буй зика вирус Сингапур улсад бүртгэгдсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас “Шинжилгээгээр 41 хүн зика вирусын халдвар авсан болохыг тогтоосон. Ихэнх нь шумууланд хазуулж, уг халдварыг авчээ. Халдвартай иргэдийг тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Халдвар авсан иргэдийн ихэнх нь барилга дээр ажиллаж буй гадаадын ажилчид гэнэ. Тэд зика бүртгэгдсэн бүс нутгуудаас ирсэн аж. Дөрвөн хүн хэвтэн эмчлүүлж буй гэнэ.
Уг вирусын халдвар жирэмсэн эхчүүдэд илүү хор хөнөөл учруулдаг билээ. Халдвартай эхээс жижигхэн толгойтой, сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд мэндэлдэг байна. АНУ-ын Эрүүл мэндийн яам өнгөрсөн хоёрдугаар сард зика шумуулаас гадна бэлгийн замаар халддаг болохыг тогтоосон билээ.