ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутагт буюу Сибирийн зүүн хойд хязгаарт гарсан ойн түймрийн гамшиг үргэлжилж байна.
Ням гаригийн байдлаар Якутын нутагт нийт 155 түймрийн голомт идэвхтэй байгааг орон нутгийн захиргаа мэдээлжээ. Өчигдөр 11 түймрийг бүрэн унтрааж, есөн түймрийг цурманд оруулсан ч долоон түймрийн голомт нэмж бүртгэгдсэн байна.
Ням гаригт Калвица, Харьялах хоёр тосгоны оршин суугчдыг өөр газар нутагт нүүлгэн шилжүүлжээ. Өөр олон арван тосгон түймэрт шатах өндөр эрсдэлтэй байгаа гэнэ.
Наймдугаар сарын 7-ны өдөр Бяс Куэль тосгон ойн түймэрт өртөхөд 31 айлын гэр, нийтийн эзэмшлийн найман байшин бүрэн шатжээ.
“Энэ бол маш том хохирол. Иргэд олон жилийн турш хураасан, босгосон хөрөнгөө алдаж байна” гэж Якутын захирагч Айсен Николаев өчигдөр Фэйсбүүк хуудсандаа мэдээлсэн байна.
Тэрбээр хүйтрэхээс өмнө амжиж тосгоныг барилгын материалаар хангах, хохирсон айл өрх бүрт 30,000 рублийн тусламж үзүүлэхээ амлажээ.
Энэ жил Якутад сүүлийн 150 жил тохиогоогүй хуурай, халуун зун болсон нь ойн түймэр гарахад нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Түймрийн утаа Сибирийн зүүн хагасыг бүрхэж, хөрш зэргэлдээ орнуудад хүрээд байгаа юм