Categories
гадаад мэдээ

Си Жиньпиний АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна

Хятадын удирдагч Си Жиньпиний АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-нд гэргийн хамт АНУ-ын Сиэтл хотоос айлчлалаа эхлүүлсэн юм. Си Жиньпин энэ удаагийн айлчлалаараа хоёр орны хооронд үүссэн үл ойлголцлыг арилгах, АНУ-ын бизнес технологийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцэх аж. Энэ үеэр кибер халдлагын асуудлыг гол болгон хэлэлцэж байна.

Жиньпин очсон өдрийнхөө орой улс, төр бизнесийн төлөөлөгчидтэй уулзсан бол есдүгээр сарын 23-нд Полсоны хүрээлэнд болсон бага хуралд оролцлоо. Мөн Эверетт хот дахь Boeing компанийн угсралтын үйлдвэрт зочилжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын кибер тагнуулчид АНУ-ын Засгийн газар, томоохон компаниудын сүлжээнд халдсан талаар Вашингтоноос мэдээлж байсан. Мөн Хятадад амьдарч байсан Санди Фан Гиллис гэгч эмэгтэй тагнуулын хэргээр хоригдсон зэргээс үүдэн хоёр орны хооронд багагүй зөрчилдөөнтэй асуудал байгаа юм. Эдгээр асуудлаар талууд хэлэлцжээ. Си Жиньпин Америкийн томоохон хэвлэлийн нэг болох “Уолл Стрит Журнал”-д ярихдаа “Кибер тагнуул болон сүлжээнд нууцаар нэвтрэх нь хууль бус. Хятадын Засгийн газар ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмждэггүй” гэжээ. Түүний айлчлалын үеэр Сиэтл хотод мянга гаруй хүн оролцсон жагсаал болж айлчлалыг нь эсэргүүцсэн бана.

Ноён Си Жиньпин есдүгээр сарын 25-нд Вашингтон хотыг зорин, Б.Обаматай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн оройн зоог барих аж. Харин есдүгээр сарын 28-нд Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *