Categories
мэдээ нийгэм

ШҮҮР АЖИЛЛАГАА: Авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан “ДЦС-3”-ын захирал Л.Эрхбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхгүй юм уу, Ерөнхий сайд аа DNN.mn

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан байдаг. Тодруулбал, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авч байх үед нь буюу үйлдэл дээр нь саатуулж, баривчилсан билээ.

Хачирхалтай нь, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бусдаас их хэмжээний буюу 100 сая төгрөгийн хахууль авсан гэгдэх “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өнөөдрийг хүртэл ажлаас нь чөлөөлөөгүй, ажлаа хийсээр байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр “Бусдаас авлига аваад үйлдэл дээрээ баригдсан хүн захирлын суудалдаа суусаар байна. Л.Эрхбаатар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэнэ лээ. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад хамаарал бүхий компаниа зохиомлоор тэнцүүлж, хариуд нь 100 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байгаа. Энэ хүний хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан таслан зогсоож, үйлдэл дээр нь барьсан хэрнээ хариуцлага тооцохгүй, ажлыг нь хийлгэж байгаад гайхаж байна. Л.Эрхбаатар өмнө нь “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын даргаар ажиллаж байсан гэсэн” гэв.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт 100 сая төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 30 саяыг нь өгөөд ийнхүү баригдсан. “Хасу-Эрчим” ХХК нь “ДЦС-3” ТӨХК-иас 2022 онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулсан юм билээ. Эдгээр тендерт “Хасу-Эрчим”-ийг шалгаруулсныхаа урамшуулалд хахууль авсан байж болзошгүй” хэмээн бичиж байсан юм.

ШҮҮР АЖИЛЛАГААГ “ДЦС-3”-ААС ЭХЭЛСЭН ДЭЭР ЮМ БИШ ҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА

Засгийн газраас 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига авсан этгээдүүдийг шүүр ажиллагаагаар шүүрдэж, төрийн албыг цэвэрлэхээр болсон гэх. Тэгвэл Шүүр ажиллалааг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-аас эхлэх нь зүйтэй юм биш үү, Ерөнхий сайд аа. Авлига авсан этгээд төрийн албанд, даргын суудалд заларсаар байна шүү дээ.

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлнэ. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, авлига авсан бол нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэж, хариуцлага тооцно гэдгийг албаныхан хатуу анхааруулсан. Гэтэл энэ ажиллагаа нь хэрэгжихгүй, Засгийн газар ТӨХК дахь авлигатай тэмцэхгүй, авлига авсан авсан дарга нарын толгойг энэ мэт илсээр байна.

Сүржин эхэлсэн Л.Эрхбаатарын авлигын хэрэг замхарч, албан тушаалтайгаа зууралдаж байгаа нь хуульд нийцэх үү. ТӨХК-ууд авлигын эх уурхай, албан тушаалын наймаа болсныг ганцхан “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-аас харж болохоор байна. Учир нь, Л.Эрхбаатарын өмнө “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Чинбат нь мөн л авлигын хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, албан тушаалаасаа огцорч байсан билээ.

Л.ЭРХБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Л.Эрхбаатар нь “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2021 оны наймдугаар сард “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирлаар шилжин томилогдож байжээ. Харин шинэ албан тушаалд томилогдоод жилийн дараа хахуулийн хэрэгт холбогджээ. Архангай аймгийн гаралтай, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут нарын гарын хүн гэж ярьдаг ажээ.

1982-1992 онд Архангай аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1992-1996 онд Техникийн дээд сургууль, 2015-2016 онд Удирдлагын академийг төгсөж байжээ. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-д ээлжийн монтер, ээлжийн дарга, ээлжийн инженер, ахлах диспетчер инженер, инженерийн албаны дарга бөгөөд ерөнхий инженерийн орлогч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн 2013 онд “ Шарын гол “ ХК-ны захиргаа, аж ахуй эрхэлсэн дэд захирал, 2015 онд “ Шарын гол “ ХК-ний төр орон нутаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ. Түүнчлэн 2016 онд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүнээр томилогдож байсан аж. Харин 2017 онд Орхон аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны гишүүнээр сонгогдсон байна. Мөн 2017 онд түүнийг Алтангадас одонгоор шагнаж байжээ.

ХОМ: Л.ЭРХБААТАР 106 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ, 387 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар 2020 онд хөрөнгө оруулгын мэдүүлгээ дараах байдлаар өгч байжээ. Тодруулбал, жилийн 106 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 44 сая төгрөг. Нийтийн хоёр орон сууцтай бөгөөд 387 сая төгрөгийн үнэлгээтэй гэж мэдүүлжээ. Мөн 22 сая төгрөгийн үнэлгээтэй машинтай, 27 үхэртэй, 50 хоньтой, хурдан удмын дөрвөн адуутай ажээ. Эзэмших эрхийн дөрвөн газартай бөгөөд үнэлгээ нь 60 сая төгрөг гэнэ. 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 10 сая төгрөгийн хадгаламжтай, 50 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. “ЭСБА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ажээ.

www.ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *