Categories
мэдээ нийгэм

Шүүгч, Ерөнхий шүүгчийн шалгалтыг энэ сарын 15-д авна

Шүүхийн Мэргэшлийн хороо анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс энэ сарын 15-наас 19-ний өдрүүдэд шалгалт авна.

Хяналтын шатны буюу Дээд шүүхийн 2 шүүгчийн орон тоонд 7 хүн нэрээ дэвшүүлсэн бол давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 22 орон тоонд 33, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 14 орон тоонд 25 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3 орон тоонд 4, анхан шатны шүүхийн 5 орон тоонд 40 хүн нэрээ дэвшүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг шалгах, эрх зүйн тохиолдлыг шийдвэрлэх, эрх зүйн онолын болон Үндсэн хуулийн мэдлэг шалгах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд баримтлах ёс зүйн мэдлэг шалгах, эссэ илтгэх, Шүүгчээр ажиллах зан төлвийг тодорхойлох ярилцлага, Удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалт гэсэн 8 төрлийн шалгалт авах юм.

Харин Дээд шүүхэд нэр дэвшигчдийн тухайд эдгээр дээр Үндсэн хуулийн зүйл заалтад онолын тайлбар бичих, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт бичих шалгалтууд нэмэгдэж байгаа аж.

Дашрамд дурдахад, Шүүхийн Мэргэшлийн хороо 9 гишүүнээс бүрддэг бөгөөд тэдгээрийн олонхи нь хууль зүйн ухааны доктор цолтой, мөн Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр хүндтэй шүүгчид, их сургуулийн багш нар зэрэг хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай хүмүүс байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *