Categories
мэдээ нийгэм

Шуудангийнхан ажил хаяхаа мэдэгдлээ

“Монгол шуудан” ТӨХК гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр хууль бусаар улстөржин ажлаас нь халах Төрийн өмчийн тогтоол гарсантай холбоогоор тус компанийн 1000 гаруй ажиллагсдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Ц.Батсайхан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх захирал хийхдээ орлого, ашгийг сүүлийн хорин жилд байгаагүйгээр огцом өсгөж, зөв менежмент барьж, жирийн ажилчдынхаа цалинг гурван удаа шат дараатайгаар нэмэгдүүлсэн аж. “Монгол шуудан”-гийн харъяа Маркийн газрын дарга Д.Ганбат “Шуудангийн мянга гаруй ажиллагсад энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, суулт зарлаж, цаашлаад ажил хаяхад бэлэн нөхцөл байдал үүссэн учраас Ажилчдын түр хороо байгуулсан. Өнөөдөр энэ хүний ачаар ажилчдад ажиллах таатай нөхцөл байдал бий болсон. Өнгөрсөн жил манай байгууллага улсад хоёр тэрбум төгрөгийн татвар төлсөн. Улсын татаасаар ажилладаг байсныг болиулж 800 сая төгрөгийн ашигтай ажилласан” гэдгийг хэлж байна. УИХ-ын дарга З.Энхболд төрийн албан хаагчдыг улстөржиж халахын эсрэг хатуу тэмцэнэ гэж байсан ч ийнхүү улстөржсөн томилгоо хийж Ц.Батсайханы оронд ОБЕГ-т ажиллаж байсан Т.Дуламсүрэн гэгчийг тавихаар болсон байна. “Монгол шуудан” компани нь өнгөрсөн хугацаанд татварын тайлан хүргэж, гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг хүргэх үйлчилгээ, ложистикийн үйлчилгээ, онлайн маркийн худалдаа зэргийг нэвтрүүлэн орчин үеийн техникийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэрэг амжилттай ажилсан учраас дэлхийн 200 орноос шалгарч, олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байжээ. Өнгөрсөн жилийн байдлаар л гэхэд тус байгууллага 1,5 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүлсэн ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит цөөхөн компаниудын нэг юм. Гэтэл ийнхүү сайн ажиллаж байсан салбарын самууруулж, мэргэжлийн бус хүнийг тавихаар улайрч байгаад дургүйцсэн шуудангийн 500 ажилчны гарын бүхий хууль бус томилгоог эсэргүүцсэн өргөх бичгийг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад явуулахаар болжээ. Хэрэв тэд энэ бусармаг үйлдлээ эргэн харахгүй бол орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *