Categories
мэдээ цаг-үе

Шууданч тагтаа

Эртний грек, ромчууд мэдээллээ илгээхдээ тагтааг ашигладаг байсан бол Юлий Цезарь аян дайнд явах үедээ шууданч тагтааны тусламжтайгаар Ром хоттой холбоо барьдаг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дайны жилүүдэд ч шууданч тагтааг чухал даалгавар гүйцэтгэхэд ашиглаж байсан баримт цөөнгүй бий.

Тухайлбал, гаршуулсан 600 орчим шууданч тагтааг Дэлхийн I дайны үед Францад ашиглаж байжээ. Тэдгээр тагтаа нь мэдээлэл солилцож, цэргийн үүрэг гүйцэтгэхэд багагүй гавьяа байгуулсан аж. Тэднээс хамгийн баатарлаг үйл бүтээж алдаршсан нь Шер Ами тагтаа юм. 1918 онд дайны гол цэг Вердуна дүүрэгт арван удаа нэвтэрч, 12 чухал мэдээ мэдээлэл дамжуулжээ. Шер Ами сүүлчийнхээ даалгаврыг 1918 оны аравдугаар сарын 4-нд, Аргоны төлөөх тулалдааны үед хийсэн гэдэг. Цэргийн анги бүслэлтэд орж, хошууч Уиттлси шууданч тагтаа Шер Амийн хөлд захидал зүүн нисгэсэн байна. Тагтаа цээжиндээ хүнд гэмтэн нэг нүд нь сохорч, нэг хөл нь тасарсан ч фронтын шугамд нэвтэрч чаджээ. Шууданч тагтааны энэхүү баатарлаг үйл нь 77 дугаар явган цэргийн батальоны 194 цэргийн албан хаагчийн амийг аварсан байна. Францын эрэлхэг тагтаа “Croix-де-Guerre” цол хүртжээ. Мөн тагтааг эмчилж, модон хөл хийж өгсөн ба жилийн дараа тэрээр үхсэн байна. АНУ-ын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнд Шер Амигийн чихмэл “Эрх чөлөөний үнэ цэнэ: Дайны үед америкчууд” нэртэйгээр тавигдсан байдаг аж.

Мөн Их Британийн арми Дэлхийн II дайны үеэр 250 мянга орчим тагтааг шуудан хүргэгчээр ашигласан баримт байдаг аж. Хоёрдугаар дайны үеийн Коммандо хэмээх Их Британийн тусгай зориулалтын тагтаа түүхэнд үлдсэн байдаг. Цэрэг Жо онгоцоор нисч, мэдээллээ цагтаа дамжуулахыг хүссэн ч чадаагүй байна. Харин Коммандо тагтаа 20 бээрийн газарт 20 минутын дотор хэл хүргэж амжжээ. 1945 онд тагтаа эр зоригийн медаль болох Дикиний нэрэмжит медалиар шагнагдсан нь хожим 2004 онд 17500 доллараар зарагдсан байна.

Английн Саррейд нэгэн байшингийн яндангаас шуудан зөөгч тагтааны дайж явсан хоёрдугаар дайны үеийн захиаг олсон байна. Уг захиаг нууц кодоор бичсэн байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Энэхүү код нь таван үсэгтэй 27 бүлэг кодоос бүрдсэн гэнэ. Тус захиа нь Английн Харилцаа холбооны газарт хүргэгдсэн бөгөөд одоогоор хэн ч тайлж чадаагүй байна. Захиаг бага түрүүч В.Скотоос хэн нэгэн Х02-т хаягласанбайжээ. Магадгүй кодын нууцыг хоёрхон хүн ч мэддэг байсан байх боломжтой аж. Мөн Колумбийн шоронгийн хоригдлууд хар тамхины бүлэгтэйгээ шууданч тагтаагаар харилцдаг байжээ. Шууданч тагтаа нь өнжөөд л хар тамхи, гар утасны сэлбэг зэргийг авчирдаг. Гэтэл нэг удаа хэтэрхий их ачаатай ирээд үүнийгээ дийлэлгүй камерын цонхоор орж чадалгүй шоронгийн захиргааны үүдэнд унаснаар энэхүү хэрэг илэрчээ.

Сонирхуулахад шууданч

тагтааны нэгэн дуудлага худалдаан дээр Бельги улсын “Цэнхэр хунтайж” нэртэй тагтаа нь 200 мянганам.доллар хүрч байжээ. Мөн тэрхүү арга хэмжээн дээрх нийт тагтаа 1.8 сая долларын үнэд хүрсэн байна.

Харин өнөө үед шууданч тагтаа нь спорт тагтаа гэсэн нэгэн үүлдэр болжээ. Дэлхийн зарим оронд тус үүлдрийн тагтааг хамгийн хурдан хугацаанд үүрэндээ ирж байгааг нь шалгаруулж, тэмцээн зохиодог байна. Энэ нь Бельги, Голланд, Хятад улсад илүүтэй хөгжсөн байдаг аж. Тус уралдаан нь сүүлийн үед улам боловсронгуй болж спорт тагтаанд дөрвөнграммын жинтэй GPS суулгадаг болжээ. Энэ нь тагтааг ямар замаар, байгалийн үзэгдлийг хэрхэн даван туулж үүрэндээирж байгааг харах боломжтой гэнэ. Монголд ч гэсэн спорт тагтааг тэжээдэг хүн цөөнгүй байдаг байна.

Спорт тагтаа сонирхон үржүүлдэг Д.Мөнхжаргал 10-аад тагтааг БНХАУ-аас авчирчээ. Энэ тагтаа нь бие бялдрын хөгжил сайтай, хол зам туулах тэсвэр, тэвчээртэй гэнэ. Төрөлх шинж чанараараа, уугуул нутгаасаа хэдий холдсон ч хэдэн мянган бээрийн алсаас буцаж нисэн очдог байна. Ердийн тагтааг тэжээхэд үүрээ олох чадвар маш муу байдаг бол шууданч тагтаа нь хамгийн дээд талдаа 2000 гаруй километр зам туулсан тохиолдол ч байдаг аж. Ингэж сургахын тулд тагтааг нутагшуулж, үндсэн үүр байгаа газарт нь сайтар дасгадаг байна. Дассан газраа ирж буй энэхүү үйлдлийг шинжлэх ухааны үүднээс нүдний хараа, сонсгол, долгион зэрэг нөлөөлдөг хэмээн хэд хэдэн таамаг дэвшүүлдэг талаар Д.Мөнхжаргал ярьсан юм. Шууданч тагтаад 5-6 граммын жинтэй илгээмжийг дайх боломжтой ажээ. Харин Д.Мөнхжаргалтагтаануудаараа хараахан захиа зөөлгөж үзээгүй байгаа гэнэ.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *