Categories
гадаад мэдээ

Шууд л тэрбумтан болох боломж өнөө шөнө нээгдэнэ

Хойд Америкийг бүхэлд нь “галзууруулж” буй сугалааны тохироо маргаашийн өглөө буюу Нью Йорк хотын цагаар өнөө оройны 22-оос хойш зарлагдах болно. Учир нь энэ цагаас эхлэн бооцоо тавьсан хуудаснуудыг хүлээн авахаа зогсоох бөгөөд одоогийн байдлаар 1.5 тэрбум ам. долларын шагналын сантай болтлоо өсчихсөн байгаа Powerball-ын “хүүдий” дахиад 100-200 сая ам. доллараар нэмэгдэх боломж үүсээд байна. Учир нь Powerball-ын дүрэм ёсоор түүний сугалааг худалдаж авсан хүмүүсийн тооноос шалтгаалан шагналын сан нь нэмэгдэж байдаг гэсэн бөгөөд тоог нь таагаагүй тохиолдолд уг шагнал хадгалагдан дараачийнхаа тохирол руу шилжин шагналын хүүдийг улам зузаатгаж байдаг гэх юм. АНУ-ын түүхэнд байгаагүй ийм өндөр шагналтай болсон Powerball-ын сугалааны дүрэм энгийн бөгөөд аль ч улсад байдаг бинго тоглоомтой ойролцоо журмаар явагдана. 1-69 хүртэл тоотой цагаан шаарнаас тавынх нь тоог, 1-29 хүртэл тоотой улаан шаарнаас ганцыг гээд нийт зургаан тоог зөв тааж Америкийн муж болгоны худалдаа, үйлчилгээний цэгүүдэд зарагдаж буй тусгай хуудас дээр бөглөх юм. Тэгээд зурагтынхаа өмнө суугаад аз ивээгээсэй хэмээн залибарч суух хэрэгтэй. Зургаан тоог таах боломжийг 292 сая үйлдэлд ганц гэж тодорхойлдог ч гэлээ шагналын сан ихсэх тусам оролцогчид улам олширч хүрээ нь Америкаар тогтохгүй тэлдэг гэсэн.

Powerball-ын түүхэнд 2006 онд найман хүн зургаан тоог зэрэг тааж шагналаа хуваан авч байсан бол 2013 онд 400 сая ам.долларыг нэг азтан тааж ганцаараа “баяжиж” байжээ. Энэхүү жэкпоотыг хожсон азтан аль мужид бүртгүүлснээсээ шалтгаалан тэр мужийнхаа хуулийн дагуу гуч хүртэл хувийг татварт хураалган үлдсэнийг нь өөртөө үлдээх боломжтой.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *