Categories
мэдээ нийгэм

ШУТИС дэргэдээ Хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь цоожлох, хараа хяналтгүй орхихсноос гэмтэж бэртэх, сургуульд ороод сурлагаар хоцрох тохиолдол цөөнгүй гарах боллоо. Зарим мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Бага насны хүүхдийг эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд асран хамгаалах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, сурч боловсруулах чухал үүргийг цэцэрлэгийн хамт олон хүлээж байдаг. Дээрх чухал асуудал ШУТИС-ийн багш нарын дунд ч байсан юм. Гэтэл өнгөрсөн намраас ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль(БуХС)-ийн багш нар хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг санаачлан их сургуулийн удирдлагуудад танилцуулжээ. Сургуулийн удирдлага цэцэрлэг байгуулах асуудлыг дэмжин хүлээн авч ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсэг ШУТИС-ийн дэргэд цэцэрлэг байгуулах тооцоо судалгааг бүрэн хийж гүйцэтгэн Их сургуулийн захирлын зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлж цэцэрлэг байгуулах ажилдаа оржээ.

Цэцэрлэгийг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Оюутны дотуур байрны ашиглалтгүй байсан 276 м2 талбайд шинээр засвар хийж тохижуулан байгуулахад тус сургуулийн бүрэлдэхүүн сургуулиас мөнгөн тусламж үзүүлжээ. Мөн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн багш нар хүүхдийн цэцэрлэг байгуулахыг дэмжиж олон багш, ажилтнууд нар нь нэг өдрийнхөө цалинг хандивласнаар цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоом, хичээлийн хэрэгслийг худалдан авчээ. ШУТИС-ийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нь Нийслэлийн тэргүүний 22 дугаар цэцэрлэгийн харьяанд үйл ажиллагаа явуулах бөгөөд одоогоор тус цэцэрлэгт 70 хүүхэд хамрагдаад байна. Улсын цэцэрлэгийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдүүдийн эцэг эхээс ямар нэгэн төлбөр авахгүй ажээ.

ШУТИС-ийн хүүхдийн цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн II хороонд байрладаг. Энэ цэцэрлэгт зөвхөн ШУТИС-ийн багш, ажилчдын хүүхдээс гадна тухайн хорооны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд болон зарим оюутны хүүхдүүд ч хамрагдсан байна. Цэцэрлэгийн нээлт өчигдөр болж БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн тэргүүний 22 дугаар цэцэрлэг, ШУТИС-ийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэвэлмаад ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат цаашдын ажилд нь амжилт хүсч алд цэнхэр хадаг цагаан идээний дээдийг өргөн барив. Мөн ШУТИС-ийн төв номын сангийн захирал Ч.Гулнар, Шинжлэх ухаан технологийн Ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох нар ном, зурагт үзүүлэн, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлэглэв. Тус цэцэрлэгийг байгуулахад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд идэвхтэйоролцжээ. Тухайлбал ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн тус цэцэрлэгийн хүүхдүүдийн сандал, ширээг цэвэр модоор хийж нийлүүлсэн байна. Мөн тус цэцэрлэгийн гал тогоо, ариун цэврийн өрөөнүүдийг орчин үеийн өндөр түвшний стандартад нийцүүлэн зохион байгуулсныг нээлтэд оролцогчид онцолж байлаа.

Цэцэрлэгийн талаар болон сургуулийн багш нарын нийгмийн асуудлаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Захирал Б.Очирбаттай ярилцлаа.


-Цэцэрлэг байгуулах санаа хэрхэн төрсөн бэ. Энэхүү санаагаа хэрэгжүүлэхэд хэдий хугацаа зарцуулсан бэ?

-ШУТИС-ийн багш, ажилтнуудын өөрсдийн санаачлагаар энэ цэцэрлэгийг байгуулсан гэж хэлж болно. Багш ажилчид өөрсдөө баг байгуулаад “Ер нь ШУТИС-ийн багш ажилтнуудын хүүхдүүдийн цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ ямар байна вэ. Их сургуулиа түшиглээд цэцэрлэг байгуулах боломж байна уу” гэдэг санаачлага, эрэл хайгуул хийсэн байгаа юм. Ялангуяа манай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш нар идэвхтэй ажиллаад өөрсдийнхөө саналыг их сургуулийн захирлын зөвлөлд танилцуулсан. Тэдний саналыг бид сонсоод үзэхэд хийж хэрэгжүүлж болохоор зөв зүйтэй санал байсныг захирлын зөвлөл шууд дэмжсэн. Албан ёсоор Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг богино хугацаанд цэцэрлэгт шаардлагатай бүх үндэслэл тооцоо судалгаа зэргийг боловсруулаад БуХС-ийн дэргэд байгаа Оюутны байрны хоёр давхрын тэр хэсэгт цэцэрлэг байгуулах хамгийн тохиромжтой, шаардагдах хөрөнгийн тооцоог судалж танилцуулсан. Ингээд захирлын зөвлөлөөс цэцэрлэг байгуулах шийдвэрийг гаргаж ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуульд өөрийн хувь нэмрээ оруулж, багш ажилтнууд сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа хандивлан энэ цэцэрлэгийг хамт олныхоо хүчээр богино хугацаанд байгууллаа.

-Цэцэрлэг байгуулахад төрийн байгууллагаас ямар зөвшөөрөл авдаг вэ. Зөвшөөрөл авсан байгаа юу?

-Цэцэрлэг байгуулахад нэлээд олон зөвшөөрөл авдаг. Тухайлбал БСШУСЯ, Мэргэжлийн ханалтын газар, БЗД-ийн боловсролын хэлтэс гэх мэт. Хамгийн боломжтой ажиллах арга зам юу байна гэдгийг судлаад Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 22 дугаар цэцэрлэгийн салбар хоёр анги байхаар ярилцаж тохиролцож энэ асуудлыг шийдвэрлэсэн. Бидний саналыг БЗД-ийн боловсролын хэлтэс, 22 дугаар цэцэрлэгийн удирдлага маш сайхан найрсгаар хүлээн авч бидэнтэй хамтран ажилласан. Ингэснээр цэцэрлэгийн хувьд тусгай зөвшөөрөл, хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж авч явах энэ бүх асуудал нааштай шийдэгдсэн. Энэ нь бидний хувьд ч гэсэн урам зориг өгсөн сайхан ажил боллоо. Өчигдрийн нээлтэд БСШУСЯ-ны удирдлага, Нийслэл хотын удирдлагууд ирж оролцож цаашдаа цэцэрлэгийн үйл ажиллагааг төр засгаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд би баяртай байгаа.

-ШУТИС олон бүрэлдэхүүн сургуультай. Эдгээр сургуулиуд өөр өөр дүүрэг, хотод байдаг. Тэр сургуулиудад цэцэрлэг байгуулах төлөвлөгөө байгаа юу?

-Хан-Уул дүүрэгт Механик тээврийн сургууль, Баянзүрх дүүрэгт Мэдээлэл, холбооны технологийн сургуулиудад ажиллаж байгаа багш, ажилтнуудын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судална. Тэр алслагдсан дүүрэгт байгаа хичээлийн болон оюутны байрны зарим ашиглалтгүй байгаа хэсгүүдийг энэ жишгээр засаж тохижуулаад цэцэрлэгийнхээ бүлгүүдийг өргөтгөж ахиад цэцэрлэг байгуулах боломжийг судална. Ер нь бол бидэнд нөөц боломж байгаа юм байна гэдгийг олж харлаа. Манай их сургууль 2100 гаруй багш, ажилтнуудтай том айл. Багш, ажилтныхаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулснаар тэднийгээ ар гэрийнхээ асуудалд санаа зовохгүй ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх юм. Хүүхдүүдийг хүмүүжүүлэх сургах ажил маань багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид энэ бодлогоо хэрэгжүүлнэ.

-Багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өмнө нь 180 айлын орон сууц барьсан. Одоо цэцэрлэг байгуулж байна. Цаашдаа энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Их сургуулийн багш, ажилтнуудад нийгмийн хэд хэдэн тулгамдсан асуудал байгаа. Бид орон сууцжуулах асуудлыг хэдэн жилийн өмнөөс бодлогын түвшинд авч хэрэгжүүлсэн. БуХС-ийн байгаа байрны хашаанд 180 айлын орон сууц байгуулж ашиглалтад оруулсан. Энэхүү байгуулсан цэцэрлэг маань 180 айлын орон сууцны дэргэд байгуулсан болохоор тэнд амьдарч буй багш, ажилтнуудын хүүхдүүд түлхүү хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Багш ажилтны орон сууцнаас гадна цалин хөлс, хангамж, эрүүл мэндийн асуудал бий. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед манай багш нар банкны зээлтэй нөхцөлд амьдарч байна. Багш ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийлгэх асуудлыг бодлогын түвшинд авч үзэж байгаа. Багш ажилтнуудаа хоёр жил тутамд эмнэлгийн үзлэгт хамруулдаг байсан. Тэгвэл одоо тэднийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг болох юм.

Тун удахгүй манай сургууль ирэх 2018 оны төсөв төлөвлөгөөг батлуулах гэж байна. Энэ хүрээнд аль болох багш, ажилтнуудын орлого, цалин хангамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Багш нарын мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд нь тусгай бодлого гаргаж дорвитой алхам хийхээр бодож байна. Үүнд манай багш ажилтнуудын хувьд дутагдаад байгаа гадаад хэлний мэдлэг, ур чадвар, харилцаа, багаар ажиллах ур чадвар гэх мэт хувь хүний хөгжил төлөвшилд нь анхаарсан тийм мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжинэ. Ингэснээр багш, ажилтнуудын ажиллах амьдрах аятай тухтай нөхцөлийг бүрдүүлж байгаа нийгмийн талаас нь харсан арга хэмжээ болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *