Categories
мэдээ цаг-үе

“Шөнийн талд адуу янцгаана” найргийн шүншигтэй Долгорын Нямаагийн сургууль

Өнгөрөгч жилийн есдүгээр сарын эхээр “Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа” хэмээх хөрөг нийтлэлийг “Өдрийн сонин”-доо гаргаж, яг тэр үед Нямаа ах минь ханийнхаа нутаг баруун Алтайн цаст цагаан Цамбагаравын бэлд зогсож байсан сан. Өндөр их уулсын хормой бэлээс утсаар холбогдон “Чи яахлаараа үе үе намайг ингэж дэвэргэж байдаг юм” хэмээн сэтгэл хангалуун хэлээд хоёул удтал ярилцан Цамбагаравын үүлс хуралдсан оройн цангинам цагаан салхийг зүрх рүү нисгэж байлаа. Гэтэл ердөө ганцхан жилийн дараа, энэ намрын есдүгээр сарын гуравны ерөөл билэгт өдөр өсч төрсөн Өлзийт сумынх нь сургууль дэлхийн гарамгай найрагч хүүгийнхээ нэрэмжит болсон ёслолд оролцсон минь баяртай ч юм шиг, гунигтай ч юм шиг л байсан даа.

Нямаа ахыгаа тэсгэл алдан санахад намрын хонгор говь манхан хөх тэнгэр нь хань болж, сумын суурингаас энүүхэн баруунтайд Дэл Хөнжлийнх нь уулс хөглөрч, онгод билгийнх нь оргил шүтээн Хонгор хайрхан нь дурайж байгаа даа гэж бодохуйд өвчүүн цаадах хөндүүр эрхгүй зөөлрөн байлаа. Тийм ээ, тэр нэг намрын бас л есдүгээр сарын уйтан бороотой өдөр Баянхайрхан буюу Хонгор хайрханд нь хамт ирээд, хүйг нь цөглөсөн Хирс таван толгойн Үүдэн бууцан дээр нь сэржим өргөөд сэтгэл гээч чинь халгин цалгиж байхдаа “Он жилийн дараа таныг эзгүйд Баянхайрхныг тань зорин ирж санасан сэтгэлээ тайтгаруулах юм шүү” хэмээн хэлэхэд “их баярлалаа” гэж билээ. Тэр үгийг нь нутгийнх нь тэнгэр дор, долоон бурхан мэлтийсэн говийн тунгалаг шөнө бодмоглож санан санаж зогссон. Өр зөөлний туйл, гүн утгын төгс илэрхийлэл чухамхүү тэнгэрийн хаяа мэт зах хязгааргүй агуу ертөнц Долгорын Нямаа минь. Ямархан хувь заяаны ерөөлөөр тантай хүмүүний амьдралын сөөм хэртэй даанчиг богинохон цаг мөчид ах дүү шиг, анд нөхөд шиг явсан юм бэ. Дэлхийн найрагчтай дөрөө харшуулж, сэтгэл сэтгэлээ таньсан Галбын говийг би зүрхэндээ хайрланам.

Хоёр мянга долоон оны намар сан. Арлааны Эрдэнэ-Очир ах хэдэн хайртай найрагчаа дагуулаад Хатны булаг, Эргэлийн зоонд очсон юм. Тэр хэд нь хэн бэ гэвэл төрийн шагналт Долгорын Нямаа, Монголын их утга зохиолд өмнийн шаргал говийг нургилуулан яваа халуун говийн Хархүү буюу Эрэнжидийн Хархүү, “Сутайн цагаан салхи дөрвөн сумын нутагт салхилна Сутайн цагаан үүл дөрвөн сумын нутагт зүмбэртэнэ, онгоц нисэхэд далавчийг нь цантуулж байдаг…” хэмээх омог төгөлдөр Сутай хайрхны хүү Бямбажавын Хүрэлбаатар гэсэн аваргууд байлаа. Хүрлээ ах минь замд Сулинхээрт алба хааснаа ярьж “Сул хээр морьд нь ар араасаа давхилдах шиг Сулинхээрийн хязгаар адуун цэнхэр зэрэглээтэй” хэмээн уншихуйд Нямаа найрагч “Энэ шүлгийг шууд баталъя” хэмээн сэтгэл долгилон явсан намрын тэр өдрүүд насны минь баясгалан байж дээ. Хатанбулагт суугаа Сономын Чулуун найрагч түүчээлэн их говийн цагаан өвчүү Эргэлийн зоон дээр гарахад тэргүүн овооных нь өмнө Нямаа ах сөхрөн унасан юм. Хатанбулагаас ирсний дараахан их зохиолчийн “Тэнгэрийн хаяа”-тай золгож, “Бор нялхсаа гангануулан ботго тэмээдээ гунгануулан” явж туулсан Галбын говийнх нь нүүдэлд оюун санаагаараа агсагдан жаргасны учир Эргэл хайрханд сөхрөн унасных нь шүншиг ерөөлийг ойлгосон. Тэрээр “Галбын говийн нүүдэл надад уянгын сэрэл мэдрэмжийг төрүүлсэн” гэж хэлэх дуртай сан.

Сүм суварга, Гурван хасар, Эргэлийн зоо, Ухаа заг, Онгон саглагар гээд газар усны нэр дөчин дөрвөн оны алдарт мичин жилийн зудны их нүүдэлд дөрөв, тавхан настай хүүгийн сэтгэлд тодоос тод үлджээ. Түүгээр ч үл барам, Зах гурван зээмэг, Заг сүүжийн говь, Модон тоонотын гол, Хаяа гурван бөхтэй, Цахиур таван толгой, Хярын гурван алтгана, Ингэн сэвстэй гэхчлэн ямар нэг шүлэг дууны нэр шиг сонсогдох говийн уул ус яруу найргийнх нь сэрэл мэдрэмжийг хөглөж, бүтэн амьдралынх нь туршид бүлээн бороо шиг сэлбэж явах ерөөл оршино чинээ хэн санах билээ дээ. Энэ л тэнгэрлиг нүүдэл бодол оюунд нь тэнгэрийн хаяаг суулгаж өгсөн нь учиртай. “Холын холд тэнгэрийн хаяа газардаж, холхи хөндийн цэнхэр хязгаар алдрана, Тэмүүлсэн сэтгэл түүний дээгүүр цойлж, тэмдгэн төдий үүлэн цөвдлийг ч давна” гэж тунхаглах аугаа их хүчийг Галбын говийн нүүдлээс мэдэрсэн ажгуу.

Найрагчийн гэргий Зулын Отгонбаяр Зориг, Тэмүүжин хөвгүүд, охин Хулангаа дагуулаад ханийнхаа нэрэмжит сургуулийн нээлтэд хүрэлцэн иржээ. Отгонбаяр эгч тэртээ хоёр мянга нэгэн онд ханьтайгаа төрөлх нутаг Ховдын Эрдэнэбүрэнгийн сургууль Монгол Улсын гавьяат багш Цагаанхичиг ахынх нь нэрэмжит болоход оролцож байсан түүхтэй. Тэгвэл арван долоон жилийн дараа Өлзийтийн сургууль ханийнх нь нэрэмжит болоход үр хүүхдүүдээ дагуулан ирж, утга зохиолын үе үеийн төлөөллийн хамт ёслолын алтан туузыг хайчлан зогсоно гэдэг нэгэн бодлын сайхан юм аа. Аавынхаа нэрэмжит сургуулийн нээлтэд том хүү нь баярын үг хэлж аавынхаа гарын үсэгтэй, мөн Монголын сор болсон зохиолчид, утгын их мэргэдийн халуун сэтгэлийн үгтэй бүтээлүүдийг сургуулийн номын санд хүлээлгэж өгч буйгаа дуулгасан. Их мэргэдийн халуун сэтгэлийн үгтэй гэдэг нь Нямаа зохиолчид дурсгасан номуудыг тодотгож буй юм. Нямаагийн Зориг бол “Санаж яваарай” кинонд хоёр ихэр залуугийн дүрийг бүтээж, Санжийн Пүрэвийн “Загийн алим”-д Ханбүргэдийн дүрээр мөнхөрсөн манай дунд үеийн золбоотой жүжигчдийн нэгэн яах аргагүй мөн.

Далан жилийн тэртээ Нямаатайгаа хамт бага сургуулийн босго алхаж байсан эдүгээ наян настай Цэенпилийн Цагаанмаам ангийнх нь “охин”-ы хувьд үг хэлж, хүндтэй зочдын нэгэн байлгүй яахав. Төрийн шагналт найрагч анхны шүлгээ бичсэн дурсамждаа “Багш Цагаанмаамын шүлгийг сайн болж, харин миний шүлгийг сонирхолтой болжээ гэж хэлсэн” хэмээн дурссан. Тэгвэл Цагаанмаам гуай “Би Нямаагийнхаа урд нь байтугай ард нь бараа сураггүй хүн шүү дээ. Манай Нямаа дэлхийн дайдад гарсан хүн” гэж айхтар цэцтэй үг хэлнэ билээ. “Дэлхийн дайдад” гэж сонсоод баяр төрөөд явчихаж байгаа юм. Цагаанмаам гуайн ярианаас улбаалаад сургуульд байх үеийнх нь дурдатгал цээжнээ тодроод ирэв. “Намар намрын цагт сургуульд мордоод явахад хоёр нүдийг нулимс бүрхээд харж болохгүй болохоор нэлээн холдож байгаад эргэж харахад хойноос ээж минь сүү өргөөд бөмбийн цайвалзах гэрийнхээ гадаа бөртийтөл ганцаар зогсож үлддэг нь санаанаас гардаггүй. Анх сургуульд явсан намар “Гадаа дуу нь гарах шиг санагдаад гарч хардаг байж билээ. Тэгэхэд шонгийн хэцэн дээр ирж суусан бялзуухай шувуу жиргэсэн байдаг” гэж ээж минь хэлдэг сэн” гэж бий. Дэлхийн найрагч тэрээр ижийдээ зориулж нэгэн сайхан ном бүтээсэн. Түүнд нь “Үе үе ээжийнхээ тухай бодоход салхи сэрж бостол исгэрээд хонь хяргаж суудаг нь, ботгоо голсон ингийг уяртал хөөсөлж зогсдог нь, шинэ дээл эсгэдэг нь, бурантаг томж угалз оёдог нь, нүүдэлд ачаа хөтөлж явдаг нь сөхөрч суугаад хурууд зүсдэг нь, хонин тогоо дүүрэн сүү хөөрүүлээд тоононд тулдаг самардаг нь харагдаад байдаг. Ээжгүй болсон анхны өдрөөс “Миний хүү” гэдэг эрхэм цолыг би үгүйлж эхэлсэн. Хүний хүүгийн хувьд эзэнгүй амьтан шиг болж орхив. Үүнээс илүү гарз гэж юу байх вэ” гэх зүрх уярмаар амин халуун холбоосууд олон бий дээ.

Сургуулийн нээлтийн үеэр түүх дурсгалын хосгүй үнэт өв Дэл уулынхаа элгэн хадыг эмжээрлэн дөч гаруй жил тэмээ маллан нутаглаж байгаа Сумъяагийн Батбуян ахтай мэнд усаа мэдлээ. Зэлэнд уяатай хэдэн ботго нь намрын зүсрээ бороонд налмайтал норчихсон тэр нэг жиндүүхэн үдэш гэрийнх нь босгыг алхсан сан. Долгорын Нямаа, Дэл уул гэхээр л амиа тавьдаг Бичээчийн Батмөнх, Батбуян гурав Хатайрын Хөнхөр гэж Дэл Хөнжлийн адуучин, заг бударганат говийн малчны гурван хүү билээ. Тэр тухай миний бие “Баянхайрхны бараа буюу Долгорын Нямаагийн тоонот” аян замын тэмдэглэлдээ бичиж байсан удаатай. Ерэн оны зургадугаар сард Дундговьд хэд хоног амрахдаа Нямаа ах аавтайгаа уулзсан гэдэг. Хавар нь ажлаасаа халагдсан үе нь. Гэхдээ аавдаа тэр тухай дуулгаагүй байна. Аав нь хөх торгон даалин бэлэглээд “Хүү минь чи үүнийг хадгалж байгаарай. Битгий хаяарай. Хүнд битгий өгөөрэй. Хар тахиа жил чамд хэрэг болж юун магад” гэжээ. Ерэн гурван онд мань хүн Зохиолчдын хорооны дарга болж, түүнээс нэг сарын дараа Балжирын Догмид, Зундуйн Дорж нартай хамт Монгол Улсын төрийн шагнал хүртэж, Цэвэгжавын Хасбаатар гуайн хэлснээр од нь гийсэн жил байсан гэнэ. Энэ бүхнээ Нямаа ах аавынхаа өгсөн хөөрөгний даалин, өнөө хар тахиа жилтэй нь холбодог. Аав минь мэрэгч төлөгч хүн байсан гэж ярьдаг нь бас учиртай.

Нямаа ахтай нэг эцгийн хөвгүүд болох Батмөнх, Батбуян хоёр бол Буянтын сүүж, Хөөвөрийн голоор хүрэн улаан тэмээд нь багширч байдаг Хүүхнүүдийнхний удам ургийн хүмүүс юм. Дэжийн Сундуй гэж айлын зургаан эмэгтэй өсөх наснаасаа өтөл насаа хүртэл нэг дор бөөгнөрөн нутагладаг байснаас тэднийг нутгийн зон олон нь Хүүхнүүдийнхэн хэмээн нэрлэх болжээ. Энэхүү Хүүхнүүдийнхний удмаас Монгол Улсын арван ес дэх Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт төрсөн билээ. “Хэлтэс” Дашдаваа гэж хүний долоон хүүхдийг нутгийн олон “Их долоо” гэж хэлдэг юм билээ. “Их долоо”-гийн том охин Орго Ерөнхий сайдыг төрүүлсэн ачтан. Том хүү нь Монгол Улсын Их сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан нэрт эрдэмтэн Хүүхэнбаатар. Дэл уулын шүншиг оршсон эл эрхэм эдүгээ цагийн түүхийн шинжлэх ухааны оргилууд болох академич Жигжидийн Болдбаатар тэргүүтэй судлаачдыг төрүүлсэн ачит багш юм. Харин “Их долоо”-гийн хамгийн бага нь Дашдаваагийн Отгонбаатар гэж Цоодол багшийн хэлдгээр сэтгэлийн хэц нь мэдрэгдэхээр аралтай сайхан эр нутгийн зохиолчийнхоо нэрэмжит сургуулийн нээлтэд дүнжгэрхэн оролцсоон. Генетикийн нарийвчилсан судалгааны бүтээлээрээ Ерөнхий сайдын оюуны өмчийн номер нэг гэрчилгээг авч байсан эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор. “Долгорын Нямаагийн багш” гэж сонин хэвлэлд хүртэл цоллуулж явсан Жуужаа хэмээх буянтай сайхан буурал гавьяатын тэмдгээ авч, төрдөө үнсүүлээд буцсан даа. Мөн л “Их долоо”-гийн нэгэн юмсан.

Долгорын Цэнджав нэгэн цагт Сономын Удвал гуайн, Лодонгийн Түдэв гуайн удирдаж ирсэн Монголын зохиолчдын эвлэлийн даргын албыг аваад анхны томилолт нь Дундговь нутгаасаа тэр тусмаа Долгорын Нямаагийнхаа нэрэмжит эрдмийн сургуулиас эхэлсэнд бид бүхэн бэлгэшээж явлаа. Нямаа ах ч ялгаагүй ээ, Зохиолчдын хороог удирдаж өөрийнх нь хэлснээр “Хөсөг хөтөлсөн он жилүүд”-ийн эзэн явсан. Саруулдалай найрагчтай тэр жилийн намар Монголын зүүн хязгаарыг зорьж Алтан-Овоо, Дарьганга, Шилийн богдод хамт очин Дарьгангын соёлын төвд Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит наадмын тайзнаа хамт зогсож байсан сан. Хатгины шар талын халиун хонгор намрыг хамтдаа мэдэрч, Эрдэнэцагааны шар торго дэвссэн талын хонгор уул Зотол ханы тэргүүн дээр дорно зүгийн салхинд илбүүлж, улмаар Дамдинсүрэн гуайнхаа нутаг Матадад хоноглон цааш галигуулж Мэнэнгийн талыг туулан, Хэрлэн мөрнийг огтолж, Чойбалсан хотод аяны цулбуур татаж байсан удаатай. Өнгөрөгч хавар эх орныхоо баруун хязгаарт мөн л хамт очиж Алтай Таван Богдын алтан бэл Ховд голын хөвөөнөө Баян-Өлгийд Наурызынх нь баярын өмнөх өдөр буюу гуравдугаар сарын хорин нэгэнд дэлхийн яруу найргийн өдрөөр онгоцноос бууж байлаа. Тэгвэл энэ удаа Долгорын Нямаа ахынхаа нутагт сэтгэл элгэмсч явсан минь сайхан байхаас яахав.

Өлзийт сумын соёлын төвд Долгорын Нямаагийн нэрэмжит сургуулийн эрдмийн баярын нээлтэд зориулсан зохиолч уншигчдын уулзалт боллоо. “Намрын өнгө орлоо, ээж ээ”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” гээд олон гоёхон чиг дууны эзэн, энэ цагийн намуун зөөлөн найрагч Намбарын Пүрэв шүлгээ уншлаа, залгуулаад Арын хангай нутгийн авьяас билигт хүү Минжинсайхан дөнгөж дөрөө мултлах зуураа тэрлэсэн “Ням ахын нутагт” хэмээх шинэхэн шүлгээ уншсан нь олны талархлыг бүр чиг хүлээлээ. “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” гэх тансаг дууг нь Андрейн Сүглэгмаа найрагч эрхэмсэг ялдамхан дуулсан нь бас нэгэн шигтгээ мөн байв. Нямаа ахынхаа төрсөн нутгийн клубт халамжит сайхан ханьтай, хоёр сайхан хүүтэй нь, дөрвөн хүүгийнх нь араас хүслэн болж мэндэлсэн амины ганц эрх хонгор охинтой нь, нутгийн зон олонтой танц гишгэж байхдаа юу эсийг бодох билээ.

Дорнын говийн хаяа хязгаар суурин Хатанбулагийн соёлын төвд хоёул зэрэгцэж суугаад яг л энэ халуун үдэш шиг зохиолч уншигчдын уулзалтын дундуур Чойжилын Чимидийнхээ гэрэлт дүрийг ургуулан дурсаж билээ л. Та Чимид гуайн хөргийг яг л шүлэг бичсэн, “Бодол болсон талын дээгүүр намрын салхи дүүлж байна” хэмээн уншаад зохиолч зохиолчийнхоо тухай ингэж л нандин сайхан бичдэг байх даа гэж сэтгэл хөдөлсөн шүү гэхэд “Яруу найрагч болохоор чамд бүр чиг сүрхий буусан байх л даа. Өнөөдөр Монголын соёл урлаг, утга зохиолын ертөнцөд Чимидийн орон зай үгүйлэгдэж байна. Чимид бол бие хаа царай зүсээрээ ч, бүтээл туурвилаараа ч, туулж өнгөрүүлсэн он жилүүдээрээ ч үнэхээр том амьтан байсаан. Чиний багш Дөнгөтийн Цоодол л бараадаж очиж мэдэх юм” гэж хэлсэн нь санаанд ургаастай үлджээ. Чимид гуай нэгэнтээ “Би бол ганцхан шүлэгтэй л хүн. Харин жүжиг киногоор ярина шүү” гэж хэлсэн гэдэг. Ганцхан шүлэгтэй гэдэг нь “Би монгол хүн”-ээ хэлж байгаа хэрэг. “Нэг л шүлэгтэй гэдэг нь надад сонин санагддаг байлаа. Яруу найргийг хичнээн өндөрт тавьж боддогийн жишээ гэмээр юм уу даа. Тийм хүн ер бидний дунд олон байдаг сан билүү” гэсэн Ням ахын бодлогоширсон царайнаас нь олон зүйлийг сэжим уншигдах шиг болсон юм.

Дундговь аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч Жанлавын Мөнхтөрийг Дооровтой адил юм гэх ярианы сэжүүрээс дурсамжийн алчуур сэвэгнээд ирсэн. Намрын тэр нэг сайхан өдөр Цагаан суваргын урдтайх өндөрлөг дээрээс Нямаа ахынхаа мөрийг түшиж зогсоод Дэлгэрхангай уулын барааг харж билээ. Дэлгэрхангайг харна гэдэг жулдрай надад агуу их Дооровыг харсан мэт баяр бахдал цээжнээ ургасан юм. Нямаа ах минь их утга зохиолын алтан харгуйд Дооровтойгоо ойр явж ирсэн билээ. “Намайг аймгийн дунд сургуульд сурч байх үед Дэлгэрхангай сумын уран сайханчид Дундговийн төвд ирж концерт тоглов. Тэр үед аймгийн клубийн барилга ашиглалтад ороод удаагүй байсан цаг. Уран сайханчдын дундаас баргил бүдүүн хоолойтой нэгэн хүү бидний анхаарлыг ихэд татаж билээ. “Хороонд байгаа хургууд минь хоёр зуугаад хэртэй дээ, хонгор бага нас минь хорин тав орчим доо” хэмээн дуулсан тэр хүүгийн дууг дуурайх гэж бид хэрдээ хоолойгоо сэрвэгнэтэл шахаж оролддог сон” гэж бичсэн тэр хүү нь Дэлгэрхангай уулан дээрээс дэлхийн барааг харсан агуу их Дашдооров байсан гэдэг. Тэрхүү явдлаас хойш зургаан жилийн дараа Дооровыг Дундговийн соёлын ордны тайзан дээр дахин гарч ирэхийг нь харжээ. Тэгэхэд Дооров нь аймаг хариуцсан зохиолчоор томилогдож байсан цаг. Жаран оны арваннэгдүгээр сарын үе. “Монгол” найраглалаасаа сэтгэл зүрх сэрдхийтэл уншсан гэдэг. Москвагаас өмсөж ирсэн ёслолын хар костюмтай, цав цагаан цамцтай залуу эр гайхмаар эрдүү сайхан хоолойгоор “Монгол бичихэд хэдий богинохон ч…” гэж уншихыг нь хараад тийм гоё эр, тийм дуу хоолой, тийм шүлэг гурав яаж зохирсонд үнэхээр сүрдэн биширснээ дурсаж байсан. Дэлгэрхангайн уран сайханч Дашдооров Монгол Улсын ардын уран зохиолчийн алтан титэм өмссөн дөрөв дэх хүн. “Тэр хэрвээ зохиолч биш жүжигчин болсон бол мөн л ардын жүжигчин цол хүртэх байсныг багш нарыг бэлтгэх сургуульд тавиад оны эхээр Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн байцаагч түшмэлийн рольд тоглож байх үеэс нь би мэдэх юм” гэж багын найз Лодонгийн Түдэв нь дурссан байдаг сан.

Энэ мэт олон чиг дурсамж дурдатгал дэлхийн найрагчийг төрүүлсэн буйдхан сууринд ургаж байлаа. Ёслолын алтан тууз хайчлагдаж, их найрагчийн нэрэмжит эрдмийн өргөөний үүд хаалга нээгдэхэд сүү амссан балчир сурагчид “Шөнийн талд адуу янцгаана” шүлгийг уншсаар сургуулийнхаа босгоор хөөр баяр болон дэгдэцгээсэн. Аугаа их Долгорын Нямаагийн сургуулийн эрдэнийн саран мэт охид хөвгүүд ирэх он жилүүдийн түүхийг бүтээлцэнэ хэмээн санахуйд нүдний нулимс гарах шиг болсон. “…Оддын дунд ижлээ үзсэн юм шиг шөнийн талд адуу янцгаана” хэмээх омог төгөлдөр найрагчийн эрдмийн өргөөн дэх алтан титмийг таана анхилсан говийнх нь салхи ижийнх нь уруул шиг илбэсээр байх болно оо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *