Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд орон сууцны м2-ыг дутааж иргэдийг шулах явдал эрс ихэссэн. Шинээр ашиглалтад орж буй бүх барилгууд иргэдийг их бага хэмжээгээр хохироодог болсон юм.
Иймээс ШӨХТГ өнгөрсөн 2012 оноос эхлэн м2-ын зөрүүг иргэдэд буцаан олгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд тус газарт 600 гаруй иргэн ханджээ. Ингээд зарим иргэдийн хувьд хохирлоо барагдуулж аваад байгаа бол өнөөдрийг хүртэл зөрүүгээ авч чадаагүй хохирсон иргэд нэлээдгүй байгаа юм.
Тэгвэл ШӨХТГ-т барилгын м2-тай холбоотой гомдол тасралтгүй ирсээр байгаа тул энэ гомдлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд БХБЯ-тай хамтран ажиллах шаардлага гарсан байна.Тиймээс өнөөдөр 12:00 цагаас БХБЯ-ны хурлын зааланд хэрхэн хамтран ажиллах болсон талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.