Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ

“Петровис”, “Шунхлай” зэрэг компаниуд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн шатахууны үнийг төрөл тус бүрт 100 орчим төгрөгөөр нэмээд байгаа билээ. Тухайлбал, АИ92 бензин 1,625 төгрөгт хүрсэн байна. Уг нь Засгийн газраас шатахууны импортын татварыг бууруулж, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Тиймээс уг асуудалтай холбогдуулан өчигдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл гаргасан байна. Уг мэдээлэлд “Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өссөн. Ингээд шатахууны импортын үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамд 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлж эхэлсэн. Тиймээс Засгийн газрын тогтоолоор авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан, дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллараар өссөн байна. Тиймээс шатахууны зарим компани хоёрдугаар сараас эхлэн шатахууны үнийг литр тутамд 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ашигт малтмалын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулж ажиллаж эхэллээ” гэх мэдээллийг өгсөн.

Тиймээс дээрх асуудалтай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагватай ярилцлаа.


-Зарим компани шатахууны жижиглэнгийн үнээ нэмсэн асуудал гарлаа. Үүнийг танай байгууллага шалгаж байна уу. Энэ талаар хэрэглэгчдээс санал, гомдол ирсэн үү?

-Сүүлийн хоёр, гурван өдөр шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдээс нэлээд гомдол санал ирж байна. Энэ асуудалд бид анхаарч ажиллаж байна. Саяхан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ахлуулсан үнэ тогтворжуулах зөвлөл шатахууны үнийн асуудлыг хэлэлцээд шатахууны импортын жижиглэнгийн үнийг нэмж болохгүй гэж тохирсон.

Харин алдагдалтай ажиллаж буй зөрүүг нөхүүлэх журмаар импортын онцгой татварыг бууруулах зөвлөмжийн дагуу Засгийн газар импортын шатахууны албан татварын хэмжээг бууруулсан шийдвэр гаргасан. Шатахууны үнийг тогтвортой байлгах, хяналт тавих ажлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон ШӨХТГ-т үүрэг болгосон. Тиймээс бид хяналт тавьж ажиллаж байна. Гэвч зарим компаниуд шатахууны жижиглэнгийн үнийг өнгөрсөн өдрүүдэд 50-150 төгрөгөөр нэмсэн байна. Манайх энэ асуудлыг шалгахаар улсын байцаагчдаа томилон ажлын хэсэг гаргаж, ажиллаад эхэлсэн. Мөн өнөөдөр би шатахууны компанийн эздийг дуудаж дураараа үнэ нэмсэн шалтгааныг тодруулж, үнийг хуучин үнэд нь оруулах шаардлага тавилаа. Дэмжлэг үзүүлээд байхад үнэ нэмэх асуудал байж болохгүй. Бүх бүтээгдэхүүний үнэ өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учраас, дураараа үнэ нэмэх асуудал байж болохгүй. Энэ бол үнэхээр хариуцлагагүй зүйл боллоо.

-Шатахууны үнэ нэмэх гол шалтгаан юу байв?

-Үе үеийн Засгийн газар шатахууны үнийн онцгой татварын хөнгөлөлт зээл тусламж зэрэг арга хэмжээг авсаар ирсэн байдаг. Гэтэл дураараа үнэ нэмсэнд харамсаж байна. Ямартай ч ажлын хэсэг албан ёсоор үнэ нэмсэн шалтгааныг шалгана. Үнээ буулгаж, хуучин үнэд нь оруул гэдэг шаардлагыг шатахууны компанийн эздэд тавиад байна. Шатахууны жижиглэнгийн үнийг Засгийн газар барьж байгаа. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед засгаас зохицуулалт хийсээр байгаа. Зохицуулалт хийсээр байтал зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмчихлээ. Энэ нь зохион байгуулалттай улс төрийн явуулгатай ажил байх вий гэж эмзэглэж байна. Манайхан баяр ёслол, сонгууль дөхөхөд аливаа бүтээгдэхүний суурь үнийг хөдөлгөдөг. Яагаад гэвэл томоохон аж ахуйн нэгжийн ард улстөрчид байдаг. Тиймээс бид маш сайн хяналт тавьж, торгууль шийтгэлийг ногдуулж ажиллана. Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байхад үнээ нэмж байгаа нь ард түмнийг төрд итгэх итгэлгүй болгох ажил байж болно. Тиймээс энэ байгууллагуудын эздийг судалж шалгана. Үнэхээр үнэ нэмэх асуудал байгаа бол саналыг нь хүлээн авч ярилцана. Шатахууны компаниуд туйлын хариуцлагагүй зүйл хийлээ.

-Шатахууны компаниудын эзэд шатахууны үнэ нэмсэн асуудлаа хэрхэн тайлбарлаж байна вэ. Шатахууны компанийн эзэд хоорондоо тохироод үнээ нэмсэн байна уу?

-Баруун, зүүн аймгуудын хилээр орж байгаа шатахууны онцгой татварыг тэглэчихсэн байгаа. Цаашдаа хилийн үнэ нэмэгдэх асуудалтай байгаа гэдэг тайлбар тавьж байна. Өнөөдөр нэмэгдээгүй учраас энэ тайлбарыг бид хүлээж авахгүй. Тохирсон, хуйвалдсан гэдгийг хэлэхэд эрт байна. Бид шалгаж байгаа. Тийм байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр нэг газар нь “Шунхлай”, нөгөө нэг газарт нь “Петровис” бас нэг газар “МТ” гэх жишээгээр зөрүүлж үнээ нэмсэн асуудал ажиглагдсан. Өнгөрсөн хугацаанд шатахууны компаниуд үнэ нэмнэ гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. Гэхдээ энэ удаа ийм санал тавиагүй хэрнээ гэнэт үнээ нэмсэн. Тэгэхээр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор, санаатайгаар иргэдийн бухимдлыг нэмэгдүүлэх гэж байгаа нэг арга гэж ойлгож болохоор байна. Санал тавиагүй хэрнээ ингэж байна гэдэг төрийг иргэдтэй харшуулах гэж байгаа зүйл юм биш биз. Үнэхээр үнэ нэмэхээс өөр аргагүй болсон бол асуудлаа холбогдох газарт тавих хэрэгтэй. Шатахууны компаниуд үнээ нэмэхгүй бол дампуурахаар тийм хүнд байдалд лав ороогүй. Бид сайтар судалж байж хэлдэг.

-Манай улс цаашид газрын тосны үйлдвэр барьчихвал шатахууны үнэ өсөх асуудлаас айхгүй болох болов уу?

-Уул уурхай хүнд үйлдвэрийн яам газрын тосны үйлдвэр барина гээд санал тавиад яваад байгаа. Барих газар нь олдохгүй байна уу, эсвэл ямар шалтгаантай байна, одоохондоо ажил хэрэг болоогүй л байх шиг байна. Манайх Орос, Солонгос зэрэг гадны улсаас шатахуунаа импортолж байна. Аюулгүй байдлын хүрээнд ч гэсэн дотооддоо үйлдвэртэй болчихвол сайн. Ер нь үйлдвэрүүд бий болгох замаар аливаа салбар хөгжинө.

-Хууль бусаар шатахууны үнэ нэмсэн компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

-Хууль бусаар нэмсэн тохиолдолд өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгууль шийтгэл тавина. Шалтгалтын дүнгээс хамаарч ямар хариуцлага үүрүүлэх нь тодорхой болно.

-Дүнжингарав худалдааны төв түрээсийн үнээ нэмсэн байна. Үүнтэй холбоотой санал, гомдол танайд ирэв үү?

-Одоогоор ирээгүй байна. Түрээслэгч, түрээслүүлэгчдийн хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдээр зохицуулагдах ёстой. Тиймээс ойлголцож, зохицож ажиллах хэрэгтэй. Хэрэв гомдол ирвэл хэрэглэгчийн өрсөлдөөний хулиар хохироосон зүйл байна уу гэдгийг шалгана.

-ШӨХТГ сүүлийн үед ямар, ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна вэ. Ихэвчлэн ямар гомдол иргэдээс их ирж байна?

-Манайх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, бизнес эрхлэгчдийг дэмждэг байгууллага. 2017 оны хувьд бид хэрэглэгчийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг зорилтыг гарган ажиллаж байгаа. Ганцхан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага биш. Хэрэглэгч, аж ахуйн нэгж, төр засгийн гурвалсан холбоог сайжруулахад анхаарна. Сүүлийн үед Сууц өмчлөгчдийн холбоо, худалдааны төв дэлгүүр, үүрэн телефон зэрэгтэй холбогдолтой гомдол санал их ирж байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд 100 гаруй санал гомдол ирсэн. 2012 онд намайг ажиллаж байхад гардаг байсан гомдлууд ч гарсаар байгаа. Тиймдээ ч иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс хэвлэл мэдээлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тиймээс хийж байгаа ажил болон хууль тогтоомж хэрэглэгч та юун дээр анхаарах вэ гэдэг асуудлыг хэвлэлийн байгууллагуудаар дамжуулан өгч байгаа зэрэг нэлээд олон ажлыг шинээр хийж хэрэгжүүлж байгаа гэв.

Өнгөрсөн өдрүүдэд хамгийн түрүүнд “Шунхлай”, “Петровис” шатахуун түгээх станцууд шатахууны үнээ нэмсэн байлаа. Тухайлбал, “Шунхлай” групп нийслэл болон хөдөө орон нутгийн салбартаа шатахууны жижиглэнгийн үнээ нэмжээ. Гэхдээ зарим салбартаа үнээ хөдөлгөөгүй юм билээ. “Шунхлай” групп шатахууны үнээ зарим салбарт нэмсэн шалтгаанаа тайлбарлах боломжгүй, ихэнх салбартаа хуучин үнээрээ борлуулж байгаа гэдэг тайлбар өглөө. Өчигдөр “Сод Монгол” шатахуун түгээх станцад Аи92 -1530, Аи95-1730, “Шунхлай” шатахуун түгээх станцад Аи95-1720, Аи92 -1510, “Жаст ойл”-д Аи95 -1730, Аи92 -1530 төгрөгийн үнэтэй байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *