Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалтын талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.
Хүүхдийн баярыг угтан “Хүүхэд хэрэглэгч” аяныг зохион байгуулж байна
ШӨХТГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд -Хэрэглэгч” аяныг зохион байгуулж байгаагаа дуулгалаа. Аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулагдах арга хэмжээний хүрээнд хэрэглэгчийн буланг Сүхбаатарын талбайд зохион байгуулж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хүүхдийн бэлгэнд хяналт шалгалтын ажлыг урьдчилан хийх өнгөрсөн долоо хоногоос эхлүүлжээ. Мөн цахим хүүхдийн хэрэглээтэй холбоотой асуудлаар хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байгаа аж. Хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний зөвлөл болон 21 аймаг, нийслэл, дүүрэг, аямдын дэргэд байгуулагдсан салбар зөвлөлүүдээс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж 10 хоногийн бүтээлч ажлыг зохион байгуулах ажлын удирдамж, даалгавар хүргүүлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүүхдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэх хууль, тогтоомж ийг таниулахаар олон талт соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулахаар бэлджээ.
Хууль бус үйлдэлд хариуцлага тооцно
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Сакуралайфмакс” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг “Alivemax” компанийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах дөрвөн нэг төрлийн бүтээгдэхүүний талаар ташаа мэдээлэл тараасан байна. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах дөрвөн нэг төрлийн бүтээгдэхүүнийг эсэд мэдээлэл дамжуулснаар эрүүл эсийг нөхөн төлжүүлж өвчтэй эсийг эмчилнэ, зүрх, судасны өвчин, чихрийн шижин, бөөр, давсагны өрөвсөлт өвчин, тархинд цус харвасан болон саажилт зэрэг 2000 гаруй төрлийн өвчнийг эдгээн элэгний вирусыг устгана, бүх төрлийн хавдрын эсийг дарангуйлна хэмээн эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогдсон. Иймээс дээрх зөрчлийг арилгах аргыг тус компанид өгч, таван сая төгрөгийн торгууль тавьж, уг мөнгийг улсын орлого болгожээ.
Түүнчлэн ШӨХТГ-аас дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалтыг хийжээ.
Хяналт шалгалтын явцад зарим супермаркетад зарагдаж буй 5-25 килограммын савлагаатай гурил баталгаат жиндээ хүрэхгүй байх зөрчил дутагдал илэрсэн байна. Иймээс зах, худалдааны төв, гурилын үйлдвэр, супермаркетуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгавар, цаашид анхаарч ажиллах асуудлаар зөвлөмж өгчээ.
Цаашид дутагдлаа арилгаагүй иргэд, аж ахуйн нэгж, компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг мэдэгдлээ.