Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид Астана хотод ажиллав

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, тус хүрээлэнгийн археологч, доктор А.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцлоо.

Уг форумыг Олон улсын Түрэг академи (TWESCO) гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Форумын нээлтэнд Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова болон ЮНЕСКО, ИСЕСКО, ECO Science Foundation, Түрэгийн зөвлөл, ТүркПА зэрэг олон улсын байгууллагуудын тэргүүн, төлөөлөгчид оролцов.
Азербайжан, Герман, Киргизстан, Молдов, Монгол, Узбекстан, Польш, ОХУ, Тажикстан, Турк зэрэг улсаас 250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцсон энэхүү чуулганыг нээж Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова мэндчилгээний үг хэлсэн юм. Хурлын завсарлагаанаар Монгол Улсын ШУА-ын ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг хүлээн авч уулзлаа.
Форумын хөтөлбөрийн дагуу Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали ба Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар хамтын үйл ажиллагааны тухай санамж бичиг үзэглэв. Тус санамж бичгийн үр дүнд цаашдаа Олон Улсын Түрэг академийн дэргэд Монгол судлалын төв нээх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Мөн Олон улсын Түрэг академийн дэргэд Алтай судлал, түрэг судлал, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырали, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ОХУ-ын ШУА-ийн Түүх-хэл шинжлэлийн салбарын харьяа Оросын Түрэг судлалын хорооны даргын орлогч Олег Алексеевич Мудрак, Турк улсын хэлний нийгэмлэгийн дарга Мустафа Качалин нар гарын үсэг зурлаа.

Энэхүү шинэ холбоо нь алтай судлал, түрэг судлал, монгол судлалтай холбоотой олон улсын чуулган, их, бага хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедицүүд зохион байгуулах, түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг хамтын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих үүрэгтэй. «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал» сэтгүүлийг, мэдээлэл солилцооны интернет порталыг тогтмол нээн ажиллуулахаар зорьжээ.
Форумын үеэр Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг Олон Улсын Түрэг академийн алтан медалиар, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууныг В.Томсений нэрэмжит медалиар тус тус шагнасан байна.


Мөн Л.Н.Гумилевийн нэрэмжит Евразийн их сургуулийн захирал, академич Е.Б.Сыдыков Монгол Улсын эрдэмтдийн багийг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралд оролцуулж хүлээн авсан бөгөөд тус хурлын шийдвэрийн дагуу ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлд хүндэт профессор цол олгожээ.

Мөн ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Казахстаны Н.А.Назарбаевын их сургууль дээр “Биохимийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл ба бусад асуудал” сэдвээр лекц уншив.
Олон улсын Түрэг академи Монгол Улсын ШУА хооронд хамтран ажиллах тухай 2014 онд анх санамж бичиг байгуулсан байна. Мөн тус академи Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэн, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны музейтэй хамтын ажилгааг идэвхтэй явуулдаг аж. Олон улсын Түрэг академи Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэнтэй хамтарч Булган аймгийн нутагт оршдог Шивээт улааны тахилын онгонд гурван жил дараалан археологийн судалгаа үр дүнтэй явуулж байна. Академи энэ жил Монгол Улсын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музейтэй хамтарч Монгол Улсын нутагт оршдог дундад зууны дөрвөн тахилын онгонд археологийн судалгаа явуулах гэрээг мөн үзэглэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *