Categories
мэдээ цаг-үе

Шоронд хоригдохгүйн тулд бусдын амь насыг хөнөөсөн байж магадгүй бололтой

Их хэмжээний мөнгө бусдаас залилсан хэргээр шүүгдэх гэж байсан этгээд өөрийгөө бусдын гарт амь насаа алдсан болгох гэж оролджээ. Ээдрээтэй хэргийн талаар уншигч та бүхэнд дэлгэрэнгүйгээр хүргэж байна. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн сарын 25-нд үл таних иргэнээс дуудлага иржээ. “Хүмүүс намайг хөөгөөд байна. Хутга, сүх барьсан хоёр хүн намайг ална гээд байна” гэж хэлчихээд гар утсаа салгачихжээ. Залгасан дугаар руу нь эргүүлэн залгасан боловч утсаа аваагүй байна. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд өдөрт хэдэн зуугаараа хуурамч дуудлага өгч, цагдаагийн алба хаагчдаар тоглодог. Тиймээс “Хэн нэгэн тоглож байгаа байх” гээд өнгөрөөжээ. Дээрх дуудлага ирснээс хэдэн цагийн дараа Баянгол дүүргийн XX хороо БҮК-ийн замын урд, төв дулааны шугамын орчимд хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос байна гэх мэдээлэл ирсэн байна. Б гэх иргэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Дулааны шугамын ойролцоо хүний шатсан цогцос байна. Биеийнх нь ихэнх хэсэг шатаад байхгүй болчихсон байна” гэжээ. Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг хийжээ. Үзлэгээр хэн болох нь танигдах аргагүй болтлоо шатчихсан эрэгтэй хүний цогцос болоод бусад эд зүйлс олдсон гэнэ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “II” бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогджээ. Мөн хэргийн газрын ойролцоогоос Давааням гэх хүний хагас шатсан гадаад паспорт, гар утас олдсон байна. Гадаад паспортын хойд хэсэг бүхэлдээ шатсан хэдий ч Давааням гэх хүний зураг, нэр нь шаталгүй бүтэн үлдсэн байжээ. Мөн гар утасны ар хэсэг шатсан боловч асаалттай байсан гэнэ. Мөрдөн байцаагч гар утсыг нь шалгаад үзтэл “Олон гэмт хэргийн гэрч болсон новш минь чамайг ална даа” гэж хэн нэгэн дарамталж, амь насанд нь заналхийлсэн утга бүхий мессэж ирсэн байжээ. Хэргийн газарт хийсэн анхан шатны үзлэгээр талийгаачийг өс хонзонгийн улмаас амь насыг нь хөнөөсөн байна гэх дүгнэлтэд хүрчээ.

Буяны ажлыг нь хурдан хий гэж лам хэлсэн гэж ар гэрийнхэн нь цагдаа нартмэдүүлжээ

Хэргийн газраас олдсон эд зүйлс

Ингээд цагдаа нар Давааням гэх хүн хэн болох. Түүнийг ямар хүмүүс дарамталдаг байсан. Өс хонзонгийн улмаас түүнийг хэн хөнөөх болов. Гэрээсээ хэнтэй уулзана гэж гарсан. Хамгийн сүүлд ямар хүнтэй холбоо барьсан гэх зэрэг мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингээд Даваанямын ар гэрийнхэнд онц ноцтой хэргийн талаар хэлэхээр очжээ. Ар гэрийнхэнд нь “Даваанямыг бусдын гарт амиа алдсан байна. Дулааны шугамын ойролцоо цогцсыг нь юу ч үгүй болтол нь шатаачихжээ. Хэргийн газраас гар утас, гадаад паспорт нь олдсон” хэмээн хэлсэн байна. Гэтэл ар гэрийнхэн болоод ойр дотнын хүмүүс нь огт цочирдолгүй тайван хүлээж авчээ. Мөн ар гэрийнхэн нь цагдаа нарын өмнө худлаа уйлаад байсан гэнэ. Энэ нь мөрдөн байцаагчдын анхаарлыг ихэд татжээ. Тэгснээ “Өнөөдөр Баянгол дүүргийн шүүх дээр Даваанямын шүүх хурал болох байсан. Өглөө шүүх хуралдаа орно гээд л гэрээсээ гарсан. Хүнтэй уулзана гэж бидэнд огт яриагүй” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар таньж мэддэг хүмүүс, гар утас руу нь мессэж бичсэн хүн хэн болох, хамгийн сүүлд хаана явж байсныг тодруулах ажиллагааг хийжээ. Гэсэн ч түүний амь насыг хэн хөнөөсөн талаар тодорхой зүйлс илрэхгүй байсан юм байна. Гар утсанд нь ирсэн мессэжний дугаар ямар хүний нэр дээр байдаг. Хэн барьж байсан бэ гэдгийг мөрдөн байцаалтын явцад олж тогтоожээ. Үүрэн телефоны компаниас дугаар хямд үнээр худалдаж аваад цааш нь өндөр үнээр зардаг ченж Нэргүй дугаарыг анх авчээ. Түүнээс 35-40 насны үл таних нэгэн залуу “Нэргүй дугаар байна уу” хэмээн сураглаж байгаад худалдаж авсан аж. Ямар царай зүстэй, биеийн өндөр, содон шинж тэмдэг ямар хүн байсан бэ гэдгийг гэрчүүдээс авсан байцаалтаар тодорхой ам зураг гаргажээ. Гэтэл нөгөөх ам зураг талийгаач Даваанямын гэрэл зурагтай таарсан байна. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж хөвөрсөн байна.

Талийгаач хэн бэ

Дээрх хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлжээ. Ингээд Давааням гэгч хэн байв. Шүүхэд ямар хэргээр шалгагдаж байсан. Хэдэн жилийн хорих ялаар шийтгүүлэх байсан талаар судалжээ. Тэрбээр бусдаас зуу гаруй сая төгрөг залилж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан аж. Даваанямд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 25-нд болох тов гарсан байжээ. Түүний үйлдсэн гэмт хэрэг 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх зүйл ангид хамаарах үндэслэл бүхий хавтас хэрэг хийгдсэн юм байна. Харин Давааням гэмт хэрэгт орооцолдсон цагаасаа хойш ойр дотнын болон бусад хүмүүстэй огт уулзаагүй, харилцаа холбоогоо тасалсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Цагдаа нар дээрх хэргийн талаар хуралдаж, хэд хэдэн мөрдөн шалгах гаргалгааг хийсэн гэнэ. Хуралдаанаар “Давааням амьд байж магадгүй. Хэрэв түүний амь насыг санаатайгаар хөнөөсөн бол алуурчид гар, утас болон бусад нотлох баримтыг хэргийн газарт үлдээхгүй байсан. Тэгэхээр кинон дээр гардаг шиг арга заль хэрэглэж цагдаа нараар чулуу хөөлгөж хууран мэхлэх гэж оролдож байж магадгүй” гэж үзжээ. Ингээд Давааням хаана нуугдаж байж болох бүхий л газрыг хараа хяналтдаа авч, ар гэрийн хүмүүсийг ажиглаж эхэлжээ. Хэрэг гарснаас хойш төд удалгүй түүний ар гэрийнхэн нь “Талийгаачийн буяны ажлыг хийнэ. Бүр алтан хайрцгийг нь нээсэн лам “Хурдхан буяны ажлыг нь хийж дуусга гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Энэ үеэр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Давааням амьд байна” гэсэн мэдээлэл иржээ. Бүр түүнийг амьд байгаа гэдгийг хэд хэдэн гэрч баталсан байна. Ингээд түүнийг хаана байгааг тогтоож ажиллагааг шуурхай хийжээ.

Цагдаа нар түүнийг баривчлахаар очих үед Яармагийн гүүрний дор өөрийгөө бууджээ

“Давааням гэгч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр чиглээ ганцаараа явж байна”, “Цагдаа нар намайг амьд байгааг мэдчихсэн байна. Одоо би өнгөрсөн” гэж ар гэрийнхэндээ хэлсэн байна гэх мэдээлэл ч иржээ. Ингээд мэдээлэл авсан цагдаа нар Даваанямыг Яармагийн гүүрний доошоо орж байна гэдгийг сонсоод л шуурхай бүрэлдэхүүн гарсан байна. Гэвч цагдаа нарыг түүний байгаа газарт очихоос хэдхэн минутын өмнө өөрийгөө толгойн тус газраа буудчихсан хэвтэж байжээ. Цагдаа нарыг очих үед их хэмжээгээр цус алдсан хэдий ч амьд байсан юм байна. Иймээс түүнд эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжын 103 дугаар төвийн эмчийн хамт ГССҮТ-д аваачиж, яаралтай мэс засал хийлгэжээ. Эмч нар түүний толгойноос Тоз 8 маркийн бууны сум гаргаж авсан байна. Гэсэн хэдий ч Давааням шархаа даалгүй амьсгал хураасан гэнэ.

Залилангийн хэргээр шүүгдэх гэж байсан Давааням гэгч шоронд олон жил хоригдохгүйн тулд дээрх зүйлсийг хийсэн байна. Тэрбээр хэн нэгний амь насыг хөнөөж, цогцсыг нь шатаасан. Цагдаа нарт өөрийгөө бусдад дарамтлуулж байгаад алуулсан гэж итгүүлэх гэж гар утсандаа өөрөө мессэж бичиж үлдээгээд гадаад паспортоо өгөөш болгож хаясан. Бусдын гарт амь насаа алдсан гэж цагдаа нарт итгүүлж, хэргээс мултарч үлдэх гэж энэ бүхнийг хийсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Хэрэв Давааням гэгч гүйцэтгэлээ сайтар нарийн боловсруулж, хийж чадсан бол цагдаа нарыг урхиндаа оруулж чадах байсан. Хэргийг шалгаж байгаа бүх цагдаа эхлээд түүнийг бусдын гарт амь насаа алдсан байна гэж итгэсэн. Монголд анх удаа ийм төрлийн гэмт хэрэг гарсан. Гэхдээ цагдаа нар дээрх хэрэгт ул суурьтай хандаж үнэн зөвийг олж тогтоож чадсан” гэв.

Шатсан цогцос хэнийх болохыг тогтоохоор ажиллаж байна

Цагдаа нар шатсан цогцос хэнийх болохыг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “II” бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон ба хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч нэг ширхэг, өмдний тэлээнийх байж болзошгүй төмөр горхи зургаан ширхэг, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал зэрэг эд зүйлс олдсон байна. Хэрэг гарснаас хойш арав гаруй хоног өнгөрөөд байхад талийгаачийн ар гэр цагдаа нарт огт мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Цагдаа нар гэр оронгүй хүний сонгож амь насыг нь хөнөөсөн байж магадгүй. Эсвэл саяхан нас барсан хүнийг шарилыг оршуулгын газраас ухаж гаргаж аваад хувцас өмсүүлээд шатаасан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг албан эх сурвалж хэлж байв.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Шоронд хоригдохгүйн тулд бусдын амь насыг хөнөөсөн байж магадгүй хэрэг гарлаа

Цагдаагийн Ерөнхий газар зурган илэрцүүд

Их хэмжээний мөнгө бусдаас залилсан хэргээр шүүгдэх гэж байсан этгээд өөрийгөө бусдын гарт амь насаа алдсан болгох гэж оролджээ. Нийслэлийн шуурхай удридлагын төвд өнгөрсөн сарын 25-нд дуудлага иржээ. Тэрээр “Хүмүүс намайг хөөгөөд байна. Хутга, сүх барьсан хоёр хүн намайг ална гээд байна” гэж хэлчихээд гар утсаа салгачихжээ. Гэтэл хэдэн цагийн дараа шатсан цогцос олдсон гэх мэдээлэл иржээ.

Танигдах аргагүй болтлоо шатсан эрэгтэй хүний цогцос, бичиг баримтыг дулааны шугамын орчмоос олжээ. Тэгээд ар гэрийнхэнд нь хэлтэл тэд их тайван хүлээж авсан мөртлөө цагдаа нарын өмнө уйлаад байжээ. Энэ нь их сэжигтэй байсан байна. Тэрээр 100 сая төгрөг залилж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан аж. Тэр өдөр түүний шүүх хурал болох байсан бөгөөд 10-15 жилийн ял сонсох байжээ.

Хэрэг гарснаас хойш удаагүй байхад ар гэрийнхэн нь “Талийгаачийн буяны ажлыг хийнэ. Бүр алтан хайрцагийг нь нээсэн лам “Хурдхан буяны ажлыг дуусга гэж хэлсэн” хэмээжээ. Хэргийг шалгаж байхад цагдаа нарт “Давааням амьд байна” гэсэн мэдээлэл иржээ. Гэвч тэрээр өөрийг нь цагдаа нар амьд байгааг нь олж мэдээд араас нь очиход яармагийн гүүрний дор өөрийгөө толгойндоо буудан хөнөөжээ.

Цагдаа нар одоо шатсан цогцос хэнийх болохыг шалгаж байгаа аж. Энэхүү цогцос нь 2-р бүлгийн цустай, “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товчтой хувцас өмссөн байжээ. Энэхүү цогцос нь гэр оронгүй хүнийх байж магадгүй эсвэл саяхан нас барсан хүний цогцсыг ухаж гаргаж ирээд хувцаслаад шатаасан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.

Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *