Categories
мэдээ цаг-үе

Шоколад идээд л хорин саяыг халаасалдаг Федерер

Бас гоймон сорж, кофе ууж, машин унаж, цаг зүүвэл бүр ч илүү баяжиж дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар зарлуулна гэдгийг Швейцарийн теннисчин Рожэр Федерер энэ жил баталсан. Forbes жилийн орлогоороо тэргүүлсэн дэлхийн тамирчдын эхэнд Федерерийг жагсаасныг спорт сонирхогчид сонссон гэдэгт итгэлтэй байна. Харин яаж яваад тэр Рональду, Месси, Леброн Жэймс нараас илүүг олчихдог билээ. Агуу теннисчин Рожэр Федерер 38 насандаа анх удаагаа Форбесын жагсаалтыг тэргүүлсэн нь анхаарал татах асуудал яах аргагүй мөн юм. Учир нь уг жагсаалтыг гаргахдаа тамирчны замналынхаа хугацаанд олсон орлогоор бус зөвхөн тухайн жилдээ л хэдийг олсноор нь эрэмбэлдэг тул нэлээн хэвийх насандаа яваа, амжилт нь буурч буй хүн уг сунгаанд түрүүлнэ гэдэгт итгэхэд хэцүү. Рожэр Федерер бол яах аргагүй эрэгтэйчүүдийн теннисний манлайлагч мөн агаад хорь гаран жил талбайг чимэхдээ олимпийн аварга, Дэвисийн цомын аварга, АТР-ын 111 тэмцээний аварга, эцэст Их Дуулгын хорин удаагийн аварга гээд өмнө нь хэн ч гишгээгүй амжилтуудыг эзэмшдэг “тасарсан” аварга билээ. Гэхдээ… Теннисчид хичнээн мундаг, авьяастай, нэр хүндтэй байгаад дунд зэргийн сагсан бөмбөгчин, хөлбөмбөгчөөс илүү цалин авч чаддаггүй. Ер нь тэдэнд цалин гэж ч байхгүй, жилдээ гуч гаруй тэмцээнд оролцож тэндээсээ олох шагналынхаа нийлбэрээр цалингаа бүрдүүлдэг агаад Рожэр Федерерийн энэ жилийн орлого 6.3 сая ам. доллар болжээ. Жишээ татаад харьцуулахад энэ жил талбайд огт гаралгүй “Мемфис Гриззлис”-ийн сэлгээний сандалд суусан “тэтгэврийн насны” Андре Игудалагийн цалин 11 сая ам.доллар байсан гэхээр Рожэр хэзээ ч Форбест бичигдэхээргүй мэт. Гэтэл үгүй юм аа. Түүний орлогын нууц нь реклам зар сурталчилгаандаа бий. Дээр хэлсэн дээ, Рожэр өнгөрсөн жилийн хавраас өнөө жилийн хавар хүртэлх жилийн хугацаанд гуч гаруй тэмцээнд оролцоно гэж бүртгүүлсэн, оролцсон гэж. Тэрийг нь бас өөрөөр тайлбарлавал гучаад улсад очсон гэсэн үг. Теннисийг ихэвчлэн хөрөнгө чинээтэй, баян цатгалан талдаа хүмүүс үзэж таалдаг гэдгийг бид мэднэ. Тийм хүмүүст зориулсан Uniqlo, Rolex, Mercedes-Benz, Credit Suisse, Jura, Moet & Chan­don, Barilla, Lindt, Wilson, Netjets Sunrise гээд аймшигтай үнэтэй брэндүүд бүгд Федерерийнх. Ер нь Федерер бол алхаж яваа зар сурталчилгааны самбар гэхэд нэг их буруудахгүй. Хорвоод түүн шиг олон төрлийн пүүсүүдийн нэрийн хуудас болон тоглож буй тамирчин байхгүй гэдэг юм билээ. Тэр дандаа үнэтэй, цэнэтэй компаниудын жирийн хүн худалдаж авах гээд хүчирч үл барам брэндүүдийг рекламдаад гүйж явдаг гэвэл бас үнэнд нийцэхгүй. Түргэн хоолны чанадаг гоймон, Швейцарь шоколад, итали жортой улаан лоолийн сүмс гээд жирийн иргэд хүртэх боломжтой өргөн хэрэглээний барааны рекламд тоглоод мөнгө цохиод гүйж л байдаг. Иймэрхүү реклам зар сурталчилгаанаас нийтдээ зуун сая ам.долларыг Федерер энэ жилдээ “зуужээ”. Харьцуулахад гуравдугаар байрт орсон Лионель Месси 104 саяыг олсны 72 сая нь цалин, хоёрдугаар байрт бичигдсэн Криштиану Роналдугийн орлогын 105 саяын жаран сая нь цалин нь байх юм. Дэлхийн нэртэй цуутай хөлбөмбөгчид, хүүхэд залуучуудын амьд шүтээнүүд жилдээ “дөнгөж” гуч орчим саяыг олж байна гэхээр Федерер яах аргагүй рекламны “мангас” байгаа биз. Мэдээж энд бас хувь хүнийх нь соёл, бие зөв авч явах байдал, гэр бүлийн тогтвор суурьтай амьдрал гээд ямар ч хэрэг төвөг, гаж буруу зүйлд орооцолдоод байдаггүй чанарууд нь нөлөөлнө л дөө. Тэр тал дээрээ Рожэр болон тэдний гэр бүл дэндүү төгс. Тийм л учраас дэлхийн том пүүсүүд Федерерийг зай өгөлгүй дагадаг. Ганц жишээ татъя. 2008 онд спорт хувцасны NIKE пүүсийнхэн Рожэртэй арван жилийн хугацаатай 100 саяын гэрээ үзэглэж тухайн үеэ цочроож байлаа. Арван жил бол их хугацаа, тэр он жилүүдийн дараа швейцарь теннисчин 37 хүрчихээд аль эрт зодог тайлчихсан байх магадлалтай гэж үзсэн ч гэлээ арван жилээр гэрээ хийхгүй юу. Гэтэл Рожэр арван жилийн дараа юун зодог тайлах, улам л өнгө ороод тэмцээнд гялалзтал тоглоод, түрүүлээд гүйж л байдаг. Тэгээд гэрээгээ сунгаад шинэ нөхцөлтэй баримт үзэглэе гэхнээ сэргэлэн япончууд түрүүлээд 300 саяар Uniqlo-тойгоо хамтарч ажиллах гэрээ байгуулчихаж байгаа юм. Арван жилийн хугацаатай шүү. 47 настай Федерер яах аргагүй зодог тайлчихсан байх ч гэлээ япончууд эмээгээгүй, цохиуртай, цохиургүй ч бай Федерер гэдэг нэр өөрөө хүмүүсийн анхаарлыг татсаар байх болно гэдгийг анзаарсан л байна лээ. Энд ч гэлээ Федерерийн гүйлгээ ухаан ажилласан л байна лээ. Японы Uniqlo зөвхөн спорт хувцас үйлдвэрлэдэг пүүс учраас Федерер гэрээгээ зөрчилгүй тэдний хувцсыг өмсөнө, харин пүүз үйлдвэрлэдэггүй тул NIKE-гийн гутлыг рекламдаад явчихаж байгаа юм даа. Жилдээ нэг удаа шинэ загварын Mercedes машины хаалгыг онгойлгож зургаа татуулаад таван сая, Rolex цагийг оролцсон тэмцээнийхээ дараа зурагтын камерын өмнө нэр төртэй гаргаж ирээд зүүвэл 15 сая, Credit Suisse-д мөнгөө хадгалуулж, үйлчлүүлбэл 18 сая, Lindt chocolate идвэл бүр хорин сая ам.доллар авдаг гээд цувах юм билээ. “Би мориноос айдаг, товлосон хугацаанаасаа хоцорч ирдэг хүмүүст дургүй, эерэг төгсгөлтэй кино үзээд гайхалтай таашаал авдаг, гэхдээ хамгийн их хүсдэг зүйл нь дэлгүүрт ороод хүнс худалдаж авахад хэн ч танихгүй байгаасай гэдэг мөрөөдөл” гэж ярих Федерер жилийн дараа спортоос төрсөн тэрбумтаны жагсаалтыг нэмэх юм билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *