Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шивээт Улааны цогцолборт дурсгал

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг, сумын төвөөс урагш 25 орчим зайтай байрлах Хүнүй, Хануй хэмээх голуудын бэлчирт түрж орсон хошуу бүхий хоёр талдаа өндөрлөг дунд хэсэгтээ намхан хайрханыг Шивээт Улаан хэмээн нутгийн ардууд нэрлэдэг. Тус хайрхан нь энгэрээрээ олон жалга, улаан шаргал боржин чулуулаг элбэгтэй ба ар шил рүүгээ налсан төдийгүй хагас дугуй буюу хүрээ маягийн тогтоцтой. Энэхүү дурсгалт газрын хойд талд цувраа байрлалтай гурван хэсэг газарт жижиг тойром бий. Тойромын хойд талд их Цагаан овоо, дурсгалт газрын зүүн буюу голын зүүн талд зүүн, баруун Оорцог, Зүүн урд талд Хулстай хэмээх өндөр хайрхануудтай. Мөн Хүнүй, Хануй голуудын бэлчрийн өмнө тус голд Могойн (Баянгол) гол цутгадаг.

Шивээт Улаан хайрханы төв хэсэгт байрлах гол руу түрж орсон хошуу бүхий намхавтар уулын орой дээр эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох нэгэн цогцолбор дурсгал бий.
Энэхүү цогцолбор дурсгалыг уулын оройн хадыг тэгшлэн засаж түүн дээр өмсгөж барьсан бөгөөд зүүнээс баруун тийш сунасан гонзгой дөрвөлжин зохиомжтой, хоёр хэсэг зааглагдсан хүрмэн чулуун хэрэм бүхий зүүн тийш харсан байгууламж юм. Уг байгууламжийн хэмжээ нь 120 х 45 м. Байгууламжийн дээр хүрмэн чулуу ашиглан хийсэн хүн чулуун хөшөө, арслан, хонь зэрэг олон хөшөө бий.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Тус дурсгалыг анхлан 1912 онд Финляндын эрдэмтэн Густав Иохан Фон Рамстедт олж илрүүлэн дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэсэн. Түүний дараа 1927 онд буриад эрдэмтэн Балжи Бамбаев газар дээр нь үзэж тэмдэглэсэн байна. Мөн онд нутгийн ард Дамдинсүрэн уг дурсгалын тухай тусгай захидалыг Судар бичгийн хүрээлэнд ирүүлсэн байдаг.
1956 онд Ц. Доржсүрэн, 1976 онд ахмад эрдэмтэн академич Д.Цэвээндорж, В.В. Волков, С.Н. Кореневский, 1977 онд С.Г. Кляшторный, С. Харжаубай, 1996 онд В.Е. Войтов , 1997 онд Д. Баяр, В.Д. Кубарев, 2005 онд Б.Напил, 2007 ба 2015 онд З.Самашев, Л.Цэвээндорж, Д.Баяр, А.Энхтөр. А.Онгар, Г.Киясбек, А. Мирхат, Б.Напил, 2015 онд Д. Кыдырали,Г.Бабаяров нарын судлаачид тусгайлсан судалгаанууд хийсэн байдаг.

гадаа гэх мэтийн зураг байж болно

2016-2019 онуудад Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн (Археологийн хүрээлэн), Казахстан улс дахь Олон Улсын Түрэг Академи хамтарсан хээрийн шинжилгээний анги тус газарт археологийн малтлага судалгаа хийж дурсгалын бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судалж байна. Хээрийн шинжилгээний ангийг монголын талаас Археологийн хүрээлэнгийн дундад зууны салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд процессор А.Энхтөр, Казахстан улсын талаас Д.Кыдирали нар удирдан ажиллаж байна.
Малтлага судалгааны үр дүнд энэхүү байгууламж нь үүдний гаднах хөшөө чулууны суурь, зүүн хэрэм (тавцан), баруун хэрэм, найман талт байгууламж, хөшөө чулууд гэсэн хэсгээс бүрдэж байгааг тогтоосон. Байгууламжийг тойрсон нийт 11 цонжтой. Байгууламжийн үүд зүүн зүгт харсан ба 496 см хэмжээтэй. Байгууламжийг барихдаа байгалийн хад чулууг тэгшилж засаад хонхор газруудыг чулуугаар дүүргэж хоёр талын хэрмийн ханатай чацуу тэгш тавцан болгон зассан нь малтлага судалгааны үр дүнд тогтоогдсон. Баруун хэрэм, зүүн хэрмийн адил баригдсан хэдий ч 60 см өндөрт байрлана. Зүүн буюу өмнөд хэрмээс баруун талын хэрэм өөд гарах тусгай хоёр замтай. Малтлага судалгааны явцад хүн чулуу 2 ш, 3 ш арслангийн хөшөөг шинээр олж илрүүлэн бүртгэн баримтжуулалт хийгээд байна. Арслангийн хөшөөдийн 2-ыг гүюгийн хамт дүрсэлсэн онцлогтой.
Шивээт Улааны цогцолбор дурсгалыг ихэнх эрдэмтэд өмнө нь хожуу Түрэгийн хаант улсын Кутлуг хаан (Элтэрис)-ийн хүндэтгэлд зориулсан хэмээн үздэг байсан бол сүүлийн үеийн лабораторийн болон харьцуулсан судалгаагаар 667-691 оны үед хамаарах Тэлэ-Уйгурын удирдагч нарын удирдагч нарт холбогдоно хэмээн үзэж байгаа.

камер болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *