Categories
гадаад мэдээ

Шинзо Абэг үдэх төрийн ёслолын оршуулгад Японы Засгийн газар 1.8 сая ам.доллар зарцуулна DNN.mn

Япон улсын засгийн газар ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн төрийн ёслолын оршуулгад $1.8 саяыг зарцуулахаар болсноо өчигдөр зарлажээ.

Тус улсын түүхэнд ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан Абэ долдугаар сарын 8-ны өдөр зэвсэгт халдлагад өртөж, амиа алдсан юм.

Хэдийгээр Японы иргэдийн олонх нь түүний оршуулгад төсвийн мөнгө зарцуулахыг эсэргүүцэж байгаа ч ерөнхий сайд Фүмио Кишида есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын Ниппон Будокан ордонд ёслолын арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Өчигдөр тэр энэхүү ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд зарцуулах мөнгөний хэмжээг зарлажээ.

Өнгөрсөн Ням гарагт үр дүн нь нийтлэгдсэн санал асуулгад оролцогчдын 53 хувь төрийн оршуулга зохион байгуулахыг эсэргүүцсэн байна.

Ялангуяа эрх баригч намын улс төрчдийн Өмнөд Солонгосоос гаралтай Эв нэгдлийн сүмтэй тогтоосон хэлхээ холбоо Абэгийн аллагын дараа ил болсон нь иргэдийг нэлээд бухимдуулсан юм.

Ерөнхий сайд Фүмио Кишидагийн рэйтинг унахад энэ асуудал гол нөлөө үзүүлж байгаа.

Эв нэгдлийн сүмийг дэмждэг гэсэн шалтгаанаар Абэ агсны амийг хөнөөснөө аллагын сэжигтэн мэдүүлсэн юм.

Одоо түүний сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж, үнэлэх ажил үргэлжилж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Япон улсын засгийн газар хамгийн сүүлд 1967 онд ерөнхий сайд агсан Шигерү Ёшидад төрийн оршуулга зохион байгуулж, зардлыг нь төсвөөс бүрэн гаргаж байжээ. Абэ Шинзогийн төрийн оршуулгын зардлыг засгийн газар, эрх баригч Либерал Ардчилсан нам хувааж гаргах юм байна.

Эх сурвалж: Aljazeera

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *