Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжлэх ухааныг онцолсон Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэл гялбаах шиг боллоо

Төрийн өндөрлөгүүд жил бүрийн Цагаан сараар иргэддээ хандаж Сар шинийн мэнд дэвшүүлдэг уламжлалтай. Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурвын энэ жилийн Цагаан сарын мэндчилгээнээс Төрийн тэргүүний уриалга онцгой содон сонсогдлоо. Ерөнхийлөгчийн “Нийтээр шинжлэх ухааныг баримталж, бүтээлчээр сэтгэж, орчин үеийн дэлхий дахины чиг хандлагаас хоцролгүй суралцаж, ололт бүтээлийг шамдан эзэмшиж, улс орноо хөгжүүлэн бадраацгаая” гэсэн үгийг олон хүн толгой дохин сонссон байх. Зөв хандлага. Олзуурхмаар уриалга. 1990 оноос хойших бүх Ерөнхийлөгчийн амнаас ийм үг гарсан удаагүй. Сэтгүүлч, инженер, геологич гээд зүсэн бүрийн мэргэжлийн төрийн тэргүүний хэн нь ч шинжлэх ухаанч улс л хөгждөг гэсэн утгатай үг унагаж байгаагүй. Үе үеийн төрийн тэргүүнүүд Сар шинийн мэндчилгээндээ мухар сүсэг, ид шид, бурхан шашин л ярьдаг байв. Уул овоо тахиж, Балба, Түвдийг зорьж, тэнгэр рүү нум сум харваж явсан төрийн тэргүүнүүд маань шинжлэх ухаанаа өндийлгөе, хөгжүүлье гэж дуугарсан нь үгүй. Эмэгтэй хүн очвол алиа цагаан өвгөн уурладаг гэж хэлсэн Ерөнхийлөгч Монголын түүхэнд байсан шүү. Ард түмэн удирдагчаа дуурайдаг, дагадаг. Дээдэх хэд нь ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэх маягийн мухар сүсгийн номлол айлдаад суухаар доор байгаа ард түмэн яаж сэхээлэг байхав. Түрийвчээ даллах төдийд мөнгөтэй болдог гэж ухуулдаг эмэгтэйн лекцэнд хэдэн мянгаараа шуугьж очсон хэвээр аж төрж байна. Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэсэн айхавтар үг бий. Саяын Цагаан сараар гэхэд л сошиалд олон шэйр, лайк авсан нь шинийн хоёрны хавирган сарны тухай пост байлаа. Хүсэл биелүүлдэг, мөнгө үржүүлдэг л гэнэ. Сар руу харж хүслээ шивнэх төдийд мөнгөтэй болдог гэж сэтгэдэг ард түмнийг бүтээгээд байгаа улс нь дээр суугаа хэд. Шуудхан хэлэхэд мухар сүсгийн оронд аж төрөөд байна уу даа гэсэн гутранги бодолд эзлүүлэх үе өчнөөн гардаг. Хаана л очно ингэж болохгүй, тэгж болохгүй, ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн мугуйд сүсэглэл хар мянгаараа. Байшин барилга, зам харгуй гээд яривал өнгөн талдаа хөгжөөд яваа мөртлөө цаад мөн чанараараа дундад зууны харанхуй балар цагтаа гацчихсан мэт мэдрэмж ойрхон давтамжтай төрдөг. Ийм балар цагт улсаа шинжлэх ухаанчаар хөгжүүлэх Төрийн тэргүүний уриалга яалт ч үгүй олзуурхам хандлага.

Ер нь бүх юм шинжлэх ухааны ололтоор хөгждөг. Их гүрнүүдийн хөгжлийн нууц ерөөсөө л шинжлэх ухаанд шүтсэнийх. Хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн компьютер, ухаалаг утас, цахилгаан машин, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал тойрсон төсөөлөмгүй хэр нь аль хэдийнэ хаалга тогшоод ороод ирчихсэн блокчейн, крипто валют, хиймэл оюун ухаан бүгд л шинжлэх ухааны өгөөж, үр дүн. Шинжлэх ухааныг хөсөр хаясан, гээсэн, мартсан, үл тоосон ямар ч улс хөгждөггүйн жишээ бөмбөрцгийн түүхэнд өчнөөнөөрөө тоологдоно. Тэдний нэг нь бид. Хөрсөн доороо баялагтай, гуравхан сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай хэр нь төмөр зам тавихаасаа айдаг. Төмөр зам тавьчихвал хятадууд танк хөлөглөн орж ирээд эзлээд авчихна гэсэн харанхуй айдастай. Хоёр зууны өмнөх түүх сөхье. Оросын хаант засгийн түшмэд бонд гаргаж төмөр замын аварга бүтээн байгуулалт өрнүүлж байв. Үр дүнд нь Орос дэлхийтэй холбогдож эдийн засгаа тэлж гүрний энд хүрсэн. Хаа байсан хоёр зууны өмнөх явдал гээд бодохоор төмөр замыг хадны мангаа гэж харсан бидний өнөөгийн хандлага Итгэлт баяны хэлдгээр ёстой ичмээр дамшиг.

Танк барьж орж ирээд эзэлнэ гэж айдаг Хятадаа өөр нүдээр харах гээд үзье. Ухаалаг утасны хөгжлөөрөө Apple-ийг айлгаж байна. Цахилгаан машины үйлдвэрлэлээрээ Элон Маскийн амбицаас дутах юм алга. Өнөө жилийн сансар судлалын төлөвлөгөөгөө саяхан танилцууллаа. Илүүрхэж байна аа, сар руу дахин хөлөг хөөргөж, сарнаас дээж авчирна гэнэ. Сансрын шинжлэх ухаан технологийн корпораци (CASC) нь 50 сансрын хөлөг нэмж хөөргөнө гэснийг нь дэлхийн хэвлэлүүд уралдан мэдээлэв. Хятад улс өнгөрсөн жил 550 тэрбум ам.долларыг шинжлэх ухаандаа зарцуулсан байна лээ. ЗХУ задарснаас хойш хойд хөршид шинжлэх ухааны уналт эхэлсэн, олон эрдэмтэн нь гадагшаа гарсан гэх мэт асуудал байсан ч түрүү жилээс шинжлэх ухаандаа анхаараад эхэлчихэж. ОХУ-ын Засгийн газар 2018 онд суурь судалгаанд 170 тэрбум рубль зарцуулжээ. Ам.долларт шилжүүлбэл гурван тэрбум гэсэн аварга тоо гарч байна. Түрүү онтой нь харьцуулбал 25 хувиар өссөн тоо. Путин өнгөрсөн жилийн хавар шинжлэх ухааныг онцгой анхаарна гэж дуугарсан. Хойд хөршийн том эрдэмтэд шинжлэх ухааны салбарт реформ хийхгүй бол төрийн тэргүүнийх нь мэдэгдэл хоосон үгнээс хэтрэхгүй гэцгээж байгаа ч шинжлэх ухаанд зарах мөнгөө өсгөнө гэдэг онцлох учиртай эерэг өөрчлөлт.

Хөгжлөөрөө цойлсон улсууд ДНБ-ийхээ 2.5-4.2 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг гэсэн статистик бий. Манайтай хүн амынхаа тоогоор нэг их зөрүүгүй Израиль гэхэд л ДНБ-ийхээ 4.2 хувийг буюу 12 тэрбум ам.долларыг шинжлэх ухааныхаа хөгжилд зарцуулдаг. Манай улсын шинжлэх ухаандаа зардаг мөнгө үүний дэргэд өчүүхэн. Өнгөрсөн онд шинжлэх ухаанд хаяглаж төсөвлөсөн мөнгө ДНБ-ий 0.1-хэн хувьтай тэнцэж байна. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулбал хувь хэмжээгээрээ хоёр дахин буурсан дүн. Дашрамд дурдахад Монгол Улс сая хүнд ногддог эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Ази тивийн дунджаас гурав дахин бага байдаг юм билээ. Ийм хэр нь төсөв хэмнэхийн тулд хийдэг цомхтголын хамгийн эхэнд шинжлэх ухааны салбарынхнаа онилдог муу жишиг анзаарагддаг. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл саяхан өгсөн ярилцлагадаа “Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэж зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд хамгийн түрүүнд эрдэм шинжилгээний салбарын орон тоог 15 хувиар цөөрүүлсэн. Шинжлэх ухааны байгууллагад ажилладаг 280 ажилтан цомхотголд өртсөн. Гэвч эрдэм шинжилгээний салбарт цомхотгол хийчихсэн мөртлөө бусад салбарт ер цомхотгол хийгээгүй” гэж онцолсон харагдсан. За тэгээд хүрээлэнгүүдийнхээ тоог цөөрүүлсэн энэ тэр гээд яривал төр нь шинжлэх ухаандаа элэггүй хандсан жишээ барагдахгүй. Нэг үеэ бодвол компаниуд шинжлэх ухааны салбар, эрдэмтэдтэй хамтардаг болсон нь бас ч гэж олзуурхууштай хэрэг. Гэхдээ төр засгаас бодлогоор дэмжихгүй адлаад гадуурхаад байхаар манай компаниуд шинжлэх ухаанчаар хөгжих тал дээр хойрго хэвээрээ аж төрж яваа нь бодитой үнэн. Хөгжилтэй улсуудын тухайд хувийн хэвшлийнхний шинжлэх ухаан дахь хөрөнгө оруулалт том тоогоор яригддаг. Урд хөршид гэхэд шинжлэх ухааны технологийн салбарын хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг бизнесийн салбар нь хийдэг. Японы Тоёота компани гурван жилийн өмнө шинжлэх ухааны салбарт зургаан тэрбум зарцуулсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Манайд ч шинжлэх ухааны хөгжилд мөнгө хаядаг компаниудтай байх бүрэн боломж бий. Төрөөс шинжлэх ухаанд мөнгө зарсан компаниудын оруулсан хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх гэх мэт зохицуулалт хийчихэд л болчих асуудал. Энэ мэт зохицуулалттай бол шинжлэх ухааны ололтыг ашиглаж хөгжихгүй гэж хойш суух хэн байхав. Бүгд л шинжлэх ухаанчаар хөгжиж, ашгаа нэмэхийг хүсч таарна.

Тэгэхээр шинжлэх ухаанчаар хөгжих эхний алхмаа хийцгээе. Ядаж л төрийн өндөрлөгүүдээсээ эхлээд шашин, мухар сүсгийн тухай яримааргүй байна. Ийм яриа хандлагыг тас хорьж, зөвхөн шинжлэх ухаанчаар асуудалд хандах цаг аль хэдийнэ ирчихлээ. Хэн нэгний хүчинд найдаж амьдрах дэмий горьдлого төрүүлсэн үг, хандлагаа хамгийн түрүүнд гээх учиртай хэсэг Төрийн ордонд тухалж суугааг дахин онцолъё. Саяхныг хүртэл 99 тэнгэртэй харьцдаг УИХ-ын гишүүдтэй байсан эмгэнэлтэй, хошин, дэлхий гайхахаар ичгэвтэр түүх бидэнд бий. Нуугаад, ичээд ч бултах аргагүй үнэн гэж байдгийн нэг л дээ, тэнгэртэй харьцдаг хууль тогтоогчидтой байсан маань.

ШУА-ийн ерөнхийлөгчийн нэг үгийг онцолмоор байна. Д.Рэгдэл академич “Төр засгийн удирдлагууд, шинжлэх ухаанаа хөгжүүлж байж хөгжинө гэдгийг л ухамсарлах ёстой. Шинжлэх ухаан зөвхөн цаасан дээр байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Цаасан дээрх зүйл нь үнэн хэрэгтээ онолын судалгаа шүү дээ. Шүүмжлээд суугаа тэр онолын судалгаа нь дэлхийд тоогддог ганц зүйл маань гэдгийг хэн ч анзаардаггүй. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд манай судлаачдын бүтээл хэвлэгдэж байна. Монголын эрдэмтдийн судалгаа дэлхийн шинжлэх ухаанаас хоцроогүйн хамгийн тод илрэл нь энэ” гэж ярьсан байна лээ. Тэгэхээр төрөөс дэмжээд өгвөл цэнхэр гаригийн судлаачдынхаас дутахааргүй хэмжээнд хүрсэн эрдэмтдийнхээ бүтээлийг хөгжиж дэвжихдээ ашиглах бүрэн боломжтой гэсэн үг.

Төр нь шинжлэх ухаанаа дэмжсэн, тэтгэсэн улс орнуудын хөгжил дэлхийгээс халиад сансар огторгуй хэсч явахад бид дундад зууны харанхуй үе шиг цор ганцаараа ажин түжин оргиод сууж таарахгүй. Дахиад хэлье, харанхуйгаас гарч, хөгжиж дэвжих цорын ганц зам бол аливаад шинжлэх ухаанчаар хандах.

Төрийн тэргүүний уриалгад олзуурхаад байгаагийн цаад шалтгаан ерөөсөө л энэ. Шинийн хоёрны сарнаас мөнгө гуйж, түрийвчээ даллах төдийхөнд хөрөнгөжинө гэж итгэж, болохгүй бүтэхгүй асуудал бүхнээ бөө, ламаас асуудаг эрт балраараа аж төрж яваа өнөө цагт шинжлэх ухаанчаар хөгжье гэсэн Ерөнхийлөгчийн уриалга харанхуйд гэрэлд гялбаах шиг боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *