Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны хооронд байгуулах “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол Пхеньян хотын Ардын соёлын ордонд болжээ. Санамж бичигт Монголын талаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Солонгосын талаас БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны орлогч дарга Жан Рён Хёг нар гарын үсэг зурсан байна. Ёслолын арга хэмжээнд тус ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны албан тушаалтнууд байлцжээ.