Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны байгууллагыг их сургуультай нэгтгэх нь салбараа үгүй хийх эрсдэлтэй

Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгаж их сургуулиудын харьяанд шилжүүлэх талаарх Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг эсэргүүцэн, шинжлэх ухааны академийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд жагссан билээ. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед улсын төсвийн орлого их наядаар тасарсан учраас ШУА-ийг татан буулгаж, төсөв хэмнэх гэж байгаа гэвэл эндүүрэл гэдгийг жагсагчид хэлж байсан билээ. Өөрөөр хэлбэл энэ онд БШУЯ-ны төсвийг танаагүй атал сайд Л.Гантөмөр бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр зөвхөн шинжлэх ухаанд зарцуулах ёстой хөрөнгийг танах гэж байна гэдгээ тэд жагсаалын үеэр онцолж байсан юм.

ШУА-ийнхан их сургуультай нэгдэлгүй, тусдаа үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байгаа бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй улс орны жишиг ч ийм гэдгийг хэлж байгаа юм. ШУА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатартай энэ талаар ярилцлаа.

Шинжлэх ухааны академийг дэлхийд байхгүй нүсэр бүтэцтэй хэмээн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх боллоо. Энэ хэр бодитой вэ?

– Шинжлэх ухааны академи Европын сэргэн мандалтын үед буюу XVII-XVIII зууны үеээс эхтэй. Тэдгээрээс Германы Леополдын ШУА, Английн хааны нийгэмлэг, Оросын ШУА зэрэг байгууллагууд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа бүтэц, орон тоогоо өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл бүхий л цаг үед шалгагдсан сонгодог бүтэц байхгүй юу. Түүнчлэн Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрсэн үедээ буюу XIX-XX зуунд Шинжлэх ухааны академи гэдэг байгууллага байгуулсан түүхтэй. Тухайлбал Голланд1808 онд, Австри 1847 онд, АНУ 1863 онд, Хятад 1926 онд тус тус ШУА-аа байгуулсан.

Харин манай орны хувьд 1924 онд ШУА-аа Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр байгуулж, ” … энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны академи болох буй заа” гэж хүртэл үүрэг чиглэлийг нь тодорхойлж өгсөн байдаг. Гэхдээ үүнээс өмнө Монгол орон харанхуй, бүдүүлэг байсан юм биш. Тэгж яривал аугаа түүхт Монголын ард түмэн ихээхэн оюунлаг учраас хэдэн зууны өмнөөс буюу Их Монгол Улсын үед ч эрдэмтдийн байгууллагатай байсан. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби Хубилай хааны намтрыг олон жил судалсан. Тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ тусгасан. Тэр ч бүү хэл, тэрхүү академийнзарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби хэлсэн удаатай. Тэгэхээрманай ард түмэн эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай юм шүү.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи гэдэг нь хойд хөршийн хэдэн арван жилийн өмнөх буюу социализмын үеийн бүтэц гэдэг нь ташаа болж таарах нь ээ дээ?

-Юуных нь социализмын үеийн бүтэц байх билээ дээ. Интернетийн тусламжтайгаар өнөө цагт ямар ч мэдээллийг олж авахад их хялбар болчихсон. Хуучны Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс хавьгүй өмнө буюу Шинжлэх ухааны академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд нэг л итгэж өгөхгүй л байна шүү.

Шинжлэх ухааны академи нь судалгааны хүрээлэнгүүдтэй байх нь мөн л Зөвлөлт маягийн буюу хуучны бүтэц учраас их дээд сургуулиудтай нэгтгэх замаар шинэчлэх хэрэгтэй гэцгээх болсон. Энэ тал дээр?

-Ухаандаа ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх нь хуучин хэв маягийг халж, орчин үеийн сонгодог бүтэц рүү шилжүүлж байна гэх гээд байх шиг байна. Энэ ч бас үндэслэлгүй худлаа юм л даа. Өнөөдөр дэлхий дахинаа эгнээндээ судалгааны хүрээлэнтэй ШУА байхад хүрээлэнгүй нь ч бий. Тухайлбал Европын 40 гаруй улсын ШУА-уудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Тэдгээрийн талаас илүү нь судалгааны хүрээлэнгүй бол бусдад нь бий. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд болох Чех, Словак, Польш, Унгарт тус бүр 50 гаруй хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Австри, Голланд, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд тус бүр арав гаруй шинжлэх ухааны хүрээлэнтэй. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад ШУА-ийг байгуулж, хөгжүүлэх бус зөвхөн их сургуульд л шинжлэх ухааныг хөгжүүлдэг болсон юм биш үү?

-Энэ бол бас л өрөөсгөл ойлголт. Жишээлбэл АНУ-ын Холбооны төсвөөс ШУ-ны судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулиас гадуурх судалгаанд зарцуулагддаг. Америкт Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэж 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны газар бий. Японд мөн л ШУ-ны үндэсний хүрээлэнгүүд байдаг бол Германд 80-аад хүрээлэнгээс бүрдэх Макс Планкийн, Лайбницийн, Хельмхолцын, Фраунхоферын зэрэг хэд хэдэн нийгэмлэг бий. Францын CNRS 80 хүрээлэнтэй бол Италийн CNR 100-аад хүрээлэнтэй. Эдгээр хүрээлэнгүүдийн үндсэн зорилго нь зөвхөн судалгаа хийх. Товчхондоо бол барууны орнуудад их дээд сургуулиудаас гадна ШУА, Төв лаборатори, хүрээлэн, нийгэмлэгүүд дээрээ шинжлэх ухааны судалгаа хийдэг юм.

Тэгвэл манай оронд шинжлэх ухааны байгууллагуудаа их сургуультай нэгтгэлгүй тусад нь хөгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс манай их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн зэргийн аль алиных нь судалгааны загвар оновчтой, боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх хэрэгтэй. Дээрээс нь их дээд сургуулийн багш нар таваас зургаан жил багшилсныхаа дараа нэгээс хоёр жил шинжлэх ухааны хүрээлэнгүүд дээр ажиллаж яагаад болохгүй гэж. Үүнийхээ дараа эргээд багшилж болно. Түүнээс биш ШУ-ны байгууллагыг төсөв мөнгө хэмнэх нэрийдлээр механикаар нэгтгэвэл шинжлэх ухааны салбараа өөрсдийн гараар самрах эрсдэлтэй.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *