Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудал

Өмнөтгөл

Монголчууд бид эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэхийн тулд байгаль орчны доройтлыг сааруулах, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэлийн менежментийг шинэчлэх гээд олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх түүхэн хариуцлагатай үетэй тулгараад байна. Энэ бүхнийг оновчтой шийдвэрлэх гарцыг бид шинэчлэл, өөрчлөлт хэмээн томьёолж тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэстэй ойлгох, шийдвэрлэхийг хичээж, технологийн шинэ шинэ шийдлүүдийг эрэн сүвигчилж байгаа билээ.

Энэ бүхнийг нэгэн зэрэг хийх шаардлагатай байгаа ч улс орны санхүү эдийн засгийн нөөц хязгаартай учир тулгамдсан хамгийн гол асуудлаа зөв тодорхойлж түүнийг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанд хангалттай хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм.

Энэ түүхэн цаг үед манай зарим эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргах түвшний хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Монголд шинжлэх ухаан хөгжөөгүй, шинжлэх ухаан байлаа ч гээд нөлөөгүй, байхгүй байхад үгүйлэгдэхүй, ШУА төр, захиргаа, намын нэгж болсон, эрдэмтэд академичдын хийж бүтээсэн зүйл тодорхойгүй, шинжлэх ухааныг аврах хэрэгтэй боллоо гэх мэтээр хүрсэн ололт, түвшинг хэт үгүйсгэн хараар будах болсон нь нэн эмгэнэлтэй байгаа учир өөрийн санал бодлыг товч боловч илэрхийлье.

Учир нь шинжлэх ухаан, технологийн салбарт гарц шийдэл хүлээсэн олон тулгамдсан асуудал байгаа ч аврал эрхүйц дайны байдалд орчоогүй байна.

ШИНЖЛЭХ УХААНЫ НИЙГМИЙН ХӨГЖИЛД ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮҮРЭГ

Сүүлийн 3 жилийн дунджаар шинжлэх ухааны нийт санхүүжилт 32 тэрбум, түүний дотор эрдэм шинжилгээний ажлын зардал 9.2 тэрбум төгрөгт хүрч энэ нь ДНБ-ний 0,2 хувьтай тэнцэж байна.

Олон улсын жишиг үнэлгээгээр дээрх үзүүлэлт 0.4 хувиас бага бол тухайн орны хувьд шинжлэх ухаан нийгэм соёлын үзэгдлийн төдий байр суурьтай, 0,8 хувьд хүрч байвал нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлж эхлэх хэмжээний, 1.5 орчим бол тухайн орны хөгжилд мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үздэг билээ. Санхүүжилт хүрэлцээгүй, түүний хувиарлалт оновчтой бус, дэлхийн жишигт нийцсэн судалгааны томоохон лабораторууд цөөхөн, эрдэм шинжилгээний ажлын үр дүн үйлдвэрлэлийн бизнесийн салбарт удаан нэвтэрч байгаа судалгааны байгууллага их дээд сургуулийн уялдаа холбоо сул зэрэг олон хүндрэл бэрхшээлээс шалтгаалан манайд шинжлэх ухааны нөхцөл амаргүй төвөгтэй, нийгэмд хуримтлагдсан гарц шийдэл хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь үнэн боловч салбарыг бүхэлд нь буруутгах, муулах учиргүй.

Манай орны тариалангийн салбарт л гэхэд түүнийг эрхлэх шинжлэх ухааны үндэслэл, арга технологи нилээд сайн боловсрогдож, цаг үеийн нөхцөлд тохирон шинэчлэгдэж, үйлдвэрлэлд нэвтэрч байгаагаас өнөөдөр үр тариа, төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах хэмжээнд хүрээд байна. Зөвхөн 2014 онд л гэхэд манай эрдэмтэн судлаачдын сорьж нутагшуулсан, шинээр бүтээсэн зусах буудайн дасан зохицох чадвар сайтай Дархан-34, Дархан-74, Дархан-134 зэрэг сортууд үйлдвэрлэлд 20-25 ц/га буюу жишиг сортоос 5-6 ц/га илүү ургац өгсний үр дүнд, манай тариаланчид нийтдээ 460 мянга шахам тонн ургац хураан авч төр, засгаа баярлуулаад байгаа нь шинжлэх ухаанчдын хөдөлмөрийн үр дүн биш гэж үү.

Энэ бүхнээс үзвэл хэрвээ дэмжиж, хөгжүүлж, ашиглаж чадвал Монголчууд, Монголын шинжлэх ухаанд асар их чадамж бололцоо байгаа болно. Өнөөдөр манай залуучууд дэлхийд алдартай Microsoft зэрэг компаниуд болон нэр хүндтэй их сургуулиудад сурч, ажиллаж, дэлхийд үнэлэгдсэн олон шинэ бүтээл гаргаж, академич Б.Чадраа, Х.Намсрай тэргүүтэй физикчдийн багууд, зарим эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд Монгол улсад төдийгүй эрин зууны нээлт гэхээр бүтээл бүтээгдэхүүн гаргаад байгаа зэрэг нь дээрх дүгнэлтийг батлах тодорхой үзүүлэлт болно.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ГАРЧ БАЙГАА АХИЦ ДЭВШИЛ

ШУТ-нийн салбарын сүүлийн жилүүдийн төлөв байдлыг авч үзвэл нилээд нааштай өөрчлөгдөж байна. Үүнд:

1. 2007-2010 онтой харьцуулбал шинжлэх ухаан, технологийн нийт зардал 2014 онд 2.0 дахин, түүний дотор эрдэм шинжилгээний ажлын зардал 2.7 дахин нэмэгдлээ.

2. Шинэчлэлийн нэг чухал асуудал нь ШУТ-ийн үйл ажиллагааны санхүүгийн бүтэц юм. Энэ нь 1. Онолын суурь судалгаа 2. Хавсарга судалгаа 3. Судалгаа хөгжил гэсэн 3 хэсгээс бүрдэж байна. Хөгжсөн орнуудын жишгээс харахад ойролцоогоор нийт санхүүжилтын 12 % нь онолын судалгаанд, 24-25 % нь хавсарга судалгаанд, 62-65 % судалгаа хөгжилд оногддог байна. Манай улсын хувьд 2013 онд дээрх үзүүлэлт 15.4 %, 33.9 %, 50.4 % болж тохиромжтой харьцаа руу дөхөж байгаа нь нилээд таатай үзүүлэлт болно.

3. ШУТ-ийн салбарын дэд бүтэц эрчимтэй хөгжиж эхэлж байна. Инновацийн төв, инкубатор судалгааны төв, технологи дамжуулах төв, шинжлэх ухаан технологийн парк, гарааны компани гээд ШУТ-ийн үйл ажиллагааг дэмжих, зуучлах институцүүд буюу дэд бүтэц олноор байгуулагдаж байна. Шинжлэх ухаан, технологийн ололтыг хэрэглээ болгон бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлд ч багагүй чармайлт гарган зохих үр дүнд хүрч байна. Энэ нь тус салбарын дэд бүтцийн хөгжилтэй холбоотой юм.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Энэ зууны ШУТ-ийн салбарын хөгжлийн ерөнхий хандлагыг харвал:

Нэгд, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах замаар амьдралын чанарыг сайжруулах, ядуурлыг бууруулах,

Хоёрт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл бизнестэй холбогдож бүтээгдэхүүний үнэ өртөгт шинжлэх ухааныг илүү их шингээх,

Гуравд, шинжлэх ухааныг жирийн хүмүүст ойртуулах, хүн төрөлхтөний нийтлэг соёлын нэг хэлбэршил болгон улс үндэстнээрээ шинжлэх ухаанжих зэрэг багц асуудалд чиглэгдэж байна.

Манай орны хувьд шинэ зуунд шинжлэх ухаан техонлогийг хөгжүүлэхдээ дэлхийн шинжлэх ухааны дээрх хандлагуудаас гадна өөрийн орны өвөрмөц онцлог, шинжлэх ухаан хөгжиж ирсэн уламжлал шинэчлэлийг нилээд харгалзах нь зүйтэй юм.

Учир нь улс орон бүхэн өөрийн онцлогт тохирсон ШУТ-ийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээр тодорхойлж хэрэгжүүлж байна. Жишээлбэл Япон, БНСУ, нанотехнологи, биотехнологи, харилцаа холбооны технологи, материаллаг технологи, БНХАУ мэдээлэл, харилцаа холбооны технологи, дэвшилтэт үйлдвэрлэлийн технологи, биотехнологид түлхүү анхаарах болов.

Манай оронд ШУТ, түүний дотор инновацыг хөгжүүлэхэд харилцаа холбоо, тээврийн дэд бүтэц сул, засаглал муу, тогтворгүй, инновацийн бодлого санаачлага өндөр технологид чиглэгдэх хандлагатай эхэлж байгаа зэрэг нь шинжлэх ухааны үндсэн тоглогч нарын үйл ажиллагааны уялдаа холбоо оновчтой зохион байгуулагдаагүй байгаатай холбоотой байна.

Нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан шинжлэх ухаан төдийгүй дээд боловсролын ирээдүйн төлөв байдал өөрчлөгдөж байна. Энэ нь:

Нэгд, технологи дагнан боловсруулах ерөнхий хандлагийг өөрчилж, шинжлэх ухааныг суурь судалгаа, технологи, инноваци гэсэн бүхэл бүтэн системийн хэмжээнд авч үзэж хөгжүүлэх хууль эрх зүйн үндсээ боловсруулсан төдийгүй, үйл ажиллагаа эхэлчихээд байна.

Хоёрт, Бид олон жил шинжлэх ухаан, дээд боловсролыг саланги, тусад нь хөгжүүлж ирсэн тогтолцоогоо өөрчилж, тэдгээрийн хоорондын холбоог өргөтгөн, судалгаанд суурилсан их, дээд сургууль болгох том зорилтыг дэвшүүлж байгаа билээ.

Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадвал их дээд сургуулиуд дэргэдээ эрдэм судалгааны томоохон лабораториуд, бусад хүчирхэг бааз суурьтай болохын зэрэгцээ, шинжлэх ухаан дээд боловсролын холбоо сайжран, эрдэмжсэн инноватор багш нар бэлтгэгдэн, ШУТ-ын салбарт илүү нөлөөтэй бас хүртээмжтэй ажиллах боломжтой. Инновацын тогтолцоог мэргэжсэн инноватор багш, инноватор эрдэмтэдгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нөгөө талаар зарим ижил төстэй хүрээлэн, судалгааны төвүүд их сургуулиудынхаа бүтцэд орж, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг зах зээлд хэрэглээ, бизнес болгох инновацын тогтолцоо өргөжиж хөгжих болно. Энэ ажлын эхлэлийг аль 20 жилийн өмнө Дархан-Уул аймаг дахь УГТЭШ-ний хүрээлэнг хуучин ХАА-н коллежтой нэгтгэн УГТСЭШХ болгон өөрчилж, шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэл хосолсон Монголдоо анхдагч хэмээн нэрлэгдэж болох жишиг хүрээлэнг байгуулсан билээ. Бас дэргэдээ өөрсдийнхөө залуу халааг бэлтгэх зорилготой “Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай” лицей сургуулийг байгуулсан болно. Өдгөө энэ хүрээлэнг орон нутгийн бусад төрийн өмчийн их сургуультай харьцуулбал эрдэмтэн судлаачдын тоогоор 10 гаруй, эрдэм шинжилгээний дундаж зардал 30-40 дахин их байгаагаас гадна эрдэм шинжилгээ сургалт үйлдвэрлэлийн бааз ямар ч их дээд сургуультай харьцуулах аргагүй илүү, инновацын тогтолцоо эрчимтэй хөгжих суурь боломж сайтай болно. Багш судлаачид хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэмтэд багшлах, профессорын багт орж ажиллах, оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагын боломж өндөр гээд төрөөс бодлогоор дэмжвэл давуу тал олон болно.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ҮНЭЛЭМЖ

Өдгөө ШУТ-ийн салбар, эрдэмтэдийн ажлын үнэлэмж, нэр хүнд буурч байгаа ч мухардмал байдалд орчихоогүй байна. Манай зарим эрдэмтэд өөрсдөө шинжлэх ухаанаа гоочилж, шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухааны ач холбогдол, түүний бичигдээгүй нөр их ажлын талаар төсөөлөлгүй хүмүүс олширсноос, нөгөө талаар хэтэрхий намчирхах, талцах хийсвэрлэх үзэл давамгайлах боллоо. Мөн хүмүүс аль нэг намын эрх ашгийн төлөө хоосон таамгаар амьдардаг, намаар дамжин ажил албанд хүрэхийг хичээх болсоноор нийгмийн амьдралд мэдлэг мэргэжил, дадлага, туршлага, сайн муугийн ялгаа бүдгэрч улмаар мэддэггүй нь мэддэгээ удирддаг бас дарамталдаг буруу жишиг тогтож байгаа нь нууц биш ээ. Энэ бүхэн шинжлэх ухаан, технологийн салбарын үнэмлэмж, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэхэд нэг их хэлсдэхгүй биз.

Нөгөө талаар шинжлэх ухааны буюу оюуны бүтээлийн үнэлэмж муу, эрх зүйн орчин сул байгаа учир зохиогчийн эрх, технологийн нууц алдагдаж түүнийг үнэ хөлсгүй хулгайлагчид олширсон нь ч шинжлэх ухааны нэр хүндэд таагүй нөлөөлөх боллоо. Мөн ШУТ-ийн салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэх, сурталчлах, сонин сэтгүүл хомс, үйлдвэрлэл бизнесийн салбарын технологийн мэдрэмж, инновацын идэвхжил нэн сул байна. Түүний зэрэгцээ эрдэмтэн хүний шалгуур үзүүлэлт суларч, хэн хүссэн нь ач холбогдол багатай сэдвээр цол зэрэг хамгаалах боломжтой болсон одоогийн тогтолцоо ч нөлөөлж байна.

Эрдэм судалгаагааг дуртай нэг нь хийчихдэг амар хялбар ажил алба биш. Академич Т.Төмөржав “Эрдэмтэн гэж эрдэм номын бартаатай замаар замнаж, хал үзэж, хат суусан, шинжлэх ухааны аль нэг салбарт нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар жинтэй судалгаа явуулж, эрдмийн зэрэг хамгаалж, шинжлэх ухааны онол, судалгааны арга зүйн хувьд сайтар бэлтгэгдсэн, оюуны өндөр чадавхи, өргөн мэдлэг, боловсрол эзэмшсэн, уйгагүй хөдөлмөрч, эрдмийн бүтээл номын шавь нараараа нийгэм, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн хүн” хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл эрдмийн ажил бол цаг наргүй, цалин хөлс, үнэлэмж муутай нэг ёсондоо шинжлэх ухааны боолын хөдөлмөр гэхэд нэг их хэлсдэхгүй болов уу?

ШУТ-ИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАНГИЛАА АСУУДАЛ

Бидний хувьд сэтгэж бодох, бүтээх оюуныхаа чадвартаа түшиглэн ирээдүйгээ харсан шинжлэх ухаанч бодлогоор урагшлах учиртай. Нийгэм, эдийн засгийн хөгжил эрчимжиж байгаа өдгөө цагт шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтгүйгээр шийдвэрлэх асуудал огт алга байна. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдрал ерөнхийдөө шинжлэх ухаанжих явцад түүний үүрэг ач холбогдол өсч, улам ихээр эдийн засагжиж, бизнес агуулгатай болж шинжлэх ухааны чанар өөрчлөгдөж байна.

Улс төрийн хувьд тогтвортой байж, ШУТ-ийн салбартаа хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа улс орнуудын хөгжил дэвшил түргэсэж байгаа нь манай өмнөд хөршийн туршлагаас тодорхой байна. Иймээс улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрд асар олон боломж бололцоо гардаг учраас түүний шинэчлэл өөрчлөлтийг түргэсгэхэд нэмэр болох болов уу хэмээн дараах саналыг нэмэрлэе.

1. ШУТ-ийн салбарын бүтэц, удирдлага зохион байгуулалтын одоогийн задгай тогтолцоог боловсронгуй болгох.

ШУТ-ийн хуулийн дагуу одоогоор Монгол улсын шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл (МУШУТҮЗ), Боловсрол шинжлэх ухааны яам (БШУЯ), Шинжлэх ухааны академи (ШУА), тэдгээрийн санхүүжилтыг олох, хувиарлах, зохицуулах үүрэг бүхий Шинжлэх ухаан технологийн сан (ШУТС), Хүрээлэн, Судалгаа үйлдвэрлэлийн төвүүд зэрэг газруудаас Монголын ШУТ-ийн салбар бүрдэж байна. Энэ бүтцээр засгийн газрын шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухааны болон шинжлэх ухаанаа мэддэг уламжлалт төлөөлөл огт байхгүй байгаагаас гадна, зах зээлийн тогтолцоо менежментийг бий болгох зорилгоор ШУТехнологийн санг байгуулсан боловч бие даасан, тодорхой эрхтэй байх боломжгүйгээр БШУЯамны харъяа газар болгочихсон билээ.

Ном хэвлэлийг мөшигвөөс АНУ зэрэг орнуудад Үндэсний шинжлэх ухааны сан гэж агентлагийн эрхтэй бие даасан байгууллага байдаг бөгөөд дэвшигдэн гарч ирсэн ШУТ-ийн төслийг мэргэжлийн экспертууд судлан тухайн төсвийг санхүүжүүлэх эсэхээ бие даан шийддэг журамтай байх юм.

Эрх мэдэлтэй, тодорхой асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй юм шиг МУШУТҮЗ гэх байгууллагыг ерөнхий сайд толгойлдог. Түүний албан ёсны нарийн бичгийн даргыг БШУЯ томилодог. Шинжлэх ухаан, технологийн салбарын гол асуудлыг энэ хүнээр дамжуулан богино хугацаанд шийдвэрлүүлэх гэж оролдовч эрх нь хязгаарлагдмал, тус зөвлөлийг жилд 1-2 удаа хуралдуулж, тодорхой асуудлаар шийдвэр гаргуулах үндсэн үүрэгтэй юм шиг. Зүй нь үндэсний гэх тодотголтой энэ зөвлөлийн нарийн бичгийн дарга хүрээндээ тодорхой ажлын хэсэгтэй байж, төр засаг, шинжлэх ухааны салбарыг холбож, тулгамдсан асуудлуудыг тодорхойлогч, шийдвэрлэгч, хэрэгжүүлэгч засгийн газар, ерөнхий сайдын шадар туслагч байж чадвал нэр хаягандаа тохирмоор. МУШУТҮЗ нь шинжлэх ухаан инновац-үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг оновчтой тогтоох, стратегийн төлөвлөгөө таамаглал боловсруулах, технологи-инновацын эксперт хийх, ШУТ-ийн мастер төлөвлөгөө, Монгол улсад инновацын тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжилтийг үнэлж дүгнэх, шаардлагатай асуудлыг холбогдох байгуулагуудаар гүйцэтгүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх чадвартай баймаарсан.

Мөн БШУЯ, ШУА, ШУТС гэсэн бие биеэ харсан байдалтай хоорондоо уялдаа холбоо муутай энэ гурван байгууллагыг удирдлага зохион байгуулалтын хувьд нэг тогтолцоонд оруулах шаардлагатай байна. Энэ талаар олон жил ярьж, цөөнгүй баримт бичигт тусгаж байсан ч өнөө болтол ШУТ-ийн салбар нэгдсэн удирдлага, зохицуулалт муутай БШУЯ-ны шинжлэх ухааны асуудал хариуцсан газрыг хэлтэс, эсвэл хэлтсийг газар болгон нэр хаягыг нь өөрчлөх төдийгөөр дорвитой өөрчлөлт гарахгүй хэвээр байна. Чухам үүнд л хүмүүс бухимдаж манай ШУТ-ийн салбар юм хийхгүй байна, шоовдор хүүхэд шиг боллоо, аврах хэрэгтэй… гэх мэтээр ярьж бичиж байгаа болов уу.

Гаргалгаа маш энгийн, гэхдээ хэд хэдэн хувилбар байж болох юм. Монголын ШУТ-ийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий БШУЯ-ны ШУ-ны бодлого зохицуулалтын хэлтэс нь цөөн орон тоотой, эрх мэдэл хязгаарлагдмал, сайдын ам, үндэсний зөвлөлийн шийдвэрийг харсан шинжтэй байгаа нь тодорхой асуудлыг богино хугацаанд бие даан шийдвэрлэх боломж хомс байна. Түүний зэрэгцээ ШУТ-ийн салбарын дэд бүтэц олшрон, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага нь өргөжиж байгаа энэ цаг үед хэлтсийн хэмжээний цөөхөн орон тоотой газар ШУТ-ийн бодлогыг зангидан боловсруулж хэрэгжүүлэхэд цаашдаа хүчин мөхөсдөж болзошгүй юм.

Цаашид үндэсний хэмжээнд инновацын бодлогыг хэрэгжүүлэх, салбарын инновацын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдал, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан инноваци, шинэ мэдлэг бүтээх, ашиглах үйл явц, технологи дамжуулах, нутагшуулах чиг хандлагыг судлах, үнэлэх гээд энэ хэлтэсийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай болно. Иймээс байж болох эхний хувилбар бол Засгийн газрын бүтцэд ШУТ-ийн салбарыг хариуцсан юмуу ерөнхий сайдын шууд удирдлаганд ажилладаг агентлагийн хэмжээний байгууллага байх нь зохистой байж болох юм. Бидний хойт хөршид ШУТ-ийн салбарын бодлогод ерөнхийлөгч түлхүү оролцох чиглэлтэй байгааг ч бид бодолцох учиртай. ШУТ-ийн Улсын Хороо гэсэн боломжийн бүтэцтэй байсан үе бий.

Монгол улсын ШУТ-ийн салбарын бүтэц зохион байгуулалт, удирдлагын тогтолцооны талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдан нэг бус удаа ажиллаж байсан ч ахлагч нар нь энэ салбарын талаар төсөөлөл муутай хүмүүс байсан учир хүсэж, хүлээсэн шийдвэрүүд гарч байсангүй.

Бидний бодлоор бусад улсуудын жишгийг дагаж салбараа сайн мэддэг, тодорхой алба хашдаг, тухайлбал шинжлэх ухаан технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ахлуулсан мэргэжсэн ажлын хэсэг томилж ажиллуулбал богино хугацаанд тодорхой санал дүгнэлт боловсруулагдах боломжтой. Бид цаашид гүйцэтгэгч, харэгжүүлэгч байгууллагын зааг ялгааг нэлээд тодруулах хэрэгтэй байна.

2. Судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог өргөжүүлэх Сүүлийн үед манай зарим эрдэмтдийн ярьж бичиж байгаагаар ШУА, түүний салбар хүрээлэнгүүдийг тарааж, шинжлэх ухааны асуудал хөгжиж, эрдэмжсэн орнууд шиг Их сургуулиуд дээр ШУТ-ийн асуудлыг шууд төвлөрүүлээд явчих боломж одоогоор алга байна.

Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, бизнесийн байгууллагын холбоо, түншлэлийг өргөжүүлэх нь ШУТ-ийн салбарын шинэчлэлийн асуудлын нэг чухал хэсэг юм. Энэ нь манай орны хувьд салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лаборатори байгуулах, хувийн хэвшил болон гадаад орнуудтай хамтран шинжлэх ухааны инкубатор, технологийн парк байгуулах, салбар дундын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлуудаас эхлэх нь зүйтэй юм. Үүний зэрэгцээ Их сургуулиудын хийж байгаа судалгааны ажлын төрөл, түвшин, боловсон хүчний нөөц зэргийг харгалзан үзэж, улс орны ирээдүйд хэрэгтэй, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэн, үндэсний судалгааны төвүүдийг байгуулах, зарим хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэх зэрэг олон талт ажлууд хийгдэх шаардлагатай.

3. Сүүлийн үед ШУТ-ийн салбарын асуудлыг дан ганц ШУА-тай холбон ярих болсон нь нэн өрөөсгөл хандлага болно. ШУА-ын төрөлжсөн салбар академүүд, бага чуулганууд шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг дэвшүүлэн гаргаж ирэх, боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг сайжруулах, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, шинжлэх ухаан бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжлийн байдалд шинжлэх ухааны дүгнэлт өгөх зэрэг олон тал ажлыг гүйцэтгэж байгаа нь манайдаа л боломжийн бүтэц юм. ШУА-ийн бага чуулгануудад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Их сургуулиудын тэргүүлэх эрдэмтэд, судлаачидаас гадна төрийн байгууллага, хувийн хэвшлээс ч төлөөлөл байгаа нь үүнийг батлах үзүүлэлт болно.

ШУА-ийн академичдын бүтэц бүрэлдэхүүнийг ирээдүйтэй залуу эрдэмтэдээр сэлбэж, бага чуулгануудын эрх зүйн орчин сайжруулж, академик эрх чөлөөг нь өргөтгөх зэргээр шинэчлэгдэж байгааг үгүйсгэх учиргүй.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн 50 гаруй жилд ШУА өөрийнхөө хөгжлийн эхний шатын зорилтыг амжилттай хэрэгжүүлж хүрээлэн, салбарын академиудыг бойжуулан гаргасан нь бодит үнэн болно. Ер нь аль ч улсын ШУА, түүний дотор 180 шахам жилийн түүхтэй Америкийн Үндэсний Академи, 290 гаруй жилийн түүхтэй Оросын ШУА цаг үеийн хөгжлийн хандлагыг даган түүний зорилго, статус, бүтэц нь өөрчлөгдсөөр ирсэн болно. Манай ШУА ч гэсэн бие даасан, үндэсний хэв шинжээ илүү хадгалж төрөөс ШУТ –ийн талаар баримтлах бодлого, санал боловсруулах, ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт экспертиз хийх, төр засгийн байгууллагад зөвөлгөө өгөх, дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухааны ололт амжилтыг судлах, шинжлэх, түүнийг ашиглах зөвлөмж аргачлал гаргах эрдэм судлалын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлүүдээр эрдэм шинжилгээ, эксперт, зохицуулах үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсэг байгуулж удирдлагаар хангах, ШУТ-ийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэд, судлаачид, байгууллагыг алдаршуулах, нийгмийн ухамсар, сэтгэлээг шижлэх ухаанжуулах зэрэг чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй байна.

Ардчилалын хэмээх энэ 20 гаруй жилд бид нийгэм, эдийн засаг, улс төр, боловсрол гээд бүхий л салбар өөрийн гэсэн ямар ч онол номлолгүй явж ирснээс ямаршуу үр дүнд хүрчээд байгаа нь бидэнд тодорхой болоод байгаа юм бишүү. Үүний хамгийн наад захын жишээ нь ШУ-ыг ойлгож бас үнэлж мэддэггүй зөнөглөсөн парламенттай болчихсон байна.

Үе солигдох хэмжээгээр шинжлэх ухааны хөгжил урагшилж байдаг гэж Германы их физикч Макс Планк хэлсэн буй.

4. Эрдэмтэн судлаачдын чадамжийг дээшлүүлэх. Манай ШУТ-ийн салбарт чадварлаг залуу эрдэмтэн судлаачид олон байгаа ч салбарыг бүхэд нь авч үзвэл судлаачдын чадвар буурах хандлагатай байна. Энэ нь судлаачидруугаа чиглэсэн төрийн бодлого сул, их дээд сургуулиудад бэлтгэгдэж байгаа мэргэжилтэнүүдийн мэргэжлийн баримжаа, чадавхи хангалтгүй, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо дутмаг зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байна. Үүний уршигаар тус салбарт ажиллагсадын цалин, үнэлэмжинд ахиц гарахгүй байгаагийн зэрэгцээ хамт олны дийлэнх хэсэг болсон мэргэжсэн судлаачид дорвитой бэлтгэгдэж чадахгүйд хүрлээ.

Нөгөө талаар орон тооны хатуу хязгаарт захирагдаж, шаардлагатай чиглэлээр шинээр мэргэжилтэн авах боломжгүй байгаагаас нэг бол хүн халах эсвэл тэтгэвэрт гарах хүнийг хүлээх хоёрхон сонголтоос болж зарим салбарт эрдэм шинжилгээний ажилтнууд оворжих хандлага ажиглагдах болсоныг нуух юун. Өөрөөр хэлбэл нилээд газар ахмад судлаачид залгамж халаагаа бэлтгэж чадалгүйгээр халагдах хөөрхийлэлттэй хувь заяа хүлээж байна.

Иймээс судалгаанд суурилсан магистр, докторын сургалтын зэрэгцээгээр мэргэжсэн судлаачид бэлтгэх төрөл бүрийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хүн болгон эрдмийн цол зэрэг хамгаалах албагүй. Харин эрдмийн нийт хамт олон, үндсэн гүйцэтгэгчид мэргэшсэн, бас хүчирхэг байх шаардлагатай болно.

5. ШУТ-ийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах. Орчин үед шинжлэх ухааныг суурь судалгаа, технологи, инновац гэсэн бүтэн системийн хэмжээнд авч үзэхийн зэрэгцээ судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоонд шилжихийг эрхэмлэн зорьж байна. Энэ нь шинжлэх ухаан, боловсролын салбарын академик эрх чөлөөг өргөжүүлнэ гэсэн үг.

Өнөөгийн дэлхий дахины нийтлэг чиг хандлагаас үзэхэд улс орнуудын нийгмийн эдийн засгийн хөгжлийн түвшин инновацийн идэвхжил, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрээр тодорхойлогдох боллоо. Нөгөө талаар Монгол улсын боловсролын хуулинд: “Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ сургалтын, дээд сургууль нь эрдэм шинжилгээ сургалтын хэв шинжтэй байна” гэж заасан нь эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад судалгааны төвүүд хосолмол бүтэцтэй байж хөгжих замыг хаасан өрөөсгөл заалт болно.

Зарим талаар хангалтгүй ажиллаж байгаа хүрээлэн, судалгааны төвүүдийн түвшингээр салбарыг бүхэлд нь үнэлэх нь зохимжгүй байна. Иймээс эрдэм судлалын байгууллагуудын ажлыг 2-3 жилд төрийн эксперт хийх замаар өрсөлдөх, амьдрах чадварыг нь сайжруулах шаардлагатай байна.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ж.МИЖИДДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *