Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэхэн тавьсан замаа эвдэж, засварын ажил хийж эхэлсэнд иргэд дургүйцэж байна

Өнгөрсөн хавраас буюу дөрөвдүгээр сарын эхээр нийслэлийн хэд хэдэн газарт автозамын засвар хийж, шинэчлэн өргөгтгөх ажлыг явуулж эхэлсэн. Өдөр бүр л хотын хаа сайгүй том машин, техникийн нүргэлсэн их дуу чимээ, тоос, шороо босгон автозамын засварын ажлыг хийдэг. Нэг талаасаа нийслэлийн дэд бүтцийг сайжруулж байгаа хэдий ч нөгөө талаасаа автозам дагуу оршин суугаа иргэдийн тав тухыг алдагдуулдаг нь бодит үнэн. Гэвч амьдарч буй орчныг нь янзалж байгаа болохоор хэдэн сар тэвчихээс өөр аргагүй юм. Иргэдийг ийн бухимдуулж, замын түгжрэлийг нэг хэсэгтэй нам гацаан барин шинэ зам тавьж, бүрэн тохижилт хийж дуусгана. Гэтэл асар их хөрөнгө мөнгө гарган, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулан байж барьсан шинэ зам, тохижилтын ажлаа нэг өглөө сэрхэд л дахиад л ухаж, сэндийлгээд хаячихдаг нь харамсалтай. Иймэрхүү дүр зураг зуны гурван сар нийслэлийн хаа сайгүй л үзэгдэх болсон. Хамгийн ойрын жишээ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний сайн мэдэх 10 дугаар хорооллын туслах замын 812 мерт зам талбайн тохижилтын ажил юм.

Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлж, өнгөрсөн зургаадугаар сарын 10-ны өдөр бүрэн дуусгасан билээ. Мөн ажлын хүрээнд 144 у/м борооны ус зайлуулах шугам шинээр тавьж, 191 ширхэг автомашины зогсоол, 3890.7 м2 явган хүний зам, 5825 м2 зүлэг, 1220 у/м ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 70 ширхэг сандал, 31 ш хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэж дууссан. Дээрх тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхэд нийслэлийн төсвөөс 80 гаруй сая төгрөг зарцуулсан гэж байсан. Сул шороо ихтэй, автомашинуудаа эмх замбараагүй байрлуулдаг, иргэд хөлөө амраагаад суух ганц ширхэг сандалгүй, ойрын хэдэн жилд тохижилтын ажил огт хийгдээгүй энэ газарт авто зогсоол, ногоон байгууламж, хогийн сав, гэрэлтүүлэг, амрах сандал зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийгдсэнд иргэд баяртай байгаа.

Гэтэл шинэ автозам, ногоон байгууламж, амар тайван алхах явган хүний зам зэргийг дахин сэндийчиж, өөр нэгэн төрийн байгууллага засвар хийгээд хэдийн эхэлсэн байна. Тодруулбал 10 дугаар хорооллын туслах замын баруун уулзвар буюу “Жаст” шатхуун түгээх станцын зүүн урд уулзвараас зүүн тийш 100 орчим метр зам, талбайг ухаж, доогуур нь дулааны шугам, хоолойг сольж эхэлсэн байна. Энэхүү ажлыг “Байгууламж” ХХК гүйцэтгэн хийж байгаа аж. Оршин суугаа иргэдийн амар тайван байдлыг хэдэн сар алдагдуулж барьсан замаа дахиад л нурааж байна. Нийслэлийн төсвөөс гарсан тэр их хөрөнгө ийн шороон дор оржээ. Үүнд тухайн хороонд оршин суугаа иргэд, болоод автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нар бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан юм.

БГД-ИЙН ИРГЭН Б.ЖАРГАЛ: НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД, УИХ-ЫН ГИШҮҮД ИРЖ СҮРТЭЙ НЬ АРГАГҮЙ Л НЭЭЖ БАЙСАН ШИНЭ ЗАМАА ДАХИАД ЭВДЭЖ, ЗАСВАР ХИЙДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ

Энэ талаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн Б.Жаргал: Өнгөрсөн наймдугаар сарын дундуур энэ ажил эхэлсэн. Манайх энэ газраас холгүйхэн байдаг. Өдөр, шөнөгүй л энэ том машины дуу чимээ шороо тоос цонхоор орж ирж, тайван байлгах эцэсгүй болгож байна. Өнгөрсөн хавраас л эхэлсэн ажил шүү дээ. Тэгээд хэдхэн сарын өмнө нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүд ирж сүртэй нь аргагүй л нээж байсан биз дээ. Дахиад энэ замаа ингэж эвдэж, засварын ажил хийдэг нь ямар учиртай юм бол доо. Оршин суугаа иргэний хувьд хэцүүхэн л байна. Одоо энэ ажил хурдан дуусаасай л гэж бодох юм” гэлээ. Мөн энэхүү засварын ажлын талаар хэд хэдэн иргэдтэй уулзахад дээрх иргэнтэй адилхан сэтгэгдэлтэй байсан юм.

Учир байдлыг тодруулахаар Нийслэлийн захирагчийн албаны хүмүүстэй уулзах гэсэн боловч, гадуур ажилтай хэмээн хэвлэлийн ажилтан нь хэлж байв. Нэг ажлаа энэ мэтчилэн хоёр хийгээд байвал улс орон яаж хөгжих билээ. Анх засварын ажлаа хийж эхлэхдээ, зураг төслөө гаргахдаа бусад төрийн байгууллагуудтайгаа уулзаж, мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаад нэг ажлыг эхлүүлэх хэрэгтэй хэмээн олон нийт шүүмжлэж байна. Төрийн өмчийн компани, байгууллагууд хоорондоо харилцдаггүй, бие биенээсээ өрсөн тендэр авч, яаруу сандруу ажил гүйцэтгэдгийн балтгаар татвар төлөгчийн мөнгө салхинд хийссээр байгааг анхаарах хэрэгтэй.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *