Өнөө жилээс шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлж эхэлсэн. Автомашины улсын дугаар нэг, зургаагаар төгссөн бол нэгдүгээр сард, хоёр, долоогоор төгссөн бол хоёрдугаар сард, гурав, наймаар төгссөн бол гуравдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлж дуусгасан байх ёстой. Мөн дөрөв, есөөр төгссөн бол энэ сард татвараа өгөх ёстой бол ирэх сард автомашиных нь дугаар тав, тэгээр төгссөн жолооч нар татвараа төлөх юм. Өмнө нь татвараа зургадугаар сарын 1-нээс өмнө тушаасан байх ёстой гэсэн нийтлэг шаардлага тавьдаг байлаа. Тэр дагуу иргэд хаваржингаа тоохгүй явсаар зургадугаар сар гарахын өмнөхөн буюу тавдугаар сарын сүүлчээс л сая ухаарсан мэт татвар, оношилгооны газруудын гадаа уртаас урт дугаар үүсгэдэг байсан билээ. Жолооч нар автомашинынхаа татварыг төлж, үзлэг оношилгоонд оруулахын тулд үүрийн 04 цагт ирж дугаарладаг байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Ингэж бөөгнөрөх нь татварын болон оношилгооны ажилтнуудад хүндрэл үүсгэж 24 цагаар ажиллахад хүргэж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байсан. Монголчуудын аливаа юмны цагийг тулгадаг зан нь ийнхүү олон хүндрэл дагуулдаг учир холбогдох байгууллагууд нь зургадугаар сарын 15 хүртэл татвар авах хугацааг сунгаж байсан удаатай. Энэ бүхнээс татгалзаж, аль аль талдаа хүндрэл үүсгэхгүйн тулд дээр дурдсанаар дугаарын сүүлчийн тоогоор нь сар сараар ангилж татвар, оношилгоонд хамруулж байгаад иргэд ам сайтай байна. Гурвалжингийн гүүрийг даваад баруун гар тал руу эргэх замд “Хөсөг” трейдийн хашаанд үзлэг оношилгооны байр бий. Өчигдөр 16 цагийн үед тус байранд очиход ачаалал харьцангуй бага байлаа. Дугаарын төгсгөлөөр нь ийнхүү татварыг нь хурааж, үзлэг оношилгоонд оруулж байгаа нь хэн хэндээ саад бэрхшээлгүй байгааг тэндхийнхэн хэлж байв. Өдөржингөө дугаарлаж хүлээсэн жолооч нар бухимдаж, татвар, оношилгооны ажилтнуудтай ам муруйх, муухай харьцах зэрэг бэрхшээл гардаг байсан бол энэ жил ер нь тийм таагүй харилцаа гарахгүй байгаа нь ачаалал бага байгаатай холбоотой гэнэ. Ер нь жолооч нарын хувьд татвараа төлөх тал дээр жил ирэх бүр хүлээцтэй ханддаг болсон нь ажиглагдаж байгаа гэнэ.
“Хөсөг” дээр машинаа оношилгоонд оруулахаар хүлээж зогссон жолооч нартай уулзахад “Оношилгоон дээр асуудалгүй болжээ. Дугаарлаж цагаа алдах хэрэггүй болсон байна. Түргэн шуурхай орж байна. Харин татвар төлөхөд л жаахан хүлээж байна лээ. Банкинд л нэлээд дугаарласан” гэцгээж байлаа. Иргэдийн хувьд төлбөртэй лавлах утаснууд болон замын цагдаагийн утас болон 11-11 төв рүү холбогдож хаана, яаж татвараа төлөх вэ гэж асууж байгаа гэнэ. Дүүрэг бүр дээр албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах цаг байрлаж байгаа юм байна.
Жолооч нар “Татвараа л төлчихвөл оношилгоонд санаа зовоод байх юмгүй болсон байна. Цайны цагаараа ирээд орчиход л болох юм байна” гэж зөвлөж байлаа. Баянгол дүүргийн татварын хэлтэст очлоо. Эднийх ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа юм байна. Ямар нэг хүндрэл гарахгүй байгаа бөгөөд жолооч нарыг ирэхдээ бичиг баримтаа шалгаж бүрэн авчрахыг сануулж байлаа.
Тус хэлтэст автомашиныхаа татвар, хураамжийг төлөөд гарч ирсэн жолооч Н.Ариунбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд амьдардаг юм байна. “Миний машин есийн тоогоор төгссөн. Энэ сард татвараа өгөх ёстой гэдгээ өнгөрсөн сард хамаатныхаа дүүгээс сонсч мэдсэн л дээ. Цалингаа буухаар л татвараа төлье гэж бодсоор өнөөдрийг хүргэчихлээ. Миний машин 1500 мотортой. Татвар, утааны хураамж гээд нийтдээ 65 мянган төгрөг төлсөн. Өглөө ажил руугаа явахад хоёр ч удаа цагдаа зогсоож татвараа төлөхийг сануулсан. “Улаанбаатар” банкин дээр дугаарлаж л жаахан цаг алдлаа. Түүнээс өөрөөр хүндрэл үүссэнгүй. Банкинд л ачаалал байх шиг байна. Бусад жолооч нартаа хэлэхэд татвараа заасан хугацаандаа өгчихмөөр юм билээ. Татвараа төлчихсөн юм чинь одоо санаа амар явах боломжтой боллоо. Цагдаа нар ажлаа сайн хийж байна лээ. Намар есдүгээр сард машинаа оношилгоонд нь оруулна даа” гэж ярилаа. Шинэчилсэн журмаар ийнхүү татвараа хурааж байгаа нь хүндрэл үүсгэхгүй байгааг жолооч нар хэлж байгаа бөгөөд банкинд оочерлоход 30-40 минут зарцуулж байгааг эс тооцвол татвар хураамж төлөх, албан журмын даатгалд хамрагдахад хүндрэлгүй байгааг хэлж байлаа.
Уулзсан жолооч нарын хувьд татварыг ингэж сар сараар ангилж авч байгаа нь таатай ч нөгөө талдаа хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Өнгөрсөн жилийн тавдугаар сард татвараа татвараа төлсөн байтал шинэ он гарангуут л татвар нэхсэн нь хууль зөрчиж байгаа гэж үзэж байгаа гэнэ. Бүхэл бүтэн дөрвөн сар дутуу байтал дахин татвар авсан нь жолооч нарын түрийвчнээс дөрвөн сарын татвартай тэнцэх мөнгийг шударга бусаар авч байна гэж байлаа. Хан-Уул дүүргийн иргэн, сүүлийн 12 жил такси үйлчилгээнд явж байгаа өндөр настай Г.Догмид “Миний машин дөрвөөр төгссөн. Энэ сардаа амжиж татвараа төлж чадахгүй бол тэгээд бид яах болж байна. Шууд хүний эрхэнд халдаж, түрийвчтэй ярьж болохгүй. Гэхдээ зургадугаар сарын нэгэн хүртэл татвараа төлөөд дуусгачих ёстой юм дуулдсан. Даанч цагдаа нар нь явуулахгүй юм” гэж байлаа.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Тавдугаар сарын сүүлчээр татварын хэлтсүүд, оношилгооны газруудад ямар их ачаалал үүсдэгийг хүмүүс мэднэ шүү дээ. Зарим хүмүүс хоёр өдөр оочерлож байсан тохиолдол гарсан. Энэ жил тэр байдлыг өөрчилж, ачааллыг нэгээс тавдугаар сард жигд болгохын тулд ийнхүү дугаарын сүүлчийн тоогоор нь ангилж байгаа. Заасан хугацаанд татвар, хураамжаа төлөөгүй тохиолдолд мөнгөөр торгоно, эрх хасна гэх мэтээр буруу ойлгож буй асуудал байна. Цагдаагийн ажилтнууд жолооч нарт татвараа төлөөрэй гэдгийг сануулж л зогсоож байгаа юм” гэсэн хариулт өглөө.
Д.САРУУЛ