Categories
мэдээ нийгэм

Шинэ цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэж эхлээгүй байна

Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах ёстой 116 мянга 500 хүүхэд байгаагаас 78 хувь нь улсын болон хувийн цэцэрлэгт хамрагджээ. Харин 27 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй хоцорсон юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн сургуульгүй 62 хороо, цэцэрлэггүй 41 хороо байгаа гэх мэдээлэл бий. Харин өглөө, өдөр, оройн гурван ээлжээр хичээллэдэг 21 сургууль байна. Тэгвэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд нэмж 14 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах ажээ.

Эдгээр цогцолборын хоёр нь өнгөрсөн хавар ашиглалтад орсон. Харин үлдсэн 12-ыг 2015 ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Албаныхны хэлж буйгаар цогцолборын хоёр ч ажил удааширчээ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолборыг оны дараа ашиглалтад оруулахаар болсон байна. Харин үлдсэн 10 цогцолбор нь ондоо багтаж ашиглалтад орох боломжтой болжээ.

Цогцолборын хувьд нэг нь л 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэнэ. Хэрвээ эдгээр сургууль цэцэрлэгийн цогцолборууд хугацаандаа ашиглалтад орвол багаар бодоход 1200 гаруй хүүхдийг нэмж цэцэрлэгт бүртгэх боломж бүрдэх гэнэ. Одоогоор шинэ сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг бүртгэх ажил эхлээгүй гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орсны дараа хамран суралцах тойргийг тодорхойлох юм. Үүний дараа тойргийнхоо хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт шинээр бүртгэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *