Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн сэхээтэн инженер Г.Мөнхбатынх

Бурхан хүнийг бүтээдэг, бусдыг нь инженер бүтээдэг гэх үг бий. Улс орны хөгжил дэвшлийг инженерүүдийнх нь эрдэм мэдлэгээр тодорхойлдог цаг ирээд байгаа. “Танайд өнжье” булан энэ удаагийн дугаартаа улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй залуу инженерийн гэр бүлийг онцоллоо.

Өнгөрсөн баасан гаригийн их үдийн алдад зочинтойгоо уулзахаар Багшийн дээдээс урагш Буянгийн замаар уруудаж Юнион Буйлдингийн харалдаа очоод утас цохиход монгол загвартай цамц өмсөж, нүдний шил зүүсэн өндөр залуу биднийг тоссон нь “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн мэдээллэл технологийн хэлтсийн ахлах инженер Г.Мөнхбат байв. Түүний ажил хараахан тарах болоогүй байгаа бололтой. Оффисстой нь танилцахаар орлоо.

Г.Мөнхбат инженерийн аав Л.Ганхуяг, ээж Д.Цэцэг нар Хэнтий аймгийн Биндэр сумынх. Одоо хэр нь хувийн бизнесээ эрхлээд сумандаа аж төрдөг аж. Хот хороо бараадахыг урьтал болгодоггүй, сумандаа сайхан амьдрахыг илүүд үздэг талаар зочин маань ярив.

Г.Мөнхбат инженер Биндэр сумандаа 10 жилийн сургуулиа төгсжээ. “Би хангай газрын хүүхэд. Уран зураг шиг үзэсгэлэнтэй, онгон дагшин байгальтай нутагт төрж өссөн. Сумын сургуулиа 2004 онд төгссөн. Сургууль маань тухайн үед хоёр ширхэг л компьютертэй байв. Мэдээлэл зүйн хичээл ороход нэг хүүхэд гурван минут л компьютер ашигладаг байлаа. Тэр үед ногоон дэлгэцэн дотор багширсан жижигхэн жижигхэн зүйлс харагдаж байсан санагддаг юм. Компьютертэй анх иймэрхүү байдлаар танилцаж байсан” гэж 10 жилийн дурсамжаа хуваалцлаа.

Тэрбээр дунд сургуулиа төгсөөд Их сургуульд орохоор нийслэл хотод ирэхдээ Зуун айл орчимд цүнхтэй хувцсаа үүрээд “Элба” дэлгүүрийн ойролцоо бууж байжээ.

Г.Мөнхбат инженерийн аавынх нь төрсөн дүү тосч дэлгүүр лүүгээ дагуулж ороход битүү өрөөстэй компьютерууд угтсан нь түүнийг алмайруулж орхижээ. Ингээд хамаатныхаа дэлгүүрт ажиллахаар болсон байна. Бүтэн жил хэртэй ажиллахдаа компьютерийн талаар өөрийнхөө хэмжээнд л зузаан мэдлэг хуримтлуулж асван гэнэ. Ер нь энэ компьютерийн талаар илүү нарийн детальчилж судлах эрмэлзэл тухайн үед төрсөн талаар Г.Мөнхбат инженер хэлж байлаа. Улмаар ШУТИС-ийн холбоо мэдээлэл технологийн сургуулийн мэдээлэл хэмжлийн электроник ба мэдээллийн технологийн ангид элсжээ.

Компьютер, түүний бүтцийн талаар мэдээлэл хэмжлийн электроникийн мэргэжлээс нарийн ойлголтыг авчээ. Энэ мэргэжил нь электроник тал руугаа илүү судалдаг гэнэ. Харин мэдээллийн технологийн ангиас программчлал, программчлалын хэл, вэбийн талаар дэлгэрэнгүй судалжээ. Энэ хоёр мэргэжлийг хосоор нь эзэмшсэн хүн ямар нэгэн биетийг эцсийн түвшинд нь хүртэл бүтээх чадамжтай мэргэжилтэн болж боловсордог юм байна.

Энэ бүхнийг ярилцаж суухад ажлын цаг нь өндөрлөх тийшээ хандлаа. Мөнхбат инженерийн гэрт очихоор Баянзүрх захын ойролцоох есөн давхар ногоон байрыг зорьсон юм.

30 орчим насны эмэгтэй хаалга тайлсан нь Г.Мөнхбат инженерийн гэргий Н.Золзаяа. Тэд ижилхэн инженер мэргэжилтэй. Г.Мөнхбат, Н.Золзаяа нар оюутан ахуйдаа танилцжээ. Эхнэр нь мэдээлэл технологийн чиглэлээр хувиараа бизнес эрхэлдэг аж. Том охин М.Сувдансондор нь долоон настай. Плехановын нэрэмжит сургуульд суралцдаг гэнэ. Харин бага хүү Г.Молор-Эрдэнэ нь өнгөрсөн жил сургуульд оржээ. Эдний гэр бүл хүүхдүүдийнхээ хөгжил төлөвшилд ажил мэргэжлээсээ ч илүү ач холбогдол өгдөг гэсэн. “Хүүхдүүд эцэг эхийн сонголтын золиос болох гээд байдаг. Тийм хүн болгоно гээд л хүчилдэг хандлага ажиглагддаг. Хүүхэд өөрийнхөө дурлаж сонгосон чиглэлээр явбал амжилтад хүрэх магадлал өндөр. Цаг гаргаж ярилцаж байх нь чухал. Миний хувьд хүүхдүүдээ 18 нас хүртэл бүх боломжоор нь хангаад гурван төрлийн хэлтэй болгоно. Эрүүл бие бялдартай байлгах үүдээс йогоор хичээллүүлдэг юм. Сонирхлынх нь дагуу хөгжмийн дугуйланд ч явуулж байгаа. Ингэж яваад л өөрийгөө олох байх. Сонирхсон мэргэжлээр нь л дэмжээд боловсрол эзэмшүүлнэ дээ. Оюун ухаан, бие бялдар, эрүүл мэндийн хувьд төгс бүтээгдэхүүн нийгэмд бэлтгэж гаргахын төлөө ажиллана” гэж гэрийн эзэн Г.Мөнхбат хэлж байлаа. Коронавирусийн тархалт аюул дэгдээгээд буй энэ үед хүүхдүүдээ хөдөө өвөө, эмээ рүү нь явуулжээ. Хүүхэд байгальтайгаа ойр байх нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь сайнаар нөлөөлдөг талаар Мөнхбат инженер хэлж байлаа.

Оюутны дөрвөн жилд Г.Мөнхбат инженер чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгджээ. Дөрөвдүгээр курсээ төгсөөд л аж ахуйн нэгж албан байгууллагуудад камержуулалт суурилуулаад эхэлсэн байна. Захиалгад ч дарагдаад ирж. Төрийн байгууллагуудаас хүртэл камержуулалт суурилуулах санал хэд хэд иржээ. Ингээд хувийн компани байгуулахаар сэтгэл шулуудсан гэнэ. Байгуулсан компаниа хөл дээр нь босгох гэж багагүй саад бэрхшээлийг туулсан талаараа хэлж байв.

Түүний байгуулсан “UMCS” компани өдгөө хөл дээрээ бат зогсчээ. Баянгол, Баянзүрх гэх томоохон дүүргүүдийн камержуулалтыг хариуцаж ажиллаж байгаа аж. Мөн барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлийн ажилд хүч хаяхаар төлөвлөгөө гаргаж төсөл боловсруулаад байгаа гэсэн.

Г.Мөнхбат “Инженер болсноор сэтгэлгээний цар хүрээ тэллэгддэг юм шиг санагдсан. Инженер хүний гаргаж байгаа шийдэл, төсөөлөн бодох чадвар нь бусдаас илүү хөгждөг. Хийсвэрээр сэтгээд бодит байдал хоёрын хооронд анализ хийхэд өөр өнцгөөс харж, өөр шийдлүүд гаргаж ирдэг юм билээ. Асуудлын голыг шуурхай олж хардаг нь инженер хүний давуу тал” хэмээн мэргэжлийнхээ талаар ярьж байсан юм.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ

Шинэхэн мэргэжилтэн Г.Мөнхбат тухайн үед байгуулагдаад удаагүй байсан “Эрдэнэс Таван толгой” компанид ажилд оржээ. Тэрбээр хувийн компанийнхаа үйл ажиллагааг авч явахаас гадна “Эрдэнэс Таван толгой” ХХК-д мэргэжлээрээ ажилладаг.

“2010-аад онд мэдээллийн технологийн салбарыг нэг их ойшоодоггүй байсан. Компанийн удирдлагууд ч ач холбогдлыг нь тэр бүр ойлгодоггүй байсан л даа. Компанийн хөгжлийн тулгуур мэдээллийн технологийн салбар нь доошоо уначихдаг, компанийн хөгжил дэвшил зогсонги байдалд орох үе ч байв.

Сүүлийн үед мэдээллийн технологийн ч холбогдлыг ойлгож энэ чиглэл рүү хүч хаяад эхэлж байна” гэж Эрдэнэс Таван толгой ХХК-ын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах инжер Г.Мөнхбат хэлж байлаа.

“Эрдэнэс Таван толгой” ХХК дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг ээлжинд нэг л мэдээлэл технологийн инженер ажилладаг юм байна. Интернэт сүлжээ, компьютер тоног төхөөрөмж, радио станц, камер зэргийг бүгийг нь хариуцдаг ажээ. Ганц хүн ийм өндөр ачаалал авахад их хугацаа авдаг талаар Г.Мөнхбат ярьж байв. Үүнээс шалтгаалж компанийн үндсэн бодлого, хөгжлийн стратегийн асуудлыг барьж авах боломж хомс байдаг аж.

“Мэдээллийн технологигүйгээр үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа явах боломжгүй болсон. Мэдээллийн технологи хөгжсөнөөр бүх зүйл цахим болж байна. Дэлхий нийтээр цахим болох шилжилтийн дөрөвдүгээр хувьсгал эхлээд байна. Үүнийг дагаад бүх зүйл цахим болоод ирэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлд анхаарах шаардлага тулгарч байгаа юм.

“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн хувьд стратегийн томоохон орд газар. Улсын төсөв бүрдүүлэлтээр тэргүүлдэг компани. Энэ компани руу долоо хоногт л 700-800 удаагийн цахим халдлага ирдэг. Компанийн дотоод үйл ажиллагаа, бүтээгдэхүүний үнэлгээ, гэрээний аюулгүй байдал зэрэг дотоод нууцлалтай мэдээллийг алдах эрсдэлтэй байдаг” гэв. Ихэвчлэн цахим халдлагууд БНХАУ, ОХУ, Канад зэрэг орнуудаас ирдэг ажээ. “Эрдэнэс Таван толгой компани”-ийн тухайд орчин үеийн firewall төхөөрөмжүүдээр цахим халдлагаас хамгаалдаг аж. Компанийн серверт байгаа чухал файлуудыг нь түүдэг, мөн түгжчихдэг аюул байдаг юм байна. Тайлах гэхээр биткойн нэхдэг аж. Компани үйл ажиллагаагаа явуулахын тулд нэхсэн мөнгийг төлөхөөс аргагүй байдалд хүрдэг гэх мэт олон эрсдэл байдаг гэнэ.

Харин дотоодоос халдсан тохиолдолд хаанаас ямар хаягнаас халдаж байгааг тусгай программын тусламжтайгаар хянадаг гэсэн.

ХУВЬ ХҮН ЦАХИМ ХАЛДЛАГААС ХЭРХЭН ХАМГААЛАХВЭ

Сүүлийн үед иргэд хувийн мэдээллээ алдаж гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэл дунд амьдарч байгаа.

Мэдээлэл технологийн инженер Г.Мөнхбат “Хувь хүн компьютер ашиглахдаа ямар сайт руу хандаж болох вэ, ямар сайт руу хандаж болохгүй вэ гэдгийг мэддэг байх ёстой. Тухайн сайт сертификаттай байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Хакерууд ямар урхи бэлдэж хүмүүсийн мэдээллийг авдаг талаар ойлголттой байх нь чухал. Хүмүүс нууц үгээ алдан данснаасаа хамаг мөнгөө алдчих тохиолдол байдаг. Иргэд хакеруудын урхинд орчихож байна гэсэн үг. Хакерууд сонирхолтой сонжоо явуулдаг. Хүмүүс сонирхоод нэвтрэхэд нь цаана нь mirror(толь) байршуулаад мэдээллийг нь хуулаад авчихдаг. Гэх мэтчилэнгээр хүмүүс мэдээлэлгүйгээс болоод алдаж байна. Мэдээллээ алддаг өөр нэг шалтгаан нь хаанаас ч хамгаагүй флаш авч ирээд комьпютертоо залгачихдаг. Тухайн флаш ямар ч вирустэй байж болно шүү дээ. Таны мэдээлийг гадагш нь дамжуулаад байх эрсдэлтэй. Энэ тал дээр хянамгай байх хэрэгтэй” гэв. Энэ нь өдөр тутмын амьдралдаа анхаарч, хэрэгжүүлбэл зохимжтой талаар тэрбээр хэлж байсныг онцолъё.

Улс орны хөгжилд инженерүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Мэдээлэл технологийн инжерүүдийн залуу үеийн төлөөлөл Г.Мөнхбат энэ тал дээр толгойгоо гашилгаж явдаг.

“Төрийн үйлчилгээний 40 орчим хувь нь цахим хэлбэрт шилжсэн байна. Цахим мэдээллүүд нэг серверт байрлана. Үүний цаана манай улсын мэдээллийн аюулгүй байдал яригдаж байгаа юм. Бид нар бүх комьютер тоног төхөөрөмжөө гаднаас авч байна. Захын наймаачин л дураараа компьютер зөөгөөд өнөөхийг нь төрийн байгууллагууд хэдэн зуугаар нь авч хэрэглэж байгаа. Компьютер мэдээлэл дамжуулах боломжтой байдаг. Нэг чип нэмээд үйлдвэрлэхэд л манайхан мэдэх боломжгүй. ТЕГ-т хянадаг лаборатори бий. Хил гаалиар орж байгаа олон мянган компьютерт ямар ч хяналт байхгүй. Хүссэн үедээ мэдээллээ алдах эрсдэл манайханд байгаа. Манайхаас бусад оронд ач холбогдол өгч стандарт тогтоож, дээрээс нь шалгалтын ажиллагаа хийдэг.

Хяналтгүй нэвтэрч байгаа компьютеруудыг шалгах лаборатори зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүний цаана Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал яригдаж байна.

АНУ, Хятад зэрэг том гүрнүүд таарамж муу байдгийн нэг шалтгаан нь энэ. Шинэ санаа, томоохон төслүүдийг нь хакердаад хулгайлчихдаг. Шинэ санааг нь түрүүлээд хэрэгжүүлчихдэг. Энэ асуудал даамжираад гүрнүүдийг зөрчилд хүргэдэг.

Манайхны хувьд кибер аюулгүй байдал тал руугаа онцгой анхаарах цаг болсон. Тусгай байдалд дуртай газар нь халдах гээд байна. Аюулгүй байдлыг хянадаг лаборатори, стандарт нэвтрүүлэх хэрэгтэй. Тэр цагт тулгамдаад байгаа асуудлууд шийдвэрлэгдэнэ” гэж Г.Мөнхбат инженер хэлж байна.

Манайх хяналтгүй нэвтэрч байгаа компьютеруудад хянах лабратори нэн тэргүүнд харэгцээтэй байгааг онцолсон. Үүнээс гадна компьютеруудийг бодлогоор нэг газраас нийлүүлж байх нь учирч болох эрсдэлээс сэргийлэх талаар ярьж байлаа.

Бидний урд хөрш гэхэд л дотооддоо үйлдвэрлэсэн компьютерээ хэрэглэж импортын компьютеруудийг хэрэглээнээс шахах дөрвөн жилийн төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгааг Г.Мөнхбат инженер онцолж байв.

Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Төсөл хөгжлийн төвийг ажиллуулдаг юм байна. Тус төв нь жижиг дунд үйлдвэрлэл нь тодорхой хугацаанд явж байгаад уналтад орсон, цааш яаж хөгжихөө мэдэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч ажилладаг. Тэрбээр нийгмийн дунд давхаргыг дэмжиж хөгжүүлснээр улс орны эдийн засаг урагшлахад тустай гэв.

Сум болгон л өөрийн онцлогт тохирсон үйлдвэрлэлтэй, иргэд нь ажлын байртай байж хөгжинө гэж Мөнхбат инженер үздэг аж. Тэрбээр мал аж ахуйн орон Биндэр сумандаа махны үйлдвэр байгуулахаар судалгааны ажлаа эхлүүлжээ. Үүнийг дагаад малын арьс шир,яс ясан бүтээгдэхүүнийг нь боловсруулах цогц үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байгаа гэсэн.

Инженерийн сэтгэхүй улс орны хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байдаг. Унасан газар угаасан усныхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хийж бүтээж, залуу үеийн төлөөлөлд үлгэр дуурайл болж буй шинэ цагийн сэхээтэн инженерийн гэр бүлийг өнжин сурвалжлахад ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *