Энэ удаагийн ДАШТ-д үзэгч түмний мэлмийд өртөхөөр хоёр шинэ санаачилга нэвтэрсэн. Хэрвээ хаалттай торгуулийн цохилт гүйцэтгэх болбол талбайн шүүгч бөмбөг тогтоох цэг, түүнээс есөн метрийн зайд зогсох хаалт гэсэн хоёр газарт цагаан шингэн цацаж байгаа биз. Уг нь нэг их шинэ санаа биш. Латин Америкийн багууд нутагтаа энэ “Шбос”-ыг хэрэглээд удаж байгаа. Зүгээр л ОУХХ энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн сахлын хөөсийг ашиглая гэдгийг зөвшөөрсөн учраас дэлхий нийтээрээ харах боломж гарч байгаа нь энэ. Гол зорилго нь өрсөлдөгч багууд шүүгчийн тогтоосон цэгээс бөмбөг болон хаалтыг хөдөлгөж дүрэм зөрчөөд байдгийг л зогсооход чиглэсэн юм. Харин нөгөө санаачилга нь хөрөнгө мөнгө шаардсан жинхэнэ технологийн шинэчлэл билээ. Их л удаан эсэргүүцэж байж энэ удаагийн ДАШТ-д туршиж байгаа шинэ санаа.
Хаалганы ойролцоо талбайд соронзон орон үүсгэх утаснууд зүлэгний дор суурилуулж дохио дамжуулах чиптэй бөмбөг зураас давсан тохиолдолд ерөнхий шүүгчийн бугуйд байгаа цагт мэдээ өгнө. Түүнээс гадна өндөр чадалтай долоон камер компьютерийн дүрслэлээр бөмбөгийн байрлалыг та бидэнд харуулна. Энэ шинэчлэлийн эхний ачийг өчигдрийн Франц-Гондурас тоглолтын хоёр дахь гоолын үеэр анзаарсан буй заа. Хуучнаараа байсан бол шүүгч анзаарахгүй, хожим нь баахан хэрүүл маргаан болоод л үлдэх байлаа шүү дээ. Ийм шинэчлэл хийвэл хөлбөмбөгчид бичлэг үзнэ гээд тоглоом зогсоогоод удна гэх юм эсэргүүцэгчид яриад маргаад байсан. Огт тийм юм байхгүй, тоглоом явдгаараа яваад л үргэлжлээд л байна лээ. Эртхэн л ийм шинэчлэл хийх хэрэгтэй байж. Тэгсэн бол 2010 онд Лэмпардын цохиж Нойерын хаалганд хийсэн гоол зөвшөөрөгдөж германчууд хожигдох байсан ч юм уу хэн мэдлээ.