Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайдад нэр дэвшигчдээ УИХ-д танилцуулан хэлэлцүүлж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн намтрыг танилцуулж байна.
Засгийн газрын гишүүдийн намтар:
Шадар сайд С.АМАРСАЙХАН: 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд “Оюуны-Ундраа” группийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.
ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ: 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай. 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль, 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Ц.Нямдорж нь Төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан туршлагатай.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Х.Нямбаатар нь улсад 20 жил, үүнээс төрийн албанд 11 жил ажилласан туршлагатай.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирал, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН: 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 51 настай. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал, 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017 – 2020 онд Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Л.Энх-Амгалан нь улсад 28 жил ажилласан туршлагатай.
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ: 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 48 настай. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз-хур” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд Монгол ардын хувьсгалт намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол ардын намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны Дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан.
Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ: 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. 1989 онд Нийслэлийн Багануур дүүргийн 64 дүгээр сургууль, 1995 онд Техникийн их сургууль, 2006 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Удирдахуйн ухаан, эрчим хүчний магистрийн зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, инженер, Албаны дарга, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “Багануур-Энерги” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Н.Тавинбэх нь улсад 26 жил, үүнээс эрчим хүчний салбарт 24 жил ажилласан туршлагатай.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 56 настай. 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Петербург хотын Зам харилцааны их сургууль, 1998 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Хүндэт профессор цолтой. 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газарт хашаа цэвэрлэгч, 1983-1985 онд мөн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын техникумд багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвийн захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газрын орлогч дарга, 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Л.Халтар нь зам, тээврийн салбарт 33 жил, үүнээс төмөр замын салбарт 30 жил ажилласан туршлагатай.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН: 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 42 настай. 1996 онд Ховд аймгийн арван жилийн 1 дүгээр сургууль, 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистрийн зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “Магнат Тайэрс Монголия” ХХК-ийн захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. З.Мэндсайхан нь улсад 19 жил, үүнээс төрийн албанд 6 жил ажилласан туршлагатай.
Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР: 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай. 1992 онд Төв аймгийн арван жилийн 2 дугаар сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хороонд улс төрийн ахлах ажилтан, 2002-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2019 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2020 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. Б.Мөнхбаатар нь улсад 19 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 12 жил ажилласан туршлагатай.
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР: 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистрын зэрэгтэй. 1989-1994 онд Ардын армийн 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 318 дугаар ангид салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яаманд Төрийн захиргааны удирдлагын газарт орлогч дарга, хэлтсийн дарга, 2014-2020 онд мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Г.Сайханбаяр нь батлан хамгаалах салбарт тасралтгүй 32 ажилласан туршлагатай.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.АРИУНЗАЯА: 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1 дүгээр сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын менежментийн магистрын зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөцийн тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна. А.Ариунзаяа нь улсад 16 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 5 жил ажилласан туршлагатай.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 54 настай. 1985 онд Улаанбаатар хотын арван жилийн 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 2002 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD) зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1991-1998 онд Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан, 2002-2007 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер, 2007-2009 онд “Монголросцветмет” ХХК-д ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Шижир Алт” уулын үйлдвэрийн захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Баргилт” уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018-2020 онд “Монголросцветмет” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Г.Ёндон нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан туршлагатай.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль, 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна. С.Энхболд нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН: 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.
Соёлын сайд Ч.НОМИН: 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.