Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шинэ хүнс хэрэглэх нь хоолны хордлогоос сэргийлдэг

Наадмаар мэргэжлийн хяналтын байцаагчид майонезтай хоол хүнс худалдуулахгүй гээд хяналт шалгалт хийгээд байсан даа. Учир нь мах, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн болсон хоолонд нян өсөж үрждэг. Нэг нян хоёр дахин их тоотой болоход ердөө 15 минут хэрэгтэй байдаг бөгөөд зургаан цагийн дотор нэг нян 16 сая болдог аж. Тиймээс баяр наадам цалгисан энэ улиралд анхааруулах үүднээс хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх талаар сонирхуулъя.

Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол, хүнсийг гаднаас нь хараад мэдэх боломж бараг байхгүй. Ерөнхийдөө хүнсийг хэр удаан хадгалсан байна төдий чинээ аюултай. Мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотойгоор хордлого өгдөг. Хоолны хордлогод тав хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс илүү өртөх магадлалтай байдаг аж. Хордлого авсан тохиолдолд хооллосноос хойш хэдэн цагийн дотор голдуу бөөлжих, халуурах шинж тэмдэг илэрдэг.

ДЭМБ-аас гэрийн нөхцөлд хоол бэлтгэхдээ анхаарах таван зарчим гаргасан байдаг байна. Тодруулбал, цэвэр байх, болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгалах, хоол хүнсийг гүйцэд болгох, хүнсийг зохих хэмд хадгалах, ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох зэрэг юм. Хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл гэрийн нөхцөлд давстай ус ойр ойрхон ууж бөөлжих, нүүрсэн эмийг дөрвөн цагийн зайтай дөрөв дөрвөөр нь давхарлаж уух, хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Хэрэв хордлогын шинж тэмдэг илрээд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх буюу цустай суулгаж, дотор муухайрч, бөөлжиж, өндөр халуурвал яаралтай эмчид хандах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөдөг.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *