Categories
мэдээ цаг-үе

“Шинэ-Эрин” сургуулийн шилдэг анги 7б

“Нэг ангийнхан” буландаа энэ удаа БСШУЯ-ны харьяа “Шинэ Эрин” сургуулийн 7б ангийнхныг онцоллоо. Тус сургууль нь олон улсын Кембрижийн хөтөлбөрийн сургалттай бөгөөд бидний зочид сургуулийнхаа хамгийн шилдэг анги юм. “Багш аа, өөрийнхөө ангид орж зураг авахуулъя” хэмээн ангийн хөвгүүд шуугилдана. Харин охид багшийнхаа зааврыг хүлээн ажиглах аястай. Хөвгүүдийн саналыг хүлээж авсан багш хоёр давхрын зүг ангийнхныгаа дагуулан явж нэг ангийн үүдэнд очив. Тус ангид ахлах ангийнхан хичээлтэй байсан бөгөөд ном дэвтрээ хураан ангиас гарах мөчид үүдэнд хүлээж байсан нүдний шилтэй дэлдэн бор хүү “Та хэзээ үсээ ингээд засуулчихаа вэ. Янзтай” хэмээн ахлах ангийнхаа сурагч руу жуумалзана. Ингээд анги сулармагц сурагчид ширээ ширээндээ сууцгаав. Энэ бол “Шинэ Эрин” сургуулийн 7б ангийнхан. 13 хөвгүүн, долоон охинтой. Анги удирдсан багш нь П.Амартүвшин. Ангийн хөвгүүд “Манай сургуулийн захирлыг Амартүвшин гэдэг. Гэхдээ эрэгтэй. Харин манай багш эмэгтэй. Ийм л ялгаатай даа” гэж өөр хоорондоо хөөрцөглөнө. Багш хамгийн цэвэрхэн бичигтэй гурван хүүхдийг дуудаж, бичгийн хэвийг нь шалгав. Хүүхдүүд энэ ч гоё бичдэг, тэр ч гоё бичдэг хэмээн бие биенээсээ өрсөж дуугарах. Тус ангийн өнцөг, булан бүрт математикийн бодлого, томъёо бичсэн самбарууд харагдана. Учир нь ангийн багш П.Амартүвшин математикийн хичээлээр мэргэшчээ. Тэгээд ч бүх хичээл англи хэл, монгол хэлээр давхар ордог байна. Тэрээр “Шинэ Эрин” сургуульд 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь даан авсан анги нь 7б-гийнхэн. Тэрээр “Миний хувьд ахлах ангийнханд математикийн хичээл заадаг байсан. Харин энэ ангиа дааж авахад анхандаа дасч өгөхгүй байлаа.

Бүх зүйлийг надаас асууж шалгаана. Багшийнхаа гарыг харна. Аливаа зүйлийг нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бага ангийн сурагчдыг бодвол арай бие даасан гээд бодохоор ахлах ангийнхнаас хамаагүй балчир. Тиймээс зөвхөн мэдлэг олгохоос илүү хүмүүжилд нь хамгийн сайн анхаарч, зөв үлгэр дуурайлал өгөх хэрэгтэй. Одоо ч ангийнхантайгаа нэг цул бие л болсон шүү дээ” гэж ихэд сэтгэл хангалуун ярина. Багшийгаа ийн ярих зуур сурагчид чив чимээгүй ном уншиж, юм бичиж тэмдэглэнэ. Гэхдээ бидний ярианд чих тавьж, анхааралтай ажиглана. 7б ангийнхан аливаа тэмцээн уралдаан, нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд баг болж чаддаг учраас тэднийг сургуулийн тэргүүний ангиар үе тэнгийнхэн нь өргөмжилдөг байна. Өнгөрсөн оны зургадугаар сард VI ангиа төгсөхдөө нэг ч хүүхэд дунд, муу гэсэн үнэлгээ аваагүй бөгөөд бүх хичээлдээ ангиараа онц, сайн дүнтэй төгсч байжээ. Энэ нь мөн л бусад ангиудтай харьцуулахад тэргүүний үзүүлэлт болж чадсан байна. Тус ангийн сурагч Б.Түвшинжаргал математикийн олимпиадад оролцож, дүүргээс алт, нийслэлээс хүрэл медаль хүртэж байсан бол С.Өсөхбаяр дунд болон ахлах ангийнхантай хамт гар бөмбөгийн тэмцээнд орж дүүргийн аваргаар шалгарчээ. Гар бөмбөг маш чадварлаг тоглодог болохоор ахлах ангийнхан нь багтаа авч тоглуулдаг байна.

Манай зурагчин зураг авах гэтэл нэгдүгээр салаанд суусан охин хажуугийн охиндоо хандан “Түвшинжаргал аа, пиджакныхаа дотуур өмссөн яагаан цамцаа тайлчих. Тэгэхгүй бол маргааш манай ангийнхны зураг сонин дээр гарахад чи ганцаараа өөр цамцтай харагдана” гэж ирээд л хариуцлагатай гэгч нь хэлэв. Ангийн багш ч түүнийг дэмжив. Охин дуулгавартайгаар давхарлаж өмссөн цамцаа тайлах зуур ангийн бусад охид үсээ цэгцлэн боож, хөвгүүд пиджакныхаа товчийг янзлаад авлаа. Тэгснээ “Манай ангийг яагаад сонгосон юм бэ”, “Аав, ээждээ хэлнэ ээ. Ямар сонин билээ” гээд их л нухацтай асууж ихэнх сурагч тэмдэглэж авав. Бидний зүгээс ч сургуулийн тэргүүний анги учир онцлон зочилсноо тайлбарлав. Үүний дараа ангийн багш сурагчдаас ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар асуулаа. Сурагчид нэг нэгээрээ гар өргөн хариулцгаав. Хамгийн түрүүнд Б.Тэмүүлэн хүү босч ирээд “Би хүмүүстэй их чөлөөтэй ярилцах дуртай. Тиймээс би хуульч болно” гээд суув уу үгүй юу хоёрдугаар салаанд суусан М.Чингүн босон “Би эмийн үйлдвэртэй болно. Америкт зардаг эмийг манай улсад нэг ширхгийг нь маш өндөр үнээр авдаг тухай ээж надад хэлсэн. Гэтэл хорт хавдраар манай оронд маш олон хүн өвчилж, шаналж байна. Хэрвээ би эмийн үйлдвэртэй болчихвол тэр эмийг нь үйлдвэрлээд хямдхан зарж, олон хүнд буян болно” хэмээн ихэд хэрсүүхэн хариулт өглөө. Түүнээс хорт хавдрын талаарх мэдээллээ хаанаас авсан болохыг асуухад интернэтээс олж мэдсэн гэв. Сурагч бүр ирээдүйд хэн болохоо хэлэхийг ихэд хүсч байгаа нь илт. Нэг нэгнээсээ өрсөх гэж суудлаасаа байн байн өндөлзөнө. Ингээд Г.Номунд хэлэх эрх оногдлоо. Энэ охин архитекторч болох гэнэ. Учир нь аав, ээж нь барилгын инженер мэргэжилтэй төдийгүй хувийн компанитай аж. Тус компанид нь ах эгч хоёр нь бас ажилладаг байна. Тиймээс Г.Номун тэднийхээ хамт өөрийн хүссэн өнгө загварыг тусгасан сайхан барилга барих мөрөөдөлтэй гэнэ. Харин Н.Сүндэрьяа их л цовоо сэргэлэнгээр “Би уйлж буй хүнийг хараад инээлгэх юмсан гэж хүсдэг. Жүжигчин болчихвол би энэ хүслээ биелүүлж чадна” гэв. Түүний хувьд хошин урлагийн жүжигчин Ундармаа, Мөнхсайхан нарыг хүндэлдэг гэнэ. Ангийнх нь хөвгүүд хажуугаас “Бооёо ах гоё ш дээ”, “Онон бүр илүү” хэмээн хошигнолдож үймүүлэх янзтай. Гэтэл нэгдүгээр салаанаас Т.Нандин-Эрдэнэ шийдэмгий босч ирээд “Улстөрч болно. Уран илтгэгч болж хүмүүсийг байлдан дагуулах нь надад таалагддаг” гэхэд багш нь “Хэрвээ чамайг мундаг улстөрч болчихсон үед ангийнхан чинь очоод ажилд аваач гэвэл ажилд оруулна биз дээ” гэж асуухад “Үгүй. Би шударга улстөрч болно” гэв. Түүнийг сонссон ангийнхан нь “Өө” хэмээн уулга алдсан бол харин багш нь алга ташаад “сайн байна” гэж урамшуулав. Г.Баяржавхлан “Барилгын инженер болж шинэ барилга барихдаа хуучин барилгын хажууд барихгүй. Их үзэмжгүй, зохицолгүй харагддаг” гэсэн бол З.Үлэмж “Би ч бас хот төлөвлөдөг дарга болно. Одоо чинь зай гарвал байшин барьж, завсар гарвал гарааж барьдаг болж” гэж ирээд л ангийнхныгаа хөгжөөгөөд авав. Б.Түвшинжаргал, М.Болор-Эрдэнэ зэрэг охид эмч болох мөрөөдлөө хуваалцав. Харин Б.Галбадрах дэлхийн дулаарлын эсрэг нээлт хийж хүн төрөлхтнийг аврах бол Б.Бэлгүдэй, А.Очирбаяр нар хими, физикийн хичээлдээ илүү сонирхолтой учир олон шинэ нээлт хийх шинжлэх ухааны эрдэмтэд болох аж. Б.Мэнд-Амар нагац ахынхаа мэргэжлийг өвлөж замын инженер болох бол Б.Оргил онгоцны инженер болох тухайгаа ярив. Н.Ерлан тоо бодох маш дуртай. Түүнийг үеийн нөхөд нь “Нягтлан бодогч” хэмээн ирээдүйг нь өрсөөд тодорхойлчихов. С.Өсөхбаяр би зурагтаар олон гэмгүй хүн шоронд орж байна гэж сонссон. Тиймээс би буруугүй мөртлөө шалтгаангүйгээр шүүхэд дуудагддаг олон хүнийг өмгөөлөх өмгөөлөгч болно гэж бодож байна гэхэд нэлээд нухацтай бодож суусан А.Майдар “Би бүх хичээлдээ жигд сайн. Бүх мэргэжил надад сонирхолтой санагддаг. Тиймээс би Ерөнхийлөгч болно” хэмээн хэлэхэд ангид бөөн инээдэм болов. Түүнийг зарим найз нөхөд нь нударч “Чи чадах уу” хэмээн ёжлоход “Би чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж шулуухан дуугарав. Сурагчид ч маргасангүй. Тэрээр үнэхээр бүх хичээлдээ онц сурдаг учраас бүгд санал нийлсэн бололтой. Ийн сурагчид ээлж дараалан хэлсээр хоёр охин мөрөөдлөө хуваалцалгүй үлдсэн байв. Хоёрдугаар салаанд суух С.Цогзол охин “Би биологич болохыг маш их хүсдэг. Ургамал, амьтан гээд байгалийн амьд биетийг судлах нь надад таалагддаг” гэсэн бол өнөөх цамц давхарлаж өмссөн гээд ангийнхандаа зэмлүүлдэг охин А.Энгүүн их алдартай загвар зохион бүтээгч болохоо хуваалцав. Сурагч бүр ирээдүйн мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон. Түүнийхээ төлөө сурч, боловсорч байна. Үүнээс гадна ангиараа онц сурч дэлхийн топ-50 сургуульд элсэх зорилготой гэсэн сурагчдынхаа нууцыг ангийн багш задлаад авна лээ. Ингээд хичээлийн цаг ч дуусч завсарлагааны хонх дуугарлаа. 7б ангийнхан энэ сарын 25-нд Одон орон судлалын төв орохоо ярьцгаав. Нэг хүүхэд 3000 төгрөгөөр од эрхсийг дурандах гэнэ. Мөн ангиараа кино үзэх тухай ярьцгаан хоцров.

Гэрэл зургуудийг

Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *