Categories
мэдээ цаг-үе

Шин Хаймин: Хятадын тал Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ өөрөө ихийг нь авч, өрөөлд багыг өгөх ёсгүй

Өчигдөр БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин МУИС-ийн оюутнуудад зориулан лекц уншсан юм. Тэрээр Улаанбаатар дахь Хятадын өдрийн хүрээнд “Гар гараасаа барилцан хөгжиж Хятад, Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвийн хүрээнд тус сургуулийн багш, оюутнуудтай ярилцсан билээ. Түүний лекцийг товчлон хүргэж байна.

МУИС-ийн урилгаар ирж лекц унших завшаан олдсонд баяртай байна. Юуны өмнө миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс эрхэм хүндэт багш, оюутнууд та бүхэнд сар шинийн мэнд хүргэхийн зэрэгцээ шинэ онд сурлагын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. МУИС бол танай улсын хамгийн эртний түүхтэй их ургууль, эрдэм судлалын хамгийн өндөр түвшин бүхий нэр хүндтэй эрдмийн өргөө. Өнөөдөр оюутнуудтай уулзан Монголын ирээдүйн удирдагчидтай санал бодлоо солилцох завшаан олдсонд туйлын баяртай байгаа билээ. Би энд өнөөгийн Хятад орны хөгжлийн байдлаас та бүхэнд таницуулъя. Хятадын коммунист намын XVIII их хурлаас “Хоёр 100 жил”-ийн хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болох үед дундаж чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой болох үед орчин үеийн социалист улсыг цогцлоон байгуулна хэмээн зорьсон. БНХАУ-ын дарга Си Жиньпин энэхүү зорилтыг Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлыг хэрэгжүүлэх “Хятадын мөрөөдөл” хэмээн хураангуйлан хэлсэн билээ.

Эдүгээ Хятад улсын дотоод, гадаад бүх бодлого энэхүү стратегийн чухал том зорилтыг нягт тойрон хүрээлж, тогтвортой хэрэгжиж байна. Бид улс орны дотоод, гадаад байдлын хөгжлийн хувьсгал өөрчлөлтийг нийтэд нь төлөвлөж дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улсыг хуулиар иж бүрэн засах, намыг иж бүрэн чанд хатуу засах дөрвөн төгөлдөржилтийн стратегийн зорилт дэвшүүлж байна. Төр улсыг засах шинэ үзэл баримтлал, шинэ сэтгэлгээ, шинэ стратеги бүрэлдэн тогтож олон талын ажил үйлсэд амжилт олж байгаа билээ. 2020 он буюу ХКН-ын 100 жилийн ой тохиох үед бид “Хоёр 100 жил” тэмцлийн зорилтын эхний 100 жилийн зорилгод хүрсэн байх болно. Хөгжлийн стратегийн энэхүү чухал боломж, цаг хугацааг угтан харж өнгөрсөн жил хуралдсан ХКН-ын тавдугаар бүгд хурлаар улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх XIII таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай саналыг баталсан юм. Энэхүү төлөвлөгөө инновацийн хөгжил, зохицуулалттай хөгжил, ногоон хөгжил, нээлттэй хөгжил, хамтдаа хүрэх хөгжил гэсэн таван том шинэ үзэл баримтлал дэвшүүлж Хятадын хөгжлийн чин хандлагыг улам бүр тодотгосон. Эхний 100 жилийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэх тууштай баталгааг буй болгосон юм. Өнгөрсөн нэг жилд бид Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдлыг идэвхтэй танин мэдэж, дасан зохицож, удирдан залж, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг түргэтгэн, олон түмний бүтээн байгуулалт, инновацийг урагшлуулан, эдийн засгийн тогтуун хурдацтай өсөлтийг баталгаажууллаа. 2015 онд Хятадын эдийн засгийн 6.9 хувийн өсөлтийн хурд хэвээр үргэлжилж, дэлхийд тэргүүлсээр, даян дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүтээж, Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөтлөгчийн байр суурь урьдын адил өөрчлөгдөшгүй хэвээр байна.

Эрхэм хүндэт багш, оюутнууд аа, 2015 он Хятад улсын гадаад харилцаа бүх талаар урагшлан хөгжсөн жил байлаа. Хятад улс даян дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг олон талаар өргөн, гүн гүнзгий үр нөлөө бүхий дэс дараалсан Хятадын санал санаачилга, төсөл хувилбар дэвшүүлж ирлээ. Бид хамтран ажиллаж, хамтдаа хожих явдлыг гол цөм болгосон шинэ маягийн олон улсын харилцаа тогтоохыг Хятад улсын гадаад бодлогын чухал зорилт болгосон. Улсын дарга Си Жиньпин олон улсын чухал томоохон асуудлаарх Хятад улсын байр суурийг тайлбарлан, “хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны цогц нэгдэл”-ийг цогцлоох чухал томоохон үзэл баримтлалыг дэвшүүлээд байгаа билээ. Эрх тэгш харилцан оршсон нээлттэй, инновацийн, уужуу хүртээмжтэй, харилцан ашигтай хөгжлийн хэтийн төлөвийг эрэлхийлэхийг санаачлан дэвшүүлсэн. Хятад улс Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, даян дэлхийд энх тайван, шударга ёсны дуу хоолойг түгээлээ. Мөн НҮБ-ыг гол цөм болгосон дайны дараахь олон улсын системийг тууштай хамгаалж, НҮБ-ын дүрмийн эрхэм зорилгыг үндэс суурь болгосон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай сахин хамгаалж, хүн төрөлхтний нийгмийн энх тайван, шударга ёсыг баримтлах хэрэгт хүчирхэг эерэг эрч хүчийг бий болгож байна. Түүнчлэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон БРИКС-ийн шинэ хөгжлийн банк байгуулах санаачилга дэвшүүлж, хөгжиж байгаа орнууд олон талт санхүүгийн байгууллага байгуулах эхний шанг татаж, даян дэлхийн эдийн засаг, санхүүг удирдан засах, өөрчлөн шинэчлэх хэрэгт шинэ эрчим нэмж байна. Манай улс үндэсний мөнгөн тэмдэгт юанийг олон улсын нөөцийн валютын сагсанд багтаах ажлыг амжилттай хэрэгжүүлж, хөгжиж байгаа орны мөнгөн тэмдэгтийн олон улсын байр суурийг дээшлүүлсэн. Үүний үр дүнд өнөөгийн олон улсын валют, санхүүгийн систем улам боловсронгуй болж тэнцвэржиж байна. Хятад улс их гүрний өндөр үүрэг хариуцлагыг бүрнээ илтгэн харуулж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг даян дэлхийн хамтын ажиллагаанд чухал голлох үүрэг гүйцэтгэн 2020 оноос хойших цаг уурын өөрчлөлтийн тухай иж бүрэн, тэнцвэртэй, эрч хүчтэй, тогтоон барих чадалтай хэлэлцээр байгуулах хэрэгт чухал идэвхтэй хувь нэмэр оруулж байгаа.

Манай хоёр улс 4710 км газар нутгаар хиллэдэг. Монгол Улс бол Хятад улсын хуурай газраар хиллэдэг хөрш орнуудын доторх хамгийн урт хилийн шугам бүхий орон юм. Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал өнө эртний уламжлалтай. Хөрш орнууд болохын хувьд, бид чухам нийтлэг хувь заяаны цогц нэгдэл мөн билээ. 2014 онд Си Жиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ, Хятад, Монгол хоёр улс хэзээ ямагт харилцан тусалдаг сайн хөрш байх, харилцан ашигтай, хамтдаа хожсон сайн түнш байх, үргэлж харилцан зочилдог сайн найз байх ёстой гэж тэмдэглэсэн билээ. Миний бие өмнө нь Хятад улсын ГЯЯ-нд удаан хугацаанд Монголын чиглэлийн ажлыг хариуцаж байсан юм. Си Жиньпин даргын дэвшүүлсэн Хятад, Монголын харилцааны хэтийн төлөвийг би улам гүн гүнзгий мэдэрч байна. Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс хэзээ ямагт харилцан туслах нь чин үнэн сэтгэл мөн. Си Жиньпин дарга томилогдсоноосоо хойш Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй есөн удаа уулзалдсан бөгөөд хоёр орны удирдагчид бас ойр нягт харилцаатай байгаа. Си Жиньпин дарга Хятад улс Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно гэдгийг удаа дараа онцлон тэмдэглэж байна. Монгол Улс АПЕК болон ШХАБ-д элсэхийг манай улс дэмжиж, Хятад, Япон, Солонгос улсын хамтын ажиллагаа зэрэг олон улсын олон талт механизмд Монгол Улс тохиромжтой хэлбэрээр оролцохыг дэмжиж байгаа.

Өнөөгийн дэлхийн эдийн засгийн байдал сайнгүй байна. Монгол Улсын эдийн засаг бас тодорхой бэрхшээлтэй тулгараад байна. Гэвч Хятад улс олон жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хамгийн том хөрөнгө оруулагч орон хэвээр байна. Хятад улстай хийх худалдаа Монгол Улсын нийт гадаад худалдааны тэн хагасыг эзэлсэн хэвээр байгаа. Дэлхий дээр өдий төдий улсын Хятад улстай хийдэг гадаад худалдааны тэнцэл алдагдалтай байдаг бол Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл олон жилийн турш ашигтай байна. Си Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэр, Монгол Улс транзит тээвэр, далайд гарах гарц зэрэг салбарт ихээхэн анхаарал тавьж байгааг шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлах үеэр, манай тал Монголын талын санал хүсэлтийн дагуу Монгол Улс БНХАУ-д үхэр, хонины мах экспортлох асуудлыг шийдвэрлээд байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын экспортолсон үхэр, хонины махны эхний хэсгийг Хятадын зах зээл дээр гаргаж, Хятадын ард иргэдийн зоогийн ширээн дээр тавиад байна. Эдүгээ хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Хятад, Монголын чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ зэргийг идэвхтэй урагшлуулж, эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэлцээр байгуулахаар судалж байгааг дуулгая. Амгалангийн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц ээлж дараалан ашиглалтад орсон буюу бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлжээ. Мөн Оюутолгойн зэсийн ордын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг Хятадын тал идэвхтэй дэмжиж, эрчим хүчний хангамж, төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалт зэрэг салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж, хоёр тал Таван толгойн нүүрсний ордыг нээж олборлох хамтын ажиллагааны талаар нягт хэлхээ холбоотой ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улстай хүмүүнлэгийн салбарт харилцах иж бүрэн төлөвлөгөө дэвшүүлсэн билээ.

Хятадын тал Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ өөрөө ихийг нь авч, өрөөлд багыг өгөх ёсгүй. Өөрөө хожиж, өрөөлийг хохироох ёсгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтай байж хамтдаа хожих ёстой.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *