Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Энэхүү хуулийн төслийн зорилго нь төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах. Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой ил тод, нээлттэй, шуурхай мэдээлэх замаар харилцааг зохицуулсан байна.
Өмнө нэг удаа буцсан энэхүү хуулийн төслийн нэрийг өөрчлөх саналыг гишүүд гаргаж байсан юм. Мөн төсвийн зарцуулалттай холбоотой мэдээллийг цаасаар нийтэд мэдээлэх заалт байсныг үрэлгэн байна, их хөрөнгө мөнгө зарцуулна гэж шүүмжилсэн. Иймд хуулийн төсөлд эдгээр байдлыг харгалзан үзэж мэдээллийг албан байгууллагууд цахим хуудсандаа байршуулах, вэб хаяггүй бол байгууллагынхаа үүдэнд самбар байршуулж олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээхээр болов. Дараагаар нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Уг хуультай хамтатган Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд орж ирж байгаа юм. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай эдгээр хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс өмнөх чуулганаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв. Бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай энэхүү хуулийн төслийг гишүүдийн олонхи нь хэлэлцэхийг дэмжсэн юм.
Мөн өдөр Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг шинээр боловсруулсан байна. Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэх зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулжээ. Ингээд Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хойшлуулав
Пүрэв гаригийн үдээс хойших чуулганы хуралдаан хяналтын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулснаар эхэллээ. Ийн УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.
Үүний дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төсөл буюу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэх товтой байв. Гэвч байнгын хороогоор энэ долоо хоногт асуудлыг хэлэлцсэн учраас ирэх долоо хоногт хэлэлцсэн ч болохгүй гэх зүйлгүй гэж үзээд асуудлыг хойшлуулсан. Гэнэт ийм шийдвэр гарсантай холбогдуулан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат санал хэлж “Н.Батбаяр сайдтай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй юм бол энэ өдөр хэлэлцэх бусад асуудлаар завсарлага авъя” хэмээсэн. Тэгэхэд бүлгийн гишүүд нь түүний саналыг дэмжээгүй тул хуралдаан хэвийн үргэлжилж Д.Эрдэнэбат дарга танхимыг орхив.
Үргэлжлүүлэн Газрын тосны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Газрын тосны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулгыг хийснээр байнгын хороон дээр гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Нийт 30 гаруй зүйл заалт дээр байнгын хорооны гишүүд санал гаргасныг гишүүд хэлэлцэн шийдвэрлэлээ. Гишүүдийн хэлэлцсэнээс товч дурдвал уг хуулиар эрлийн гэрээ, хайгуул ашиглалтын гэрээ гэж тусдаа хийгдэх юм байна. Эрэл гэдэг нь газрын хөрсөнд өрөм зоолгүйгээр долгион болон хиймэл дагуулаар хийсэн судалгааг хэлэх бөгөөд Д.Лүндээжанцан гишүүн “Зөвшөөрөл өгөөд л үйл ажиллагааг нь явуулж болохгүй юу” гэдэг саналыг дэвшүүлж байлаа. Харин Хайгуул, ашиглалтын гэрээ нь хайгуул хийж байгаад орд илэрвэл шууд ашиглана гэсэн агуулга аж. Тэрчлэн газрын гадарга дээр хийгээд гүнд байгаа бүх газрын тос нь төрийн өмч байх агаад ашиглалтын шатанд хэн нь хэдэн хувь эзэмших вэ гэдгийг зохицуулах юм байна. Гадны компаниуд үйл ажиллагаа явуулж байх агаад бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашиг шимээ ангилах гэнэ.
Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газарт ч газрын тосны эрэл хийж болох бөгөөд тухайн бүсэд орд илэрвэл Засгийн газар, УИХ дээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалт оржээ. Энэ үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчээр, бусад хууль тогтоомжуудаар далимдуулан олигархи компаниуд хөлждөг тогтолцоо бий шүү” гээд “Петровис” компанийн нэрийг дурдсан нь олон гишүүний ундууцлыг төрүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд “Чи хэн болчихоод ингэж Монголын хэдэн компанийг ад үзэж байдаг юм. Чи хэн юм” гэж ирээд шуугихад О.Баасанхүү гишүүн асуултынхаа хариуг ч сонсолгүй хуралдааныг орхин одсон. Ийм өнгө аястайгаар газрын тосны тухай хуулийг хэлэлцэж “Тээвэрлэлтийн асуудлыг яагаад ярихгүй байна. Хувингаар зөөх юм уу” хэмээн шүүмжилсээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас НӨАТ-ын болон Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийг татан авч байгааг танилцуулав.
М.ЦЭЦЭГ
Л.МӨНХ