Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой тун ноцтой зүйлийг ярьсан. Тэрээр “Сангийн сайд Б.Жавхлан ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сан гээд Монголбанкинд байдаг сангаас “Зэт финанс” банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан. Ингэж Сангийн сайд нь Хөгжлийн банк, ЖДҮ, Бичил зээлийн сан, Төрийн банк гээд бүгдийг нь мөлждөг байж болохгүй” гэж ил цагаан шууд хэлсэн. Тэгээд зогсохгүй Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах түр хороо Сангийн сайдтай холбоотой нөхдүүдээс шалгалтаа эхлэх хэрэгтэйг онцгой анхааруулж, АТГ-т улс төрийн хүчин мөхөстөөд байвал УИХ үүнийг шийдэж өгөх ёстой гэдгийг хүртэл хэлсэн.
Үүний хариуд Б.Жавхлан “Даваасүрэн гишүүний надтай нэр холбоод байгаа Хөгжлийн банкнаас зээл авсан Дархан-Уул аймгийн хоёр аж ахуйн нэгж надтай ямар ч хамаагүй. Дарханы “Ган хүдэр” Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. “Зэт финанс”-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэдэг бас худлаа” гэх тайлбарыг өгсөн. Сангийн сайдын хувьд өөрийгөө өмөөрч, надтай ямар ч холбоогүй гэж хэлэх нь зүйн хэрэг. Хүн л юм болохоор өөрийгөө өмөөрөлгүй яахав. Гэхдээ Ц.Даваасүрэн гишүүн ямар өвчин туссан биш, галзуу хүн биш Их хурлын танхимд хамт сууж байгаа, нэг намынхаа, хамтран зүтгэгчийнхээ тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ингэж худлаа гүтгэмээргүй юм. Эсрэг намын хүн бол худлаа гүтгэлээ, дэгсдүүллээ гэж бодохсон. Нэг намын хүн яаж ч бодсон нэгнээ ингэж улайм цайм худал хэлмээргүй юм.
Энэ хоёр бол жирийн иргэд биш. Хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай Их хурлын гишүүн, төрийн сайд хүмүүс. Ц.Даваасүрэнгийн хувьд бүх насаараа Сангийн яаманд хариуцлагатай алба хашсан, төрийн сайд, Төрийн сангийн газрын захирал, 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож ирсэн төрийн түшээ, Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж байсан, Эрчим хүчний сайд байсан ийм хүн. Ингэж бүх насаараа Монгол төрд өндөр дээд алба хашсан энэ хүн хариуцлагагүй, болчимгүй мэдэгдэл хийж, зүгээр нэг оноо авах гэж үнэнийг хэлдэг баатар болон Их хурлын танхимд жүжиглээгүй байх гэж итгэж байна.
Тиймээс Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үг үнэн эсэхийг тусгай комисс гарган албан ёсоор шалгах хэрэгтэй байна. Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн асуудлыг хууль шүүхийн байгууллага нэн даруй шалгаж, үнэн мөнийг нь хуулийн дагуу эцэслэн тогтоох хэрэгтэй байна. Үнэхээр банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумаар гурван удаа зээл авсан нь үнэн юм уу, Их сургуулийн ангийн найз Ч.Мөнхбаярыгаа Зээлийн газрын захирлаар тавьсан нь ямар учиртай юм бэ, ашиг сонирхлын зөрчил байсан уу, “Чингис” банкинд 49 тэрбумыг байршуулаад байхгүй болгосон гэдэг нь үнэн юм уу гэх эдгээр ноцтой баримтуудыг нэг бүрчлэн шалгахыг шаардаж байна.Сангийн сайд Б.Жавхлангийн нийгэмд үүсээд байгаа дээрх асуудлыг хууль шүүхийн байгууллага шалгаж үнэн мөнийг нь тогтоохоос өмнө түүнд хариуцлага хүлээлгэн огцруулах хэрэгтэй.
Монголчууд бид ер нь ямар хүний гарт мөнгөнийхөө авдарны түлхүүрийг атгуулчихаад байгаа юм бэ. Өнөөдөр долларын ханш хэрхэн өсч, юмны үнэ хэд дахин нугарч, монгол төгрөг цаас болж ард түмний амьдрал яаж уруудан доройтож байгаа билээ. Сангийн яамны сайд нь ийм байхад Монгол Улс яаж ч өөдтэй өнгөтэй байхав гэж өөрийн эрхгүй бодогдож байна. Нэрнийхээ өмнө 900 тэрбумын тамга даруулчихсан Сангийн сайд Б.Жавхлан танд ард түмэн дургүй байна, итгэхгүй байна. Тиймээс эрх баригч Ардын нам энэ хүндээ хариуцлага тооцож Сангийн сайдын суудлаас авч хаях хэрэгтэй.
Ер нь Ц.Даваасүрэнгийн хэлсэнчлэн 2017 онд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны хуульд оруулсан юм байна. Тэгснээрээ эрх баригч Монгол ардын намын эрхтэн дархтан сайд дарга нар сонгуулийнхаа менежерүүдийг Хөгжлийн банкинд тавьж эхэлжээ. Тухайлбал, ТУЗ-ийн даргыг нь, Зээлийн захирлыг нь, Зээлийн хэлтсийн даргыг нь тавьж эхэлсэн байна. Б.Жавхлан гэхэд л ангийнхаа хүүхдийг Зээлийн газрын захирлаар, мөн Уянга, DВM лизингийн захирал Пүрэвсүрэн нарыг бас тавьсан байна. Ингэж Ардын нам сонгуулийнхаа мөнгөөр хөгжлийн банкийг мөлжиж босгож ирсэн юм биш үү. Даваасүрэнгийн үгнээс тэгж уншигдаад байна. АТГ-т өгсөн 23 комапанийн асуудал, дээрээс нь яригдаад байгаа алт, ноолуурын нэр бүхийн компанийн асуудлуудыг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй.
“Баялагийн сан, Хүний хөгжлийн сан, Ирээдүйн өв зэрэг сангуудаар орж ирсэн найман тэрбум доллар бүхэлдээ МАН засаглаж байх хугацаанд зарцуулагдсан. Тал нь халамж, тал нь тонуул. Гадаадад тавиад байгаа МАН-ын өр 4.5 тэрбум доллар буюу Чингис бондоос гурав дахин их. Гэхдээ Ардчилсан намын үед авсан Чингис бонд 21 аймгийг засмалаар холбосон, харин МАН 200 км Дарханы замыг ч дуусгаж чадаагүй. Сангийн сайд Б.Жавхлан бол бүх цаг үеийн Засгийн газрын түүхэн дэх хамгийн муу Сангийн сайд” гэж улс төр судлаач Б.Ган-Очир хэлж байсан. Мөн Ардчилсан залуучуудын холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж ард түмнийг өлөн гэж доромжилсон Сангийн сайдыг огцруулахыг шаардаж байсан. Учир нь Сангийн яам, Татварын ерөнхий газрынхан нийгмийн сүлжээнд “НӨАТ-ын баримт уншуулдаг иргэн бол өлөн”, “Өлөн иргэд нь ТҮК-ийнхэн” гэх утга агуулга бүхий видео сурталчилгааг олон нийтэд цацаж иргэн хүний Үндсэн хуулиар олгогдсон нэр төрд халдаж байсан.
Дээрээс нь долларын ханш, эдийн засагтай холбоотой асуудал удаа дараа хөндөгдөж Сангийн сайдын асуудал яригддаг. Сүүлд гэхэд Засгийн газрын гадаад бондын хүү 35 хувь хүрлээ. Дайнтай байгаа Украин 25, дампуурлаа зарласан Шри-Ланк улс 23 хувийн хүүтэй байна. Үүнд Сангийн сайд хариуцлага хүлээх ёстой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Гэвч Б.Жавхлан суудалдаа шигдсээр, улдан чангаасаар өдий хүрсэн. Харин ЖДҮ, Хөгжлийн банк, Төрийн банк, Зээлийн санг мөлжсөн, 900 тэрбумын асуудалд эрх баригч нам энэ удаад толгойг нь илээд өнгөрнө гэвэл арай хэтэрнэ. Төрийнхөө санг арвижуулах үүрэгтэй Сангийн сайд нь сангаа хоосолчихоод сууж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тиймээс Сангийн сайдаа нэн даруй огцруулж хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. УИХ-д дөрөв дараалж сонгогдсон төрийн түшээ, төрийн сайд байсан хүний хэлсэн үг үнэхээр үнэн бол Монгол Улс шилдэг тонуулчиндаа мөнгөнийхөө авдарны түлхүүрийг атгуулчихсан юм биш үү