Categories
мэдээ нийгэм

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч тодорлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч” улсын анхдугаар уралдаанд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Баяндун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Отгон тэргүүн байр эзэлж, “УАЗ-469” маркийн автомашинаар шагнууллаа. Тэргүүн байрт шалгарсан хэсгийн төлөөлөгчийн шагналыг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулсан юм.

Уралдааны дэд байрт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Дөлгөөн, гутгаар байрт Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Халиун сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Пүрэвбаяр нар шалгарч мотоцикл, иж бүрэн компьютерийг гардлаа.

Энэхүү уралдаанд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч оролцож эсээ бичих, гадаад хэл, хууль, эрх зүйн мэдлэг, цагдаагийн байгууллагын мэдээллийн цахим сан болон компьютерийн хэрэглээний програм хангамж ашиглах чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдсөн. Мөн бие бялдрын бэлтгэлийг болон тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан төрлүүдээр өрсөлдүүлэн шилдэг хэсгийн төлөөлөгчийг тодрууллаа.

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяр болон бусад албаны хүмүүс оролцов.

Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулах, тэдний мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх арга тактикийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү уралдаан цаашид уламжлал болон жил бүр зохион байгуулагдахыг уралдааны шүүгчид онцолж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *