Categories
мэдээ нийгэм

Шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжиллөө

“Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож, хүүхэддээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, бусад эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өнөөдөр өргөмжиллөө. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан, нийслэлийн иргэд оролцсон юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр нийслэлийн “Гэр бүлийн өдөр”. Өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн сүүлийн 7 хоногийн амралтын өдрүүдийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд бид маш олон ажлыг зохион байгууллаа. Сайн гэр бүлийг шалгаруулах ажлыг нэг сарын хугацаанд өрнүүлсэн. Нийтдээ 5000 гаруй гэр бүл, 3000 орчим хүүхэд, 600-аад аж ахуйн нэгж, 152 хороонд зохион байгуулагдаж, өнөөдөр үр дүнгээ гаргалаа. Ингээд хамгийн шилдэг 18 гэр бүлийг “Сайн гэр бүлээр” шалгаруулж байгаа. Энэ хөтөлбөр нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн дагуу хүн лүүгээ чиглэсэн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Бид бүхэн хөрөнгө оруулалтыг гэр бүл, хүүхэд рүү тэр тусмаа хүүхдийн хүмүүжил, боловсрол руу түлхүү зарцуулах нь илүү чухал гэж үзэж байгаа. Энэ аян сар бүр үргэлжлээд явагдана. Удахгүй болох эх үрсийн баяраар аз жаргалтай хүүхдүүдийг шалгаруулна” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.

Энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 70 хүүхэд, шилдэг 18 гэр бүлд хүрэлцэн ирсэн удирдлагууд гарын бэлэг, өргөмжлөл, гэр бүлээрээ нийтийн тээврээр үнэгүй зорчих карт, гэр бүлээрээ усан бассейнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг зэрэг олон шагналыг гардуулав.

Аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 18 цэцэрлэгийн 1000 эцэг эхэд “Шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга ухаан” сургалт зохион байгуулж, “Сайн мууг ялгая-2” буюу “Нийгэм олон нийтийн дунд биеэ зөв авч явахад туслах 60 дадал” номыг бэлэглэн сургалтад хамрагдаж, ном бэлгэнд авсан гэр бүлүүд номын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв буруу, сайн муу зүйлийг ойлгуулж, хүүхэддээ бага наснаас нь эерэг хандлага, зөв дадал хэвшил олгоход анхаарч, бүлгийн багштай хамтран ажилласан байна.

“Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах сарын аянд

  • Сүхбаатар дүүргийн 54, 68-р цэцэрлэг,
  • Чингэлтэй дүүргийн 39, 108-р цэцэрлэг,
  • Баянзүрх дүүргийн 45, 115-р цэцэрлэг,
  • Хан-Уул дүүргийн 46, 72-р цэцэрлэг,
  • Баянгол дүүргийн 98, 242, 88-р цэцэрлэг,
  • Багахангай дүүргийн 44-р цэцэрлэг,
  • Налайх дүүргийн 208-р цэцэрлэг,
  • Багануур дүүргийн 193, 139-р цэцэрлэг,
  • Сонгинохайрхан дүүргийн 113, 119, 226 дугаар цэцэрлэгхамрагдсан аж.

Энэхүү аяны хаалтын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, “СӨБ-ын шинэчлэл” ТББ, Нийслэлийн усан спорт сургалтын төв, “Монгол контент” ХХК, “Үлэг гүрвэлийн музей”, “Гранд эвент” ХХК зэрэг долоон байгууллагын төлөөлөл хамтран зохион байгуулав.

Аянд нэгдсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв бурууг ойлгуулснаар хүүхдэд төдийгүй гэр бүлд нь олон эерэг хандлага бий болсон тул цаашид илүү өргөн хүрээнд бүхий л цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийг хамруулах хүсэлт тавьсаар байгааг нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий тодотгон ярьж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *