Өнөөдөр буюу Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трамптай утсаар ярьсан байна.
Энэ үеэр Ши Жиньпин “хоёр орны хоорондын харилцааны цорын ганц зөв зам бол хамтын ажиллагаа” гэж онцолсон талаар Хятадын төрийн мэдээллийн суваг дамжуулжээ.
Нэр дэвшигч Дональд Трамп нь сонгуулийн кампанит ажлынхаа турш Хятадыг шүүмжилж, Хятадтай хийдэг худалдаанаас Америк ихээхэн алдагдал хүлээдэг хэмээн байнга дурдаж, ерөнхийлөгч болмогц Хятадын импортын бараанд 45 хувийн татвар ноогдуулахаа амлаж байв.
Харин өнөөдөр Трамп АНУ-Хятадын харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагаа агуу хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Хоёр тал байнга холбоотой байж, ойрын хугацаанд биечлэн уулзаж, талуудын санааг зовоож байгаа асуудлуудаар санал бодлоо солилцохоор тохиролцсон байна.