Categories
мэдээ нийгэм

ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2021.10.21/ “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг хийж байна.


Энэ оны эхний гурван улирлын байдлаар шүүхээс эцэг эх байх эрхийг нь хассан 13 хэрэг байгаа нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн дүн гарчээ.
Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа:
-Шүүхийн байгууллага энэ оны гуравдугаар улиралд 62138 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн эрүүгийн 8668, иргэний 29970, захиргааны 1222, зөрчлийн 15857 хэрэг гээд нийт 55717 хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Мөн 15980 хүнд, 61 хуулийн эдгээдэд ял шийтгэл оноож, 1107 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө сулласан бол 1020 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1436 хүний цагдан хорих хугацааг сунгасан.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 2159 буюу 19.9 хувиар, иргэний хэрэг 11933 хэргээр буюу 28.5 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 102 хэргээр буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүх энэ оны гуравдугаар улиралд эрүүгийн 1574, зөрчлийн 406, иргэний 1956, захиргааны 994 хэрэг нийт 4930 хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх нь эрүүгийн 273, иргэний 1092, захиргааны 126 хэрэг нийт 1491 хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 19.9 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.9 хувиар тус тус буурсан байна.

Шүүхээс 9895 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8144 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 1142 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСӨВ

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг:

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хахууль авах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн дүнтэй байна. Ял шийтгүүлэгчдийг насны ангилалаар авч үзвэл 14-15 насныхан 0.5 хувь, 16-17 насных 1.1 хувь, 18-21 насны 10.5 хувь, 22-29 насны 25.1 хувь, 30-34 насны 27.5 хувь, 35-аас дээш насных 35.3 хувь буюу нийт ял шийтгүүлэгчдийн 30-аас дээш насны 62.8 хувийг эзэлж буй. Нийт гэм буруутайд 9895 хүнийг тооцсон.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 27 хэргээр буюу 16.8 хувиар,
  • хахууль авах гэмт хэрэг 4 хэргээр буюу 14.8 хувиар,
  • хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 2.1 дахин,
  • цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт 2 хэргээр 25 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

  • хүнийг алах гэмт хэрэг 53 хэргээр буюу 26.9 хувиар,
  • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1047 хэргээр буюу 23.4 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 484 хэргээр буюу 35.6 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 105 хэргээр буюу 48.2 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 131 хэргээр буюу 38.3 хувиар,
  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 234 хэргээр буюу 29.4 хувиар,
  • залилах гэмт хэрэг 51 хэргээр буюу 8.2 хувиар
  • улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 25 хэргээр буюу 75.8 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *