Categories
мэдээ спорт

Шатар сонирхогчдын улсын аваргууд тивийн аваргад өрсөлдөнө

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчид өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаа гардлаа.

Уг шагналыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан “Буянт-Ухаа” спорт цогцолборт өчигдөр болсон хүчит 256 бөхийн барилдааны хоёрын давааны дараа шатарчдад гардуулан баяр хүргэсэн юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд нийт 134 шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал 7.0 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт нийслэлийн ЧД-ийн оролцогч Б.Насанжаргал, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх нар 7.0 оноогоор тус тус шалгарсан юм.

Харин эмэгтэй төрөлд 34 шатарчин оролцсоноос нийслэлийн БЗД-ийн оролцогч Ө.Уянга 7.0 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртсэн бол Налайх дүүргээс оролцсон Г.Ариунбаяр (6.5 оноо) удаалж, Төв аймгийн Д.Баасанжаргал (6.0 оноо) гуравдугаар байрт шалгарсан. Шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Дүүрэнбаяр (5.0 оноо), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Г.Цэгмэд (5.5 оноо) тус тус тодорсон юм.

Мөн эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 оролцогч шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангажээ. Тэмцээнд түрүүлсэн шатарчид Азийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *