Categories
мэдээ нийгэм

Шатахууны 45 хоногийн нөөцтэй байна

Арваннэгдүгээр сарын 24-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 биензин 57, Аи-92 бензин 52, дизелийн түлш 30, ТС-1 43 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр хуралдсан УИХ-ын чуулганаар нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын дээд хэмжээг тогтоосон. Тодруулбал, 90 хүртэл октантай автобензин 950 мянган төгрөг, 90-ээс дээш октантай автобензин 750 мянган төгрөг, дизель түлш 850 мянган төгрөгийн онцгой албан татвар тонн тутамд авч байхаар тогтоож өгсөн. Үүний дагуу Засгийн газрын хуралдаанаар Онцгой албан татварын бодит хэмжээг баруун бүс, зүүн бүс, төвийн бүсэд ялгаатай хэмжээ тогтоожээ.

Зүүн бүсийн Эрээн цав боомтын хувьд 90 хүртэл октантай автобезинд 270 мянган төгрөг, 90-ээс дээш октантай автобензинд 270 мянган төгрөг, дизелийн түлш 390 мянган төгрөг байхаар тогтоосон.

Төв болон, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар орж ирж байгаа бензин 400 мянган төгрөг, дизель түлш 520 мянган төгрөг байхаар Онцгой албан татварын хэмжээг тогтоосон.

Баруун бүсийн боомтуудын хувьд онцгой албан татварын хэмжээг тэгэлсэн байна.

Энэ шийдвэрийн хүрээнд баруун болон зүүн бүсийн нефть бүтээгдэхүүний үнийг төвийн бүстэй ойролцоо болгох зорилго тавьжээ. Үүний тулд нефть импортлогч аж ахуй нэгжүүдтэй Уул уурхайн яам, Газрын тосны газрын холбогдох хүмүүс яриа хэлэлцээр хийж байгаа юм байна. Ойрын хугацаанд буюу арванхоёрдугаар сарын эхээр баруун бүс, арванхоёрдугаар сарын дундуур зүүн бүсийн нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг буулгах чиглэлээр ажиллана гэж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *