Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шатаж буй гэр дотроос “амь авраарай” гэж хашхирах дуу, хүүхдийн уйлаан сонсогдож байжээ

Сонгинохайрхан дүүргийн V хороо, Баянголын 15 дугаар гудамжны 03 тоотод түр оршин сууж байсан нэгэн гэр бүлийн таван гишүүн галд шатан нас баржээ. Тодруулбал, Баянхошууны Давхар хэмээх автобусны буудлаас 100 хүрэхгүй метрийн зайд орших нэгэн айл өчигдөр өглөө буюу энэ сарын 24-ний үүрээр галд өрж, таван хүн, их таван ханатай гэр дотроо шатаж тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэднийх автобусны буудлын чанх арын гудманд байдаг бөгөөд нүүрэн талаасаа хоёр дахь хашаа нь аж. Урдуур нь Баянхошуу, ХМК, Зүүн салаа чиглэл рүү явдаг гол зам оршино. Хэрэг болсон газар очиход будаг нь халцарсан саарал төмөр хаалга, галд шатан харласан модон хашаа, шатсан гэрийн нурманд дарагдсан буйр сааралтан харагдана. Хашааны гадна талд ойр орчмын айл, хөршийнхөн бололтой углааштай, гэрийн халаад, , дан дээл нөмөрсөн 40-50 орчим насны 10 гаруй хүн байлаа. Тус айлын баруун талын хамар хашаанд амьдардаг 50 гаруй насны нэгэн эмэгтэй “Манайх энд нүүж ирээд их удаж байна. Урьд хожид ийм айхавтар олон хүний амийг авч одсон гал түймэр ер гарч байсангүй. Хаа ганц нэг хүмүүс хашааныхаа өвс, ногоог л шатаадаг. Эднийх нүүж ирээд удаагүй байсан юм. Өвөрхангайгаас хотод суурьшихаар ирсэн. 30 ч хүрээгүй залуус хоёр хүүхэдтэйгээ өнгөрсөн есдүгээр сард нүүж ирж энэ хашааг түрээслэх болсон юм. “Шинэ гэр авч тусдаа гарч, айл болж өрхөө татаж байна эгч минь, бид хоёрт туслаад биднийг эзгүйд гэрийг минь хашааныхаа булангаар ч болтугай нэг шагайж байгаарай” гэж саяхан болсон дашням, балжинням давхацсан шинийн 17-ны өдөр нүүж ирсэн даруйдаа надад захиж байсан. Анх тэднийг хүрч ирэхээс өмнө энэ хашаанд хүн байгаагүй болохоор нэлээд их хог, үнс үүдээр нь тарчихсан байсан юм. Би “Залуу хүүхдүүд амьдралаа анх эхэлж байгаа бол үүднээсээ л цэвэрхэн байх хэрэгтэй. Өөдлөх айл үүднээсээ гэдэг юм” гэж хэлэн нэг өдөржингөө хашааг нь цэвэрлэлцсэн. Тэр үед айлын эзэгтэй “Би “Талх Чихэр” компанид ээлжийн ажилтан хийдэг юм. Заримдаа эрт тардаг, гэхдээ оройтохоо хүрвэл шөнө дүлээр ирдэг. Бид хэд ажилтайгаа ойртож байгаа ухаантай наашаа нүүж ирлээ” гэж ярьж байсан юм” хэмээв. Өчигдөр үүрээр яг юу болсон тухай асуухад тэрбээр “Цонхоор харахад дөнгөж цагаан гэгээ орчихсон, үүрийн дөрвөн цаг л өнгөрч байсан байх. Энэ үеэр манай хаалгыг нэг хүн их хүчтэй нүдэж, гал гарч байгааг хэлсэн. Гадаа нохой хуцаад хүмүүс шуугилдаж, хашхираад байсан болохоор би айгаад гарч чадаагүй. Харин манай нөхөр гал гарлаа гэсэн сургаар шанагатай ус самардаж аваад л ухас хийсэн. Тэгээд нэлээн удсаны эцэст уйлчихсан “Муусайн хүүхдүүд гэрээсээ гарч чадахгүй чарлалдаад байна” гэсээр орж ирсэн. Хожим нь сонсох нь ээ гал үүдний амбаараас нь эхлээд гарсан болохоор нөгөө хэд хоймор руугаа л мацаад хаалгаар гарч чадахгүй байсан юм шиг байна лээ. Түймэр гарахын урьд өдөр гэрийн эзний аав нь хоёр хүүхдийг нь цэцэрлэгээс нь авч ирж байгаа бололтой надтай гудманд таарсан юм. Хүмүүсийн ярианаас сонсоход таван хүн байсны нэг нь тэр хөгшин байсан бололтой юм билээ” гэлээ. Ийн ярих зуур нэгэн эр “Өнөөдөр өглөө 11 цагийн орчимд хүргэний талынхан ирж шатсан гэрийн шал, хана, туургыг портер машин дээр ачаад аваад явсан. Зайлуул гэрийн эзэн нь айлаасаа хоёулхнаа, дээрээ ганц ахтай. Тэр ах нь уйлчихсан шатсан гэрийн буйрыг нь шүүрдээд зогсож байсан. Харин гэрийн эзэгтэй нь дээрээ хоёр эгч, нэг дүүтэй, айлын дунд хүүхэд байсан юм билээ. Эхнэрийн талынхан нь Өвөрхангайгаас ирж яваа гэсэн” хэмээв. Гал гарсан хашаанд шавар нь уначихсан цагаан байшин байх бөгөөд уг байшингийн хаалганы яг урд шатаж, харласан гэрийн буйр нь харагдана. Мөн урдхан талд нь хамар хэсэг нь галт өртөн шатсан соната маркийн машин байсан юм. Түрээсийн хашааны жинхэнэ эзэд бололтой хоёр залуу шатсан гэрийн буурины наахна зогсож байлаа. Тэднээс хэргийн талаар асуухад хашааны эзэд биш, дүү нар нь. Хуучин амьдардаг байсан хүмүүс нь гэр бүлээрээ Солонгос явчихсан гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Цахилгааны утсаа хаанаас татсан тухайд асуухад “Энэ талаар мэдэхгүй байна. Хойд байшингаас л байх” гэсэн юм.

Гэр дотроо шатаж нас барсан айлын эзнийг Төмөрбаатарын Базарсад гэдэг бөгөөд 1990 онд төрсөн. Дөнгөж 28 хан настай залуухан эр байжээ. Харин Содномдэлгэрийн Хандсүрэн гэх 1992 онд төрсөн, 26 настай бүсгүй бол уг гэрийн эзэгтэй нь байсан аж. Эх сурвалжийн хэлж буйгаар гэрт байсан хүмүүс танигдахааргүй болтлоо шатсан. Хоёр нь хоорондоо тэврэлдчихсэн байдалтай байсан гэнэ. Гэрт байсан хүмүүсийн заримыг нь их галын улмаас тодорхойлоход хүндрэлтэй байгаа гэнэ. Ямар ч байсан хоёр хүүхдийнх нь том нь тав, бага нь хоёр настай байжээ. Гал гарч байхад гэрийн гадаа байсан хүмүүсийн хэлж буйгаар шатаж байсан гэр дотроос “амь авраарай” гэж хашхирах дуу, хүүхдийн уйлаан сонсогдож байсан гэнэ. Мөн гал унтраах ангид дуудлага өгсөн эсэхийг тодруулахад “Гал гарсан даруйд дуудлага өгсөн боловч манай арын гудам, энэ гудам хоёр их нарийхан, галын машин орж ирэхэд хүндрэлтэй. Бас хэдий төв замтай ойрхон ч гэлээ замын хажуугаар жалга байдаг болохоор заавал тойрч өөр гудмаар энэ гудам руу орж ирдэг. Галынхан тэр замыг мэдэхгүй болохоор жаахан хугацаа алдсан байх, гэхдээ нээх удаагүй шүү дээ. Монгол гэр болохоор гал дорхноо газар авч, хурдан болж өнгөрсөн. Ядаж байхад гудамны эхлэл, төгсгөл хэсэгт байх айлууд хашаагаа шахаад барьчихсан болохоор их давчуухан л даа” гэж байв. Гал гарсныг мэдсэн даруйдаа ойр хавийн хүмүүс унтраахаар гаднаас нь канистртай ус цацаж, сүү дусаах гэж оролдсон ч нэгэнтээ оройтчихсон байсан гэнэ. Хэргийн газар холбогдох албаны байгууллагууд ажиллаж мөрдлөгөө явуулсан бөгөөд гал юуны улмаас гарсан нь 14 хоногийн дараа гарах шинжээчийн дүгнэлтээр эцэслэн тогтоогдох аж.

Хүйтний улирал ирж буйтай холбоотой ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг Онцгой байдлын алба хаагчид хэлж байсан юм.

Иймд иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Б.Солонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нэг гэр бүлийн таван хүний амийг авч одсон харамсалтай гал түймэр гарчээ. Иргэд галын аюулаас өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ хэрхэн хамгаалж болох вэ?

-Ард иргэд хог хаягдлаа тусгай зориулалтын төвлөрсөн цэг, саванд асгаж, тогтмол ачиж тээвэрлүүлэх хэрэгтэй. Мөн үнс, нурмыг ил задгай, шатамхай хог хаягдалтай хамт хаяхгүй байхыг сануулж байна. Иргэд хог хаягдал, шарилжаа устгах зорилгоор ил задгай галлаж, өөрсдөдөө эрсдэлтэй нөхцөлийг үүсгэдэг. Энэ нь ахуйн түймэр гарах нэг шалтгаан болж байдаг. Түүнчлэн гэр, сууцад пийшин байрлуулахдаа цонолт, шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалтыг хийж, дээврийн хөндийгөөр гарч байгаа яндангийн хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах хэрэгтэй. Иргэд гэртээ галласан бол хараа хяналтгүй орхиж явахгүй байх нь зөв.

-Иргэд өөрсдийн хийсэн буруу үйлдлээс болоод гал түймрийн аюулыг бүрдүүлдэг байж болох уу?

-Иргэд цахилгаан угсралттай холбоотой ажлаа мэргэжлийн хүнээр, аюулгүй байдлаа бүрэн хангаж хийлгээгүйгээс болоод аюул учирдаг. Манайхан зарим тохиолдолд гэр, байшингийнхаа цахилгааны асуудлаа өөрсдөө дур мэдэн шийддэг,холбодог. Энэ нь эргээд өөрсдийн амь, нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөлийг бүрдүүлдэг юм. Үүнээс гадна иргэд, төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байвал гэнэтийн тохиолдолд өөрийн болон гэр бүлийнхнийхээ амь насыг хамгаалах боломжтой.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *