Categories
мэдээ цаг-үе

Шаравын Батжаргалын “МОНГОЛ” найраглал

Шаравын Батжаргал Говь-Алтай аймгийн Алтай сумын Дөрөлж хэмээх өтгөн өвөлжөөнд мэндэлсэн. Уулын өндөр, усны тунгалаг, ургамлын сортой нутгийн хүү уран бүтээлээ тавдугаар ангид сурч байхуйдаа “Зүсэр бороо” шүлэг бичсэнээр эхэлсэн. Тэрбээр, “Цасны манан”, “Бидний цоморлин” түүх намтарчилсан роман, “Сүүдэргүй гэгээ” тууж, “Хурдан хээр” өгүүллэг,“Тоглоомууд минь эвлэрцгээ”, “Шоргоолжны үүр, хүүхдийн шүлэг, өгүүллэгийн зэрэг гучин дөрвөн ном бичиж хэвлүүлсэн.

Тэрбээр “Монгол” хэмээх найраглалын номоо бүтээж уншигч түмэндээ хүргэх гэж байна.Энэ ном Монгол эх орны үзэсгэлэнт байгаль, ан амьтан, нүүдэлчин түмний амьдрал хийгээд давтагдшгүй ахуй байдал, язгуур зан заншил зэргийг мэдрэн бичиглэн буулгахыг хичээснээрээ онцлогтой гэж зохиогч өөрөө хэллээ. “Монгол”хэмээх найраглалыг нь монголчууд хаврын тэргүүн сартайгаа золгох гэж буй цаг хугацааны босгонд толилуулъя.

МОНГОЛ

/Найраглал/

Тулганд нь гал бадарч

Тогооноос нь сүүний гэгээ цацарч

Унь тооно нь зүмбэрлэж

Утаа нь тэнгэрт боргилсон

МОНГОЛ…МОНГОЛ

Сүүн дээрээ ус хийж цайгаа чанадаггүй

Саалийн хувингаа хөмөрч орхидоггүй

Аарцны чулуугаа байн, байн сольдоггүй

Аргал хомоолоо тарааж буулгадаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Сүүн цацлаа тэнгэртээ өргөдөг

Сүргийнхээ захаар тойрч гардаг

Эмээлээ заавал баруун шуундаа өргөдөг

Эрэлээ заавал мухарлаж байж харьдаг

МОНГОЛ, МОНГОЛ…

Гутлын өлмийгөөрөө цэцэг хөнддөггүй

Гишигсэн мөрөө эргэж хараад гутардаггүй

Мориныхоо цулбуур дээгүүр алхаж гардаггүй

Мэндлэхдээ санаа алдаж зовхио буулгадаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Хүүхдээ араг түшиж төрүүлдэг

Хөдсөн өлгийд тосож өлгийддөг

Уураг сүүл хөхөж торнидог

Ураг удмаа мэдэж өсдөг

МОНГОЛ, МОНГОЛ…

Гурамсан чөдрөө газарт шидэж үлдээдэггүй

Гүүн зэлэн дээгүүрээ алхаж гардаггүй

Уяан дээрээс мордоод тоос босгон давхидаггүй

Уурган дээгүүрээ алхдаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Хазаар ногтоо тоонолжиж эвхдэг

Хурдан морины хусуураа хадгаар чимдэг

Морио түрүүлэхэд баярлаж уйлдаг

Мичид, марал, долоон бурханд мөргөдөг

МОНГОЛ, МОНГОЛ…

Айлд ороод сөхөрч суудаггүй

Аягандаа цай үлдээж гардаггүй

Багана түшиж зогсдоггүй

Босгон дээр улаараа гишгэдэггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Унага тамгалахдаа найр хийдэг

Уртын дуугаа ард түмнээрээ дуулдаг

Бэлгэдлийн үгээр ярилцдаг

Байгальтайгаа эхэлж сар шинэлдэг

МОНГОЛ, МОНГОЛ…

Хараалын үгийг барагтай хэлдэггүй

Хилэнц нүглийг ихэнхдээ үйлддэггүй

Харанхуй шөнө сүү өргөж сүсэлдэггүй

Харгуй замд хар ус ууж морддоггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Бүрэнхийг төөрүүлж хүүхдээ хөөгөөр халзалдаг

Буурлуудын сургаалыг багачууд нь сонсож өсдөг

Шилбүүрээ унаж гуяа ташуурдан давхидаг

Шидтэй энэ хүслээрээ хурдан морь унадаг

МОНГОЛ, МОНГОЛ…

Хутганыхаа үзүүрийг нь харуулж хүнд өгдөггүй

Хайчныхаа амыг ангайлгаж тавьдаггүй

Ханцуйгаа шамлаатай цай барьдаггүй

Хос баганаан тэвэрч зогсдоггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Одод эрхэсийн тохилоор төөргөө зурдаг

Оюун билэг ухаантныг биширдэг

Найтаахад “Дархи өршөө” хэмээн төлрүүлдэг

Наран мандахад сүүгээ өргөж угтдаг

МОНГОЛ, МОНГОЛ…

Сүүний савыг хоосон өгдөггүй

Сүрэг малаа үргээж цочоодоггүй

Галын бурханаа гундаадаггүй

Гэрийнхээ хаалганы босгон дээр гишгэдэггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Цай, идээгээ өрхийн тэргүүндээ дээжилдэг

Цал буурал өвгөдийнхөө үлгэрийг үдшээр сонсдог

Баярлахыгаа магнай тэнийлгэнэ гэж төлөөлүүлэн хэлдэг

Бусдынд зочлохоо бууж мордоод ирье гэж адилтган яридаг

МОНГОЛ, МОНГОЛ…

Мал сүргээ зүхэж хараадаггүй

Мориныхоо толгой руу ташуурддаггүй

Тэрлэгээ сугалдаргалж айлд ордоггүй

Тэнзэн ташуураа газарт тавьдаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Морин хуураа хоймортоо залсан

Монгол бичгээ түүхэндээ мөнхөлсөн

Уртын дуу хойморт нь шуранхайлсан

Утга төгөлдөр ерөөл гэр дүүрэн түгсэн

МОНГОЛ, МОНГОЛ…

Үржиж төлжих амьтныг намнадаггүй

Үндэст үрт ургамлыг тасалдаггүй

Тэнгэр өөдөө шагайж бууддаггүй

Тэргэл сарны гэрэл рүү ус цацдаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Хүүхдийнхээ хүйг хадганд боож хадгалдаг

Хөдсөн бойтогт нь хонх зүүж аюулаас авардаг домтой

Унаган сэвлэгийг нь хотлоороо найрлаж үргээдэг

Урт насалж удаан жаргахыг ерөөдөг уламжлалтай

МОНГОЛ, МОНГОЛ…

Эсгийг айл саахалтаараа цуглан хамжиж хийдэг

Эмнэг сургахдаа залуучуудын суудал ухааныг шалгадаг

Эмээлээ зааны яс, мөнгөн тоногоор чимж, сураар бөхөлдөг

Эмгэн буурлууд ээрүүлээ нар зөв эргүүлж утас нэгтгэдэг

МОНГОЛ, МОНГОЛ…

Нярайлсан бүсгүйг горьдоодоггүй

Нялхсын бойтгийг хээр гадаа хаядаггүй

Эр хүний малгай, бүсийг доор тавьдаггүй

Эм хүний хөлийн авдрыг эр хүн уудалдаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Ханынхаа эрээсээр ноос сувин эрчилж дээс томдог

Хониныхоо ноосоор эсгий хийж гэрээ бүрдэг

Чанасан аарцныхаа усанд үхрийн ширээ дэвтээдэг, тэгээд зүсдэг

Чандмалсан гурван мод босгож зүссэн ширээ сур болгон элддэг

МОНГОЛ, МОНГОЛ…

Уулсын орой дахь овоонд хог хаяж буртгалдаггүй

Усны тунгалагт бузар оруулж булингартуулдаггүй

Хад чулуу хясаагаа хамаагүй нураадаггүй

Хөрс шороогоо хэн бүхэн хөнддөггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Эр зориг баатарлаг түүх шастираараа бахархдаг

Эмээлээ дэрлээд, гөлмөө дэвсээд хээр хонодог

Боохойг анчид харуулдаж, үргээж, отож намнадаг

Бид Бөртө чонын удам гэж өөрсдийгөө бэлгэддэг

МОНГОЛ, МОНГОЛ…

Сэтгэл сэвтэнэ гээд хэдийд аян замд гарахаа хүнд хэлдэггүй

Саад тохиолдоно гэж хүрэх газраа товлож тохирдоггүй

Халбага шанага тогоонд угсраатай орхиод хол явахаар гардаггүй

Хүн өгснийг булааж, шүүрч, угзарч авдаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Нүүдлийг гэрийн эзэгтэй цай, тавагтай идээ барин тосдог

Нүүж ирсэн айлыг цайлж дайлж өдөржин хөөрөлддөг

Хонь ямаа мөргөлдөхөд зочин ирэх нь гэж таадаг

Хишиг буянаа өгдөг эр малаа сэтэрлэж онголдог

МОНГОЛ, МОНГОЛ…

Гараараа газар тулж суудаггүй

Хөлөөрөө буянт малаа өшгөлдөггүй

Шанаагаа тулж бодлогширдоггүй

Шивнэж хоорондоо ярьдаггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Тоононыхоо чагтагыг унжуулж орхидоггүй

Баганыхаа боодлыг сул үлдээдэггүй

Гал руугаа ус оруулдаггүй

Галынхаа хайчин дээр гишгэдэггүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Төрийн сүлдэндээ адуугаа залдаг

Төрийн далбаанаас нь гал бадардаг

Төрийн дуулал нь “Дархан манай тусгаар улс” гэж эхэлдэг

Төрийн есөн цагаан хөлт тугаа Үндэсний их баяраараа залдаг

МОНГОЛ, МОНГОЛ…

Төрийн тамгаа алдаж үзээгүй

Тайван амгалан төрхөө солиогүй

Таван хошуу малынхаа төрлийг хувиргаагүй

Тэнгэрээ шүтэж, газраа бишрэхээ гээгээгүй

МОНГОЛ, МОНГОЛ…

Гэрээ буулгаж тэмээгээ ачаад нүүдэг

Морио эмээллээд, нохойгоо дагуулаад сүргээ туудаг

Үхэрээ тэргэнд хөллөөд бас нүүдэг

Үүлсийг дагаж нүүдэг, сөрж нүүдэг, нүүсээр л байдаг

МОНГОЛ, МОНГОЛ…

2019 .11.21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *