Categories
мэдээ цаг-үе

Шар Хөвийн зэрэглээнд сэмрэн сэмэрсээр буй нууц

Зураачид харин таг болцгоожээ. Бүгд урландаа шигдэж урьд өмнө нь зурсан бүх зураг нь тоосны ч үнэгүй байсанд харамсан шогширцгоож өөр өөрийн чулууг зуран ажин түжин ноёллоо… Чулуунд эрх чөлөө олго. Чулуутайгаа баймаар байна. Эх орон чулуунаас бүтдэг гэсэн лоозон барьж өдөр бүр жагсах болжээ. Эрх бүхий хүмүүст энэ нь огтхон ч таалагдсангүй… ” “Шар цэцэгсийн хүрээлэн” /2009-2015/ өгүүллэгтээ Д.Энхболд үнэн хэрэгтээ өөрийн утга зохиолын үеийнхнээ магтан дуулжээ. Өөрчлөн байгуулалтын үзэл санаа нийгмийн салаа салбар болгонд, өнцөг булан бүрт уран зохиолын хуудсаар, сонины өгүүлэл, тэмдэглэлийн үг үсгээр хүрч, гэрэл гэгээ тусгаж эхэлж байвай. “Энэ түймрийн оч хаанаас гарав. Зураачдаас… Энэ бол гал биш түймэр. Түүнийг дарах ганц л арга байдаг. Шатаах гэсэн юмыг нь шатаалгаж байж л унтрааж болно… Нэгдүгээрт тэр очийг олж тогтоо. Зохих хэм хэмжээнд нь шийтгэл оногдуул. Өөрөөр хэлбэл, дахиж бүү оч үсэрхийлэг. Хоёрдугаарт, энэ ард түмэнд нэхээд байгаа юмыг нь өгчих. Түймэр дэгдсэн шигээ амархан унтарна.” Зураач эр “Ууган амьсгал” нэрт зураг зурсан нь ийн дуулиан болж, нийгмийн эрх чөлөөний оронд өөрийн хувийн эрх чөлөөгөө наймаалцаж байна. 1980-аад онд гарч ирсэн утга зохиолын нэгэн үеийнхний түүхэн тохиолдол энэ л утгаар яригддаг. Чухам тэд л уран бүтээлийн эрх чөлөөний шилжилтийн үеийг туулж гарцгаасан. Түүх тэднийг сонгосон юм. Энэ л эрх чөлөөний давлагаанаас төрөгсдийн нэг нь Доржзовдын Энхболд хэмээх эрхэм.

Доржзовдын Энхболдын уран сайхны ертөнцийн нууц Монголын элчилгүй уудам говь, Бага Гилбэнт, Ханын хэц, Их, Бага Хайрханы уулсын орой оргилоос бэлийн чулууны ширхэг шороонд, өвс ногооны үзүүр үндэс бүрт хаваастай бий. Бүлтгэр, Хоолой, Гашуун усны худгийн дусал болгонд шингээстэй байгаа. Хөвөө хярхаггүй үргэлжлэх, ажин түжин цэлийн алсрах, энэ их говийн эзгүй зэлүүд ч юм шиг, үлгэр домгийн ч аятай ертөнц тэр чигтээ ер амьдрал огт байхгүй мэт санагдаж ч болох. Гэтэл тиймгүй ээ. Байх байхдаа хамгийн өвөрмөц нэгэн ертөнц, түүнээсээ ургасан давтагдашгүй нэгэн амьдрал энд оршиж байдаг. Онцгой сонин байгаль сав шим, түүний ургамал амьтан, хамгийн гол нь тэнд он оноор амьдран суусан хүмүүс, тэдний бүтээсэн ахуй оршихуй, эд бүгдээс цогцолсон өөр хаана ч үгүй тийм л нэгэн гүн ухааны ойлголт, бясалгал, хэм хэмжээ, утга учир, мөн чанар бас байна. Хол ойроос хайгаад яахав, Доржзовдын Энхболдын тоотой хэдэн зохиолыг уншихад хангалттай. Уран бүтээлийн эхэн үеийн нь “Тоос” гэж өгүүллэг бий. Говийн аль нэг буйдад, олон олон толгодын дунд суух ээж, хүү хоёр. Тэр хоёрын гэрт гаднаас ирдэг ганц л зам байдаг. Машиных шиг хос биш, нарийхан ганц зураас, мотоциклийн ганц зам. Энэ замаар Сооёо ах хааяа ирж хүүд чихэр өгдөг. Хүү чихрийг гэрийнхээ зүүн хойд элсэн хамрын цаан очиж идэж, тоглож байгаад, Сооёо ахын мотоцикл асаж явсны дараа ирдэг. Өөр хэн ч энд ирдэггүй. Хэзээ ч билээ нэг удаа, Ишцэрэн гуай ирэхэд, ээж нь -Өөдгүй хар хорхой, бид хоёр үнсэнд хаягдсан шалз биш шүү гээд өрөөсөн гутлыг нь үүдээр гарган чулуудан хөөж явуулсан. Гэтэл нэг удаа тэдний ойр чиргүүтэй замын машин эвдэрсэн байхтай хүү таарав. Хүү унтаад босоход жолооч аль хэдийнэ яваад өгчээ. Уг нь жолооч ахад гүрвэл, хар хорхойн армиа үзүүлэх гэж байсан хэрэг. Ээж нь –Буцахдаа манайхыг дайрч бид хоёрыг нүүлгэж өгнө л гэсэн шүү дээ, тэгээд л ээж нь бараагаа янзалж байна, аягүй бол орой давхиад ирэх ч магадгүй, гэж жолооч ахын тухай хэлэв. Гэвч жолооч ах тэр өдөр ирсэнгүй. Шөнө ч ирсэнгүй. Өглөө болоход ч байсангүй. Ингээ залчихаад зам зуур удтал зогсов. Гэтэл гэнэт, тээр баруунтайгаас тоос босох нь тэр. Энэ бол хүүгийн нүдэнд харагдаж буй, хүүгийн ертөнц. Сооёо ах хааяа ирж чихэр өгдөг бол, Ишцэрэн гуай болох сохор хар хорхойг барьж арвагануулдаг. Гэтэл тэр сохор хар хорхой ганц биш, өөр цаана нь зөндөө олон гарч ирэх аж. Эцэг нь харин жинд явчихсан. Тоос босоход хүү баярлажээ. Гэхдээ тэр хэний тоос вэ? Жолооч ах уу, Сооёо ахынх ч юм уу, эсвэл бүүр бас нэг өөр хар хорхой юу? Хэн ч мэдэхгүй. Аль нь ч байсан ялгаагүй. Юутай ч тоос боссоор…

Говийн олон толгод дунд байх эх, хүү хоёрын ертөнц, хүүгийн нүдээр амьдралын үзэгдэл, хүний сэтгэл санааны орчинд байдаг нэгэн орон зайг хөндлөнгөөс зураглажээ. С.Эрдэнийн “Малын хөлийн тоос” /1961/ өгүүллэгт ийм орон зай, гэхдээ арай өөр хэлбэрээр хөндөгддөгийг мэднэ. Хүүгийн нүдээр харагдсан ийм өнгөтэй, гэрэлтэй, хөгжилтэй ч юм шиг ертөнц ээжийн нүдээр, эмэгтэйн ертөнцөд харин ямар байдгийг “Шар хөвийн зэрэглээ” өгүүллэгтээ гүнзгийрүүлэн тусгасан. Д.Энхболдын “Шар хөвийн зэрэглээ” өгүүллэг Монголын орчин цагийн өгүүллэгийн төрөл зүйлийн хөгжлийн явцад гарсан уянгын шилдэг зохиолын нэг мөн. Баатрынхаа сэтгэлийг нээх, дотоод хөдөлгөөнийг харуулах байдлыг Гажидмаагийн дүрээр, уран сайхны тодорхой арга хэлбэрээр шийдвэрлэсэн нь нэг талаас сонирхолтой дүрслэл, нөгөө талаас зохиолчийн уран сайхны арга барил, ур чадвартай холбоотой зүйл байдаг. “…Гажидмаа гэнэтхэн идэр борын өрвөлөг бууралтсаныг үзэж мэлмэрэн гайхаж орхив… Ингээд бодохоор хэдэн ат нь хорин тав зургаа хүрчихэж байгаа байх нь. Харин тэмээ яг л хүн шиг бууралтдагийг анх удаа л анзаарч мэдэв. Цаг хугацаа гэгч мөн ч хурдан өнгөрч орхидог аж. Саяхан л энэ хэд тайлаг байж аав нь жинд явж байсан сан. Гэтэл одоо аав нь алга. Ижий нь алга. Харин хүү нь байна. Нас нь нэгэнт найм өнгөрөөд одоо хэдэн сарын дараа естэй болно. Гэвч Гажидмаа хань бараа татаад сургуульд өгч чадсангүй.” Нэг талаас Д.Энхболдын зохиолд зөн совин, бэлгэдэлт сэтгэлгээ тогтсон ойлголт, хэм хэмжээ, амьтны өгүүлэмж түгээмэл ашиглагддаг, энд харин Гажидмаа хэн болох, хэрхэн боддог, үйл байдлыг ахуйн нөхцалд нь наалдуулан, тэмээгээр дамжуулан илтгэсэн байна. Өөрийнхөө тухай, өнгөрсөн болон ирээдүйн тухай эргэцүүлэн бодох, дүгнэн цэгнэхэд ахуй нөхцөл байдлаасаа буюу байнга харилцаанд орж байдаг тэмээ, түүний үйл хөдлөл, араншин аяг, түүнд хандах харьцаагаар үзэгдэж байна. Амьдралд болж байгаа, Гажидмаад өөрт нь тохиолдож байгаа тэр тохиол учрал, нөхцөл байдлыг, тэмээнийх нь үйл байдал дунд буулгаж, тэндээс урган гарах хариу, ойлголт, мөн чанарыг чухам Гажидмаагийн өөрийнх нь бодолд шингээн илэрхийлсэн нь сонирхолтой шийдэл болсон. Өөртөө тохиолдсон зүйлд сэтгэл нь ямар нэг байдлаар хөдөлж, баярлаж догдолж, хөөрч бас хөрч, хөнгөн гуниг тээж байдаг бол, энэ нь хөндлөнгөөс харахад ямар ч учир утгагүй, ойлгомжгүй зүйл байх жишээтэй.

“…Намбайтал хивэн цувж явсан сүргээс жоотгонуур нэрт шар ингэ захлан гараад сааригнан гүйх гэхээр нь Гажидмаа нэг сайн цангинаад сүрэгт нь нийлүүлэв. Тэр мөн ч жоотгонуур амьтан даа. Ботго тормоо ч тоохгүй. Хөгшин залуу атанцар бууранцар л байвал дагаад сааригнадаг хачин мал. Жоотгонуур гэдэг нэрийг ч мөн ч онож өгсөн дөө. Ботго байхын л тэгж харагдаад байсан хэрэг. Сааж байгаад нүд рүү нь харвал аль нэг эр сүвтэй юм рүү сүүмийтэл ширтчихсэн ивэлж байх нь тэр. Тийм амьтныг юу ч гэхэв дээ.” Баатрынхаа хувь заяаны асуудлыг амьтны өгүүлэмж, бэлгэдэлт дүрслэлээр дамжуулан сэтгэл зүйн хөрөг бүтээх замаар гаргасан ийм арга зохиолд үндсэн байр суурь эзэлдэг. Баатрын бодол дотор зохиолчийн үзэл сэтгэл, амьдралд хандах, ухааран нээх үйл явц далдлагдсан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, баатрын үйл байдал, дотоод хөргөөр чухам баатрын өөрийнх нь тухай, дотоод ертөнцийнх нь тухай л дэлгэн тавьж байгаа хэрэг юм. Харин Гажидмаагийн дүрийн хувьд орчин нөхцөл, итгэл үнэмшил, хувь заяаны хувьд өгүүллэгийн хөгжлийн уламжлалын холбоог илтгэдэг, харин хэл, дотоод сэтгэлийн илэрхийлэл, тайлал, бэлгэдэлт сэтгэлгээний хувьд баяжуулан шинэчилсэн үзэл санаан доор бүтээгдсэн юм. “… тэрэгний дуу холдон холдсоор Шар хөвийн дөрөлжөөд мөлхөн гарч харагдсанаа зэрэглээнд сэмрэн сэмэрсээр алга болов. Хотонд гэнэтхэн гялаан цагаан гунганав. Ижил хэдэн атаа үгүйлж дээ. Бүгд эр сүвтэй атлаа ингэж ижилддэг мал байдгаа гэж бодоод бодлоо таслан -Ингэсгээд ижий нь тэмээндээ явъя даа. Миний хүү борцтой гурилтай хоол хийгээрэй. Ижийгээ оройтвол гал гаргаарай гэжээ.”

Бүх зүйл байрандаа орж, урьдынхаа хэвэнд орж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, ер юу ч болоогүй мэт. Гажидмаа, хүү хоёр Шар хөвийн дөрөлжийн зэрэглээн дундаа л хоцорсон байна. Олон олон Гажидмааг зэрэглээн дунд нь үлдээдэг олон олон Шар хөвийн дөрөлжид оршиж байдаг, хэнд ч анзаарагдамгүй хэрнээ сэтгэлзүйн асар нарийн хөдөлгөөн болж байдаг, амьдралын ийм нэгэн агшныг нээн дүрслэхэд тээврийн жолооч гэсэн нийгмийн ийм хэв шинжит дүрийг ашигласан нь санамсаргүй сонголт биш ээ. Тээврийн жолоочийн гаргасан зам, ээж, хүү хоёрын сэтгэлийн орон зай дээгүүр тодоос тод мөр гарган оддог.Зохиолчийн өгүүллэгүүд зарим агуулгаараа бие биенээ нөхдөг, тухайн амьдралын агшинд сонгогдсон асуудлыг зөвхөн нэг талаас биш, бас нөгөө талаас нь тунгаан бясалгадаг арга барил тод ажиглагддаг юм. Жишээлбэл, дээрх өгүүллэгт дүрслэгдсэн бүсгүйн амьдралыг, дотоод сэтгэлийг цаг хугацааны хувьд хөөн бодож үзэхийг бас санал болгодог юм. “Жаргалмаа” өгүүллэгт хөнгөн гунигт автан зогсоо бүсгүйг биш, харин түүнийг гэсэн сэтгэл санааны орон зайг эрэн хайж, цааш алсруулан, бүсгүйг хоёрдугаар байранд аваачиж тавьж байна. Тоосон дунд торойн үлдэх бүсгүйг, тэр л эгэл энгийн сэтгэлийг гэсэн агуулга бас байдаг юм шүү гэдгийг аргаа баран зүдэрсэн гичий нохой, хөлдөж үхэхийн даваан дээр өвсөн дотор орхисон гөлгөн дээрээ аваачих, түүний нь харан Жаргалмааг бодох Дэндэвийн дүрслэлээр илтгэсэн гэхэд болно. Үүний хөтлөгч нь мөн л амьтан буюу, хоёр нь осгож, гурав нь амьтайгаа байгаа гөлөгтэй гичий юм.“Битүү өдөр” /2003/ өгүүллэгт гарч буй идэр насны бүсгүй, хөгшин эхтэйгээ харилцан буй харилцаанд мөн л ийм бүсгүйн, гэхдээ цаг хугацааны хувьд бол урагшлуулан, бүсгүйн өмнөх залуу цагийн амьдралыг олж харахыг зорьсон гэлтэй.

Доржзовдын Энхболдын ачит эцгийг, говийн олон олон толгод дунд байх, улам л цөөрч буй тийм хөх өвгөдийг бид олж хараад, эрхгүй эцгээ, эцгийг санагдуулсан хөх өвгөдөө үгүйлнэ. “Жоом” өгүүлэгт зохиолч эцгээ говийн толгод дундаас хотод авчрав. Хотын дулаан байранд нэг удаа ч болтугай өвөлжүүлэхээр бодож. “Болдон өвгөн хүүгийндээ ирж нэг бүхэл бүтэн өрөө эзэгнэж суусан авч бараг хоёр сар энэ орчиндоо дасаж чадалгүй зэнзийрхжээ. Урьд өмнө нь ирж л байсан сууж л байсан өрөө байр шүү дээ… Ямар ч гэсэн энэ удаагийнх шигээ ингэж зүүдээ хөлөртөл тагжгар хээртэйгээ хөөцөлддөггүй байжээ… ”Үнэхээр л эцэг нь энэ удаа өмнөхөөсөө өөрөөр ирснийг хэн мэдэхэв. Зүүдэндээ тагжгар хээртэйгээ хөөцөлдөж байсан бол, хүүгийнхээ байранд гэнэт үзэгдэх болсон жоомтой хөөцөлдөж, сүүлдээ нидэрч орхидог боллоо. Нидрэх тоолонгоор нүүр чинэрч, гүрээ нь булбалзсаар, өөд болох нь тэр. “Насаа гүйцээсэнгүй. Гэхдээ арагш хойшоо хорогдсон зүйлгүй. Их буянтай хүн байжээ. Танайд эргэж төрөх юм байна.” Эргэж ч төрсөн. Төрөх төрөхдөө жоом болон төрөв. Жижиг шар жоом гэрийн бусад жоомыг бүгдийг барьж дуусган, санаанд багтамгүйгээр томорч, сүүлдээ тэднийг хараад байгааг нь мэдрэх болов. Шавьжны хорны таглаа авч байхдаа хүүгийн гар анх удаа тэмээ нугаслах гэж байгаа хүнийх шиг чичирч байсан юм. Ааваасаа хойш хүү нойрондоо нэг л төдгүй болох нь тэр. “Өглөө босгож байхынхаа оронд ганц өглөө ч бол эртхэн босож аяга цайг нь чанаад өгчихгүй би ч мөн хүний үр юм даа” гэсэн зохиолчийн харуусал, гуниг эндээс нэвт мэдрэгдэж байна.

Ийм харуусал “Дэдээ Жажаа” /2005/ өгүүллэгт, ааваасаа хойш тээр сүүлд сэдэрсэн байдаг. Гэмгүй танилцсан нөхрийг дагаж, нутагт нь ирэхэд, тэднийд Жажаа хэмээх өвгөн ирэв ээ. Өвгөнийг орж ирэн суухад гэрийн баруун хоймор дүүрч, энгүүн яриаг нь сонсоод л суумаар, бүр өвгөний яриа хөөрөөг чагнаж, барааг нь харан дахиад нэг өнжмөөр ч байв. –Танай нутагт ийм өвгөцүүл олон уу, гэж асуухад –цөөхөн дөө цөөхөн гэсэн хариултад, зохиолчийн хэнгэнэт санаа алдан буй нь төсөөлөгдөж байна аа. Тэгвэл “Өвгөний буурал ат” өгүүллэгт асуудлыг арай өөр талаас нь төнхөж. Нэрэн өвгөний буурал ат хувалзанд бариулжээ. Өвгөн тогоогоо тослох гэж, бурантгаа аминдаа нуун очиход нь “…буурал ат нэг их баярласан амьтан хэвтрээсээ босон хүүгэтэл амьсгалаад хүзүү сунган гунганахад нь өвгөний цийлгэр нүд хар аяндаа чийгтэж туулай хамрыг нь хормойгоороо арчиж, буйлных нь товхонд наалдсан нусны үлдэгдлийг хумсаараа хусаж цэвэрлээд, хурууны өндгөөр нуухыг нь салгаж өгнө. Гэр рүүгээ буцаж явахдаа буурал аттайгаа ханьсаж туулсан жингийн сунагар замуудыг нэгбүрчлэн эвхэн хормойлох адил урт урт дурсамжууд хэдхэн алхамд багтан сэтгэл дундуур нь тавчиж өнгөрөхүйд хөөрхийдөө зөнгөөрөө нүд аниг гэж бодох бөлгөө… ” Нэг хавраас буурал ат илтэд турж, ядарч эхлэх нь тэр. Энэ бол ургацагийн шинжтэй хувалзнаас болж байлаа. Тэжээл өгөх тутам өнөөх маханд нь шигдсэн хувалз томрохыг нь яана. Өвгөний сэтгэлд шигдсэн хувалз бас бий. Тэр л тэжээгдсэн цусаараа өөрт нь салшгүйгээр шигдэн ургасан хувалзыг давхар тэжээх тавилантай юм. Зохиолчийн уран сайхны өвөрмөц нэгэн арга болох амьтны дүрслэл, зохиолын агуулгыг хөтлөх зэрэгцээ шугам энд мөн сонирхолтой шийдэл болж чаджээ.

Д.Энхболдын уран бүтээлийн хувьд, зөвхөн хувь хүний амьдралын замаар нь төдий биш, зохиолын агуулга, утга санааны хувьд тэлсэн, бичлэгийн арга, дүрслэлийн уран сайхны өөр эрэл хайгуул, туршилт хийсэн тэр байдлаар нь хоёр хэсэгт зааглан үзэх боломжтой. Сүүл үед буюу 2000-аад оны дундаас хойш бичсэн зохиолыг ялангуяа үүнд хамаатуулж хэлж байна. “Бөгтөр” /2006/ өгүүллэг нэлээд өвөрмөц, зохиолчид харагдаад байдаггүй шийдэлтэй. Найдан гэх эр өөр хаана ч байхгүй байшин, хашаа тохижуулав. Гэтэл зэрэгцээд нэгэн “бөгтөр” яг өөрийнхийг нь тоох ч үгүй хуулж, нэг үгээр санааг нь хулгайлж эхлэх нь тэр. Ингээд мань хүнд айхавтар том шаналгаа бий болов. Өөрийн хийж буй зүйлийг биш, нөгөө нөхрийн хуулж буйг харан байж ядна. Шинэ ургацаа хурааж авсныг нь харин өнөөх нь дагасангүй. Саяхан л амтархан хамгийн гол нь нөгөөх нь дуурайгаагүйд улам ч амттай байсан шинэ ногооны амтыг өөрчлөх юм гарч ирэв. Муу санаатай хог, ногооны болцыг мэддэг юм байна, түүнийг энд хардаг байж гэсэн бодол нөгөөх шинэ ургацын ногоог нь ямар ч амтгүй болгож орхив. Энэ шаналгааг ганц юм эдгээх нигууртай аж. “Гэтэл Найданг ургацаа хураагаад дууссан шөнө түүнийг л хүлээж байсан мэт нэвсийсэн цас ороод хоносон байх аж. Одоо ч бөгтөр өнгөрсөөн гэж бодоод хоносон шөлнөөсөө халбагадтал үгүй тэр байцааных нь амттайг ээ.” Хүний сэтгэл гэгч тун ч нажидтай эд юм гээч. Ногооны амт арай өөр юманд байдаг бололтой. Ногоонд биш, хуулбарлан давтагчийн алдах, онох, өөрөөс нь дээр доор байхаас амт шалтгаалдаг юм байна. Тамын тогооны үлгэр гэж байдаг даа. Өөрөө ямар байхаас илүү, бусад хүн ямар байх нь хамгийн чухал зүйл. Ингэж л тайвширдаг. Бас байж ядталаа адган тачаадна. Иймэрхүү сэтгэл санааны асуудал, хүнийг залуурдагч гол хүчин зүйлийн тухай, бодлын хүчин чадал, нөөц бололцоог “Үхээрийн зураг” /2009/ өгүүллэг арай өөрөөр, бас л нэг сонирхолтой өгүүлэмжээр хөндсөн. Аливааг бодох санах, үнэнээсээ хүсэх мөрөөдөх явдал бол түүндээ хүрэхийн эхлэл, бараг талд нь ирсэн шахуу сургаал номлол ч дуулддаг. Бурхан чиний дотор бий. “Тэнгисийн ногоон замаг” /2013/ өгүүллэг шог хошин төрлийн зохиол болжээ. Бас зохиолч ийм төрөл зүйлээр бараг бичиж байгаагүй тул ингэж шог хошин төрөл болжээ гэж онцлоод байгаа юм. Зүгээр ч нэг биш, сонгодог утга зохиолд авч ярьдаг, тэр л хошин шог. Ийм үед голдуу гашуун инээдмийн цаана, хүнд эмгэнэл дагалддаг. Бидний араншинг, бидний халуурлыг тун ч эвлэгхэн гаргаад тавьчихаж.

Зохиолчийн өгүүллэгүүдэд дүрийн хэв шинжийг дамжуулан өөр өөр талаас нь дүрслэх, тодорхой цаг хугацаа орон зайд хэд хэдэн үйл явдал, агуулгыг өрнүүлэх зэрэг арга барил байдгийг өгүүлсэн. Зохиолын баатруудаа ч цааш ургуулан тус тусад нь авч өгүүлсэн нь бас байна. “Дэрэмийн зурлага” /2004/ өгүүллэгт гарах Дэрэм бол цаг хугацааны хувьд нэлээд тодорхой талдаа, өөрөөр хэлбэл Монголын нийгмийн шилжилт, хүмүүсийн амьдралын хувирал дунд хүүхдүүд нь торнино. Лам багшийн айлдсанаар хөгшин эхийн нь үлдээсэн хар хурган дээл гай барцад болж, түүнийг шатаан түйтгэрээс саллаа. Харин гурван хүүхэд нь энэ л дээлэнд өлгийдүүлэн хүн болсон юмсан. “Загвар өмсөгч” /2006/ өгүүллэгт гардаг загвар өмсөгч охинтой хамт, анх төрсөн, эцэг эхийнх нь учирсан учралыг хожим дэлгэсэн гэхнээ болно. 2015 оны “Үсэрсээр л” гэж нэгэн багахан зохиолд гурван хүү нь байна. Мэдээж шууд холбоо буюу, тодорхой нэг л дүрийг үргэлжлүүлэн үзүүлсэн зүйл үгүй ч, зохиолчийн бодсон утга санааны ертөнц нь явсаар цаг хугацааны дараалалд оршиж, түүнд хүний амьдралын мөчлөг хэрхэн өртөж явсан тухай, олон олон зүйлсийг цувруулан авч ярьж байгаа нь, эцэстээ уран сайхны үнэний өргөн багтаамж бүхий нэгдмэл нэгэн бүхэл цогц болон ойлгогдож байгаад л хамаг учир бий.

“Хагдрах тавилан” /2005/ зохиолд сонгож авсан дэвсгэр, агуулга нь өөр орчин байж, америкт байгаа монгол хүний араншин, хүний нутагт байгаа нэгэн, тэнд л тохиолддог эрээнтэй бараантай түүхийг ашигласан. Бага насанд суусан хязгааргүй өс хонзон, садист дур ханалт. Ямар үр тарина тийм л үр боловсорно. Үйлийн үр гэгч заавал ирдэг юм байна. Ийм том гүн ухааныг, ийм гүнзгий ойлголтыг магадгүй өөрийн амьдралын зам гудаст тохиосон, харсан дуулсан зүйлээсээ ургуулан сэтгэсэн нь энэ юм. Харсан зүйлийнхээ учир шалтгааныг, яагаад ингэв гэсэн асуултад хариу эрсэн хэрэг. Түүнээ ч олох шиг олсон доо. Тэр байтугай үр дагаврыг нь ч тооцоолоод эцсийн хариуг нь бичээд тавьчихсан. Бодолтын арга нь, хариутайгаа яв цав таарах юм гээч. “Үхэр хулгана” /2006/ өгүүллэгт анзаарч харах ахул, зохиолчийн өөрийн нь ухаарал, сэхээрэл явж байгаа. Лазерын чичиргэнүүрээс залхаад чихээ бөглөсөн үхэр хулгана бол, байн байн зүүдэлж амар заяагаа үзэхгүй байгаа зохиолч бус уу. Өөрийн гэсэн үүх түүх, бахархах бардамнах шүтээн, эрхэм дээд үнэт зүйлээ гээсэн түүнд зүүд нь уг нь сануулж байгаа нь тэр. Үхэр хулгана бол чимээнээс залхаж, чихээ бөглөн явж байгаад өөрийн үхлийг эрж дээ. Харин та бид… “Гэнэт түүний амьдрах гэж зүтгэсэн зүтгэл нь харагдах шиг болж… Энэ байшинг орхихоос өөр аргагүй болсныг сануулав. Өнгөрсөн цаг ч дахиж ирсэнгүй. Тагдгар ч ирсэнгүй. Тэр тэнд л байгаа шүү дээ.”

Энэчлэн “Жааз” /2006/, “Толгодын дундах ертөнц” /2009/ зэрэг өгүүллэгт дүрслэл, зохиомж, уран сайхны аргын хувьд өрнийн утга зохиолыг санагдуулахуйц, туурвил зүйн эрэл хайгуул, зохиолчийн туршилт илүүтэй мэдрэгддэг. Тухайлахад харьцуулан жишиж буй зүйлс, дүрслэлүүд адилтгал зүйрлэлийн хэлбэрүүд үүний тодорхой баталгаа болно. Гэхдээ арга хэлбэрийн хувьд ийм өөрчлөлт, эрэл ажиглагдах ч, хөндөж буй агуулга, утга санааны багтаамж нь бол илүү гүнзгийрч, улмаар эргэцүүлэл, бясалгалын шинжийг агуулах явдал хүчтэй илэрч байдаг юм. Үүнд ялангуяа “Вера Тууяа хоёр” /2010-2014/ өгүүллэгийг онцолж дурдмаар байна. Ерэн хоёр настай Вера хөгшин өөрийн үхлийг олж харав. “Тэр нь элбэг найм найман инч сахал хоёр тийш нь дэрийлгэсэн, сахлаасаа долоо дахин урт гартай, бөв бөөрөнхий биетэй одой аж. Одой гурван нүдээрээ ээлжлэн ирмэж инээд алдан урт гараараа Вераг өдөржин даллажээ.” Өрнийн сэтгэлгээнд ийм нэг ойлголт бий. Хүний үхэл ирж зөвхөн өөрт нь үзэгдвэл сүүлчийн мориндоо мордох цаг нэгэнт ирсний тэмдэг аж. Тэр бүү хэл ингэж харагдсан үхлээ өөр бусадтай хуваалцвал үхэл нь өөрийн нь оронд тэдгээр бусдыг авч оддог гэж үздэг юм байна. Жорж өвгөн яг ингэж олон хүнтэй үхлийнхээ тухай мэдээ дуулгаад, хариуд нь ойр дотныхон нь, хэлсэн бусад олон хүн ээлж дараалан тэнгэрт одсон гашуун түүх бэлээхэн бий. Вера гэнэт бага хүүгийнхээ ингэж хэлсэнд сандарч, нээрээ хэнд ч хэлж болохгүй юм байна, ач зээ нарыг нь авчихвал хэрхэх билээ гэсэн айдаст автдаг.Жорж одоо ч үхээгүй, асрамжийн газарт, зуун арван зургаан настай, үхлээ буцааж ирүүлэхийг бурхнаас тасралтгүй гуйн сууж байдаг. Харин хүүхдүүдийнх нь хувьд энэ бол хий юм харах, мартах өвчний шинж, тиймээс асрагч олж өгөх тухай ярилцсан. Асрагчийн нэр Тууяа. Вера маргааш гарах зурагтын нэвтрүүлэг үзэх, бас Саратай уулзана гээд тохирчихсон, тиймээс энэ долоо хоногт лав одойг дагаад явж амжихгүй, хэрэв гаргачихвал хүүхэд ач зээг нь сүйд хийчихнэ, тэгэхээр яах билээ гэж бодож хэвтлээ. Нэг мэргэн арга ч олов. “Би удахгүй үхнэ. Чиний талийгаач танилуудад захиаг чинь хүргэж өгмөөр байна. Гэхдээ бусдын жишгээр өдөрт нэг л захиа авна. Тэгвэл чи их л удаан хүлээх болно доо. Миний их олон танил талийгаач болсон юм.” Вера, Тууяа хоёр ийм тохиролцоонд хүрлээ. 1962 онд Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч” гэж нэг өгүүллэг бичиж билээ. Монгол ахуй, монгол сэтгэлгээг ашиглан хүн гэгч амьтны сэтгэл санааны хүчирхэг орон зайг дэлгэн тавьсан юмдаг. Д.Энхболдын өгүүллэгийн эхний онцлох тал бол, монгол өгүүллэгийн энэ л уламжлалыг гүнзгийрүүлж, сэтгэлгээний хувьд ямар нэг байдлаар шинэчилж, баяжуулсан тухайд хэлнэ.

Вера, Тууяа хоёрын дунд ийм нэг яриа болов. “Чи Монголынхоо тухай надад ярьж өгөөч. Би яримааргүй байна, ертөнцийн хамгийн сайхан тэр өнгийг би илэрхийлж хэлж чадахгүй. Дураараа л бол… гэж хоржоонтой хэлсэн ч Вера дотроо “хайраа харамлаж чаддаг сайн хүүхэн байна” гэж асрагчийнхаа тухайд анх удаа найртай бодол тээжээ” Энэ яриа хэн хэнийх нь хувьд, өгүүллэгийн хувьд, бүр зохиолчийн хувьд ч тун буурьтай үг байсныг хожим мэдэх болно.Тууяа одой үхлийг хооллон саатуулж, Вератай элдвийн хөгжилтэй юм ярьж, “түнтгэр шар” сонин хоол хийж өгч, хөлийн ул гарт нь түүгээрээ ямар нэг жин тавьж, хамгийн гол нь захидлаа өдөр бүр бичсээр нэг мэдэхэд мянга дөрвөн зуун захиатай болжээ. Вера эцэст ингэж ойлгож байх юм. “Вера өөрөө Тууяагийн одой болохоо гэнэт харсан хэрэг. Нүдэнд нь усан судал мэлтгэнэн тунарснаа сүүлийн хэдэн жил уйлахаа мартсан хоёр нүд нь нулимсаа үйлдвэрийн дамжлага шиг л цувуулжээ. Гурван хүүхэд нь Тууяаг өдөр өнжилгүй л тунагийн нүд шиг нүдээр ширтэн хүлээж байдаг. Би түүнийг өөрийнхөө жижиг байшинд цовдолчихоод л өдөр болгон хумсаа будуулаад сууж байдаг.” Вера Тууяаг ингэж өөртөө нээж байна. Нээж мэдсэн учир түүнээс сүүлчийн ганц л зүйл асуув. Нутгийнхаа тухай ярьж өгөхийг хүссэнд, “Тийм ээ, тэр бол миний хайр. Хайр минь өөртөө миний мэдэхгүй нууцтай тийм учраас би чамд тэр нууцыг дэлгэж чадаагүй юм. Уучлаарай” гэсэн хариулт сонссон. Тууяагийн бичсэн захидал ганц л хүнд зориулагдаж байж, тэр нь Вера, одой хоёрыг явтал аав, ээж хоёроо амьд байлгахыг гуйсан гуйлт.

Верад тун сайхан санагдаж. Чухам юутэрэв. Ерэн таван жил амьдрахдаа амьдралд байж болох зүйлсээс, мэдэрч ойлгож болох зүйлсээс ямар нэг зүйл дутаад байж шүү дээ. Түүнийг нь Тууяа өгсөн юм. Сүүлчийн гурван жилд л Тууяа түүнд ерэн хоёр жил амьдрахдаа үзээгүй, аваагүй, мэдрээгүй тэр л юмыг өгсөн байна. “Тэнэг” чавганцын асуултад төвөгшөөлгүй хариулж, хамгийн ойр дотно байж, жинхэнэ найз нь байж, үгийг нь сонсож, амьдаар харилцаж байсан хэрэг. Өөрийн гараар хуушуур хийж, түүгээр жигнэж, жинхэнэ ёсоор ачилж энэрсэн ажээ. Хэдийгээр цалин хөлс авч байсан ч, Вера хөгшинд үзэж харж байгаагүй сэтгэлийг өгсөн юм. Тиймээс л Вера өөрөө чмэдэлгүйгээр үүнийг л хүсч байсан болов уу. Бас дээрээс нь. Төрсөн эх, эцгээ хайрлах сэтгэл, хаа хамаагүй холын газар ч тэднийгээ үлдээхийг гуйж мянга дөрвөн зуун захидал бичсэн. Өдөр болгон зөвхөн үүнийг л хүсч явдаг байж шүү дээ. Мөн нэмээд. Эх нутгаа хайрлах сэтгэл. Энэ сэтгэлийг үгээр илэрхийлж боломгүй. Тууяа өөрөө ч хэлж мэдэхгүй нэг тийм нууц байдаг юм. Үүнийг гаргаж хэлж чадахгүй байгаадаа бүр уучлал эрж байсан байх юм. Ийм л зүйлсийг, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн, ерэн таван настай Вера үзэж мэдрээгүй юмсанж. Амьдралын сүүлийн гурван жилдээ л Тууяагаас олж харсан авай. Ийм л учирт, Вера гараа элгэн дээрээ ихэмсгээр зөрүүлээд нүдээ аньж чадсан юм. “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгийн өвгөнөөс ялгарах нэг л юм Верад бий. Өвгөний гурван жил хүлээсэн хүлээлт талаар болсон бол, харин Верагийн хувьд энэ хүлээлт түүнд хүссэн зүйлийг нь өгч, хоргодох, харамсах ямар нэг юм үлдээгүй, ер авч болох бүгдийг авсан. Энэ бол жинхэнэ тайтгарал бус уу. Вера бол жирийн нэг АМЕРИК хүн.Харин түүнд энэ бүх зүйлийг өгч чадсан, одойтой амьдрал булаалдан чаргууцалдахгүй байлгахад тусалсан хүн хэн бэ? Тууяа бол эгэл жирийн л нэг МОНГОЛ бүсгүй. Түүний нэрийг Нарантуяа гэдэг. Чухамдаа Тууяагийн үгээр хэлж чадахгүй байгаа тэр нууцыг, Монголын элчилгүй уудам говь, Бага Гилбэнт, Ханын хэц, Их, Бага Хайрханы уулсын орой оргилоос эхлээд бэлийн чулууны ширхэг бүрээс, өвс ногооны үзүүр үндэс бүхнээс, Бүлтгэр, Хоолой, Гашуун усны худгийн дусал болгоноос хайх хэрэгтэй.Ханын хэц, Сийрс тауэр хоёрын аль нь өндөр юм бол доо. Зохиолын агуулга түүгээр дамжин илрэх утгын орон зайн хувьд, түүнд ашиглагдах дүрийн хувьд, тэдгээрийн амьдралын нэгэн эгшинд хандах хандлагын хувьд, гоо сайхны итгэл үнэмшлийн хувьд, амьдралд байж ч болох тэрхүү тогтоосон хэм хэмжээний хувьд, ёс суртахууны зөрчлийн хувьд, уламжлалын залгамж халаанд оршиж, ингэхдээ хэлбэр, зохиомж, бүтэц, дүрслэл зэрэг уран сайхны элементийн түвшинд үргэлжлүүлэн баяжуулж чадсан байна. Энэ бүхэн нь тухайн уран зохиолын түүхийн нь хөгжлийн хэв маяг, зүй зарчмыг батлан илэрхийлж, өөртөө агуулж байгаагаар нь дээрх болон бусад өгүүллэгийн төрлийн зохиолын үнэ цэнийг хэмжих хэрэгтэй. Д.Энхболдын өгүүллэгийн төрлийн цөөн хэдэн зохиолоор дамжуулан, хувь уран сайхны ертөнцийн үүсэл, хөдөлгөөн, өөрчлөлт, мөн чанарын тухай, цаашлаад түүний үе цагийн онцлогийг давхар хөндөхийг бага ч атугай хичээлээ. Туужийн зохиолоор нь шалтаг хийн яриагаа дараа үргэлжлүүлж ч болох юм.

А.Мөнх-Оргил

/Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор/

One reply on “Шар Хөвийн зэрэглээнд сэмрэн сэмэрсээр буй нууц”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *