Гуравдугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог эрс нэмэгдүүлж, иргэдийн хувьд хүлээгдэл чирэгдлийг бууруулах бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.
Хүнд нөхцөлд 24 цагаар жижүүрлэн ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд нийслэл болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, зорчигч бүрийн халууныг хэмжих, эмнэл зүйн асуумж авах, орох гарах хөдөлгөөний талаар асуумж судалгаа хийх, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж тараах байдлаар маш өндөр зохион байгуулалтай ажиллаж байгаа юм.
Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байна.