Categories
мэдээ цаг-үе

Ш.Түвдэндорж: Х.Баттулга намайг дэмжихгүй гэсэн ч бид хоёр тангараг тасраагүй

УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

 -ҮХАА-н
сайдаар томи­логд­чихлоо. Яамны сайд хүн бодлого гаргах үүрэгтэй. Таны хувьд салбараа
хэрхэн удирдаж, яаж хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ. Та шинэхэн албандаа ямар зарчмаар
ажиллах вэ?

-2012 оны сонгуулийн Ардчилсан намын, Шинэч­лэлийн Засгийн газрын
мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнд багт­сан хүнд ба хөнгөн үйлд­вэрийн
асуудлыг шийдэх тал дээр анхаарна. Ямартай ч асуудлуудыг шийдэхийн тулд хөрөнгө
мөнгийг хэрхэн шийдвэрлэх тал дээр ан­хаа­рах шаардлагатай. Сал­барын төслүүд амьдралд
хэр нийцэж байгаа талаар танилцаад цаашид ажил хэрэг болгоод явахад хүндрэл хэр
байгааг судлах ёстой. Газар тариалангийн салбар мэдээж манай орны хувьд чухал ач
холбогдол бүхий салбар. Тиймээс “Атрын гуравдугаар аян”-ыг үргэлжлүүлэн ажил­лах,
Монголынхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо­гоор ард түмнээ хангах тал дээр
хатуу зогсоно. Төрөөс олгох нөхөн олговорын тал дээр анхаарч ажиллах зайлш­гүй шаардлага
байна.  Монголын ард түмэн хэдэн зуунаараа
өлсөж цангаагүй ирсний гол шалтгаан нь мал аж ахуйн салбартай шууд холбоотой. Амандаа
мөнгөн халбага зууж төрсөн хүмүүс бол монголчууд. Ийм буянтай ард түмнийг цаашид  сайн сайхан явуулахын тулд мал аж ахуйгаа дэмжиж,
буянт малынхаа ашиг шимийг хүр­тээдэг малчдынхаа нийг­мийн асуудалд анхаарал хандуулна.
Өнөөдөр (баасан гаригт) Малын индексжүүлсэн даатгалын хууль батлагдлаа. Ингэснээр
ган, зудад мал их хэмжээгээр хорогдсон бол малаа даатгуулсан малчид хохиролгүй байх
талаар Монголын төр анх удаа үүнийг шийдэж өглөө. Хүнсний болон хөнгөн үйлдвэрийн
салбарт аль болох саад болохгүй дэмжлэг үзүүлж, Монголын нэг ч гэсэн иргэн ашиг
орлоготой байх тал дээр анхаарна. 

-Эдийн
засаг хүнд байгаа энэ үед голлох яамны сайд боллоо. Эдийн засагт ямар өөрчлөлтүүдийг
авч ирэх вэ. Малчид, тариаланчид, үйлдвэр эрхлэгчид таны үгийг сонсохыг хүлээж байна?

-Эдийн засагт өөрчлөлт гаргая гэж байгаа бол хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн
салбарыг дэмжиж олон хүний ажлын байрыг бий болгох шаардлагатай. Түүхий эдийг боловсруулах
үйлдвэр давхар шийдээд явах хэрэгтэй. Арьс шир, ноос ноолуурын нөхөн олговрыг олгох
шийдвэр гарсан ч хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа. Үндэсний мал аж ахуй гэсэн баялгийнхаа
түүхий эдийг улс орондоо үйлдвэрлэж нэмүү өртөг гаргах нь ч чухал. Олон хүнд ажлын
байр бий болж компаниуд хөл дээрээ бат зогсох боломж бүрдэнэ. Энэ нь мэдээж улс
орныхоо эдийн засагт нэмэрлэх нэ­мэр болно. Мөн газар тариалан­гийн салбарт хөрөнгө
оруу­лалт хийж техник тоног тө­хөө­рөмжийн шинэчлэлийн асуудлыг хийнэ. Энэ хүрээнд
барууны орнуудын чанартай техник хэрэгслийг нэвтрүүлэх юм. Ургац хураалтаас өмнө
зээлийг нь шийдээд өгөх ёстой гэж бодож байна. Энэ нь мэдээж тариаланчдад асар том
дэмжлэг болно. Ургацаа алдчихалгүй хурдан хугацаанд ургац хураах, хүн хүчний асуудлыг
хэрхэн зохион байгуулахыг судлах ёстой. Төр засгаас энэ тал дээр анхаарч бодлого
баривал хуучны хэмжээнд хүрдэггүй юм аа гэхэд улс орныхоо хэрэгцээг бүрэн хангаж
болох юм. Мал аж ахуйн салбарт мах сүү, нөөцийн 
махыг үргэлжлүүлэн хийнэ. Эрчимжүүлсэн мал аж ахуйн үйл ажиллагааг эрчимжүүлэх
хэрэгтэй. Монгол Улс хэдэн сая хүн амтай билээ. Хэдэн сая толгой малтай билээ. Гэтэл
яагаад манайхан сүүний асуудлаа дотооддоо шийдэж чадалгүй гаднаас сүү оруулж ирээд
байгааг олон нийтэд ойлгомжтой болгоно. Гурван сая хүн амтай, 50  сая толгой малтай Монголд мах яагаад магнаг болоод
байгааг судална.

-Аж
үйлдвэрийн цог­цолборыг Сайншандад барина гэж байсныг сүүлийн үед буруу гэх боллоо.
Харин Дархан, Эрдэнэт хотуудад баривал үр дүнтэй гэж байна. Хүнд үйлдвэрийн салбараа
хаана барихаар төлөвлөөд байгаа вэ?

-Эхний ээлжинд төслүүд­тэй танилцана. Манай оронд хүнд үйлдвэрлэлийн
салбарын хамгийн чухалд тооцогдож байх ёстой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байж улс тодорхой хэмжээний мөнгөнтэй болно. Ингэснээр улс дэд бүтцээ
хөгжүүлж чадна. Боловсрол, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт гарна. Сайншандын цогцолбор
байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдэрбэл улс оронд хамгийн хэрэгтэй. Байгаль орчных
нь нөхцөл байдал ямар байгааг сайтар судлах шаардлагатай.

-Таны
хувьд сайд болсон тул Хуульзүйн байнгын хороогоо өөр гишүүнд шилжүүлж таарна. Уг
байнгын хороог даргалаад явах дараагийн хүн бэ?

-Үүнийг нам л шийднэ. Намайг сайд болгоно гэхэд Гүйцэтгэх зөвлөл
хуралдаад Түвдэндоржийг сайд болгоё гээд шийдчихсэн. Түүний дараа намын бүлэг дээр
намайг сайд болгохыг дэмж­сэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Их хурлаар оруулж баталсан.
Түүнтэй адилхан намын бүлэг дээр байнгын хорооны дарга хэн болох вэ гэдгийг шийдэх
байх. Миний бодож байгаагаар манай байнгын хороонд харьяалагдаж буй Ардчилсан намын
гишүүдээс нэг нь болох болов уу. Байнгын хороон дотор хөдөлгөөн хийхэд түвэгтэй.
Тиймээс дотроосоо томилогдох байх. Гэвч намын шийдвэрийг л харах учиртай.

-МоАХ
таныг дэмжээгүй гэдгийг Х.Баттулга гишүүн мэдэгдэж байсан. Түүний хувьд давхар албан
тушаалд ажиллахаас татгалзсан. Таныг сайд болгох дургүй байгаагаа ч ярилцлагадаа
дурдсан байна лээ. Та хоёрын хооронд үл ойл­голцох асуудлууд гарсан юм уу?

-Х.Баттулга гишүүн хувь хүний сонголтоор сайдын албан тушаалаа өгсөн.
Тиймээс үүнийг дүгнэж ярих нь илүүц. Намын шийдвэрээр намайг сайд бол гэхэд нь намынхаа
шийдвэрийг би дагасан. Энэ миний шийдвэр. Үндсэн хууль яривал УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн үндэсний хэмжээний
асуудлыг танхим дотор хэлэлцэж санал өгч баталдаг. Үүний хэрэгжилт нь Засгийн газар
байдаг. Засгийн газар дээр ч үндэсний хэмжээний шийдэл гардаг. Нэг утгаараа бодлого
боловсруулахад нь оролцоод илүү мэдээлэлтэй хүмүүс хэрэгжилтэд нь оруулах нь УИХ-ын
гишүүн Засгийн газрын гишүүн байхын ач холбогдол энэ. Үүнийг сайн, муу аль ч талаас
нь ярьж болно. Юмыг туйлшруулж ойлгохгүй байх хэрэгтэй. Амьдралд хэрэгтэй зүйл л
хийх ёстой. Түүнээс биш дан давхар дээл яриад байх шаардлагагүй. Зарим нь түүнийг
нь шийдэхгүй бол үхэх гээд байгаа юм шиг санагдах юм. Эцсийн бүлэгт энэ асуудлыг
хэдэн хүн сонирхож байгаа гэдгийг бодох ёстой. Ард түмэнд юмны үнэ нэмэгдэхгүй цалин,
тэтгэвэр нь нэмэгдэх нь л чухал байгаа. Их хурлын хэдэн гишүүн хэрэлдээд нэг нь
сайд болно болохгүй гэдэг бол ард түмний сонирхож буй асуудал биш. Их хуралд байгаа
гишүүд нэгнээсээ нэг юм сонсохоороо түүнийг нь тийм л юм байна гээд итгээд ярьдаг.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гээд нэг асуудлыг л тойроод байх
нь утгагүй л дээ.

-Х.Баттулга
гишүүн танд тааламжгүй байгаагаа илэрхийлсэн. Та хоёрын хооронд үл ойлголцох асуудал
гарсан уу?

-Тэр бол хувь хүний л бодол. МоАХ-г ганц хүн төлөөлөхгүй. МоАХ-ын
олон мянган гишүүд, салбар зөвлөлийн дарга нар, Удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр
гараагүй. МоАХ-ны дарга Х.Баттулга гэдэг хүн намайг дэмжихгүй байж болно. Түүнээс
биш хоорондоо маргалдаад танга­раг тасрахдаа тулсан зүйл байхгүй.

-Та
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар боллоо.  Албан тушаалдаа түүртээд явах юм биш биз дээ?

-Түүртэх зүйл байхгүй. Их хурлаас гарсан бодлогыг л Засгийн газар
дээр хэрэг­жүүлнэ. Их хурал дээр яригдсан асуудлыг яамныхантайгаа ярилцаж яаж хэрэгжүүлбэл
зүгээр байна. Сул тал нь аль вэ гэдгийг мэдрэх боломж бүрдэнэ.

-Өмнөх сайдынхаа ажилд ямар дүн тавих вэ?

-Өмнөх сайд, Зас­гийн газрын мөрийн хөтөл­бөрүүдийг үзэхэд бодлогын
бичиг баримтын талаар ба­га­гүй зүйл хийсэн нь хараг­даж байна. Их хурлаас дэм­­жээд
гаргасан бичиг баримтыг хэрэгжүүлэх тал дээрээ доголдолтой байгаа нь анзаарагдсан.
Заримыг нь бид шинэ шүүлтүүрээрээ оруулах ёстой. Үүний дүнд ҮХАА-н салбарын өнөөгийн
жин улам л нэмэгдэнэ. 2016 он гэхэд манай ард түмэн махаар гачигдчихгүй, хөнгөн
хүнсний үйлдвэрүүд нь боломжтой ажиллачихдаг. Хүнд үйлдвэрлэлийн шав нь тавигдчихсан,
мал аж ахуйн салбарт дээшилж малчид түүнээс ашиг шимийг нь хүртчихдэг ийм салбар
болно. Хамгийн гол нь мах, сүү, гурилын асуудлыг бүрэн шийдчихсэн байх юмсан гэж
бодоод байгаа.

-Ерөнхийлөгч
ҮХАА-н сайдад таны нэрийг дэвшүүлэхэд дэмжихгүй саналтай байгаагаа хэлсэн. ҮХАА-н
сайдад Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй хэмээн Ардын намынхан ярьж байна. Хэрэв
тийм зүйл болбол яах вэ?

-2012 оны сонгуулийн да­раа Ерөнхий сайдыг л бат­лахад МАН-ын гишүүд
оролцсон. Бусад бүх сайдын томилгоо явахад тэд орол­цоогүй. Тэр үеийн нөхцөл өнөөдөр
өөрчлөгдөөгүй. Тэр үүднээсээ ҮХАА-н сайдыг томилох асуудал дээр Ар­дын намынхан
санал хураал­тад оролцоогүй. Өмнө нь Ерөн­хийлөгч бүх сайд нарт давхар ажиллахыг
дэмжихгүй гэдэг саналаа хэлж байсан. Тэр саналаа л надад илэрхийлсэн. Ариун сайхан
сэтгэлээр бодож явсан зүйлийг Засгийн газрыг унагах башир арга болгон гуйвуулсан
тул уг хууль унасан. 2016 оны долдугаар сарын нэгнээс хууль хэрэгжинэ гээд явсан
бол батлагдаад гарсан байгаа. Гэтэл Ардын намынхан хугацааг нь наашлуулаад түүн
дээр нь тоглолт хийгээд явсан. Ерөнхий сайдаас гадна чиглэлийн яамны сайд нар давхар
ажиллаж болно гээд оруулчихсан. Үүнээс харахад гишүүд өөрсдийн амбицыг хийж л байна.
Энэ нь нэг талаасаа дараагийн Засгийн газартаа бэлдэж байгаа гэсэн үг. Улаан цайм
ашиг сонирхлын зөрчилтэй зүйл орж ирсэн тул хууль унасан. Түүнээс Ерөнхийлөгчийг
эсэргүүцсэн зүйл нэг ч байхгүй. МАН-ынхан тийм л сүрхий юм бол үүн дээр нь хориг
тавьчих гээд байна. Үүнийг хоёр янзаар ойлгож болно. Өмнөх хүмүүс дээр нь хориг
тавиагүй байж над дээр хориг тавихаар хувь хүний асуудал болж ирнэ. Ш.Түвдэндоржид
асуудал байхгүй гэж Их хурлын гишүүд бүгд хэлээд байгаа. Харин Ц.Нямдорж гишүүн
л үгүй гээд байгаа. Ц.Нямдорж гишүүн хүн болгоныг доромжилж, элдвээр хэлж ярдаг
нохой шиг болсон болоогүй зүйл ярьж явдаг. Өөрийнхөө толгойд орж ирсэн үмхий санаагаа
тэгж гаргадаг. Тэр хүн үргэлж хувийн сонирхлын үүднээс Их хурал дээр юм ярьдаг.
Улстөрч хүн улс төр хийдэг ч гэсэн ноён нуруу жудагтай байх хэрэгтэй. Олон жил Их
хуралд сууж сайд хийчихээд “Би давхар дээл өмсөж байсан юм чинь яаж давхар дээлээ
тайл гэж хэлэх юм” гэж хэлж байсан хүн. Өнөөдөр гэнэтхэн төрөл арилжсан юм шиг зөрүүлээд
“Давхар дээл өмсгөчихлөө. Хориг тавих юм байгаа биз” гэж хэлснийг нь бодохоор нэг
арьсан дотор энэ хүн хэд хувирч байна гэдэг нь харагдаж байна. Ц.Нямдорж гишүүнд
хандаж зориуд нэг үг хэлмээр байгаа юм.

-Яг
юу гэж хэлэх гэсэн юм?

-Хүн болгон руу дайрч толгойдоо орсон үмхий бод­лоо амаараа гаргаж
байдаг. Ц.Нямдорж гишүүний сайхан муухайг хүн бүр мэднэ. Улс төрийн асуудлыг хувь
хүний асуудал болгож битгий хувир­гаарай гэж хэлмээр байгаа юм.

-Таныг
чуулгандаа суудаггүй хэмээн гишүүд нэлээд шүүмжлэнгүй хэлж байсан. Сайд болчихсон
юм чинь асуудалд арай өөр өнцгөөс хандаж төрийн албыг цалгардуулахгүй аваад явж
чадах уу?

-2013 оны хаврын чуул­ганд би тааруу суусан нь үнэн. Тухайн үед анзаарсан
бол би нэлээд ядарчихсан байсан. Миний хувьд эрүүл мэнд тааруу байсан тул зуны саруудад
эмчилгээ хийлгээд намрын чуулганаас хойш хав­рын чуулганы өнөөдрийг хүртэл таслаагүй.
Ц.Нямдорж гишүүн эрүүл мэндийн шалт­гаантай байсныг “Хуралдаа суухгүй хаачсан юм”
гээд байсан. Их хурлын даргын “Биеийн байдал чинь болохгүй байгаа бол байнгын хорооны
даргынхаа ажлыг өг” гэсэн шаардлага нь шударга шаард­лага байсан гэж боддог. Одоо
миний бие өвчин эмгэггүй болсон тул эргээд ажиллахад асуудал байхгүй гэдгээ би харуулж
байгаа юм. Би чуул­гын байнгын хорооны хуралдаандаа цагтаа ирээд ажиллаж байна.
Сайд бол­лоо гээд алга болохгүй. Миний үндсэн ажил УИХ. Их хурал дээрээ ажлаа сайн
хийчих юм бол ажил цаашаа явчихна. УИХ дээр бодлогыг нь гаргачихаж байгаа юм чинь
гүйцэтгэх ажлыг хийгээд явчих бүхэл бүтэн аппарат байна. Завтай цагтаа хөдөө аж
ахуйн салбарынхаа үйл ажиллагаатай танилцаад явна. Эдийн засгийг идэвх­жүүлэх
100 хоногийн хүрээнд түүнээс цааш ч гэсэн хүн бүр л ачаалалтай ажиллах шаардлагатай.

-Таныг
хөдөө аж ахуйн салбарыг мэдэхгүй гээд байх юм. Таны төрсөн нутаг хаана вэ. Уг салбараа
судлахад хичнээн цаг хуга­цаа зарцуулна гэж бодож байгаа вэ?

-Би Улаанбаатарт төр­сөн ч Завхан аймгийн Алдар­хаан сумын харьяат
гэж явдаг. Салбарынхаа ажил­тай танилцахад надад асуу­­дал алга. Их хурлаас гарсан
шийдвэрүүд байж бай­­гаа. Түүнтэй бол ямар ч үед танилцчихна. Унаган Улаанбаатарын
хүн гэж байх­гүй. Би хүүхэд байхдаа Төв аймгийн Баянцогт суманд ам­рал­таараа очиж
мал хуйтай но­цолдож өссөн. Малаа мэддэг­гүй монгол хүн гэж байхгүй. Бидний цусанд
байдаг зүйл. Би Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хойд талын сумдаар нэр дэвшиж байсан.
Маш олон малчин, тариаланчидтай уулзаж явлаа. Тийм болохоор тэдний зовлонг мэднэ.
Мөн хүний өөрийнх нь олж авсан боловсрол, мэдлэг, эцэг эхээс сурч мэдсэн зан заншил
гээд бодоод үзэхээр би хөдөө аж ахуйн салбараас хол хүн бол биш. Ганц хүн заавал
бүх салбарыг мэдэх ёсгүй л дээ. Уурхайд амьдарч байсан уурхайчин хүний хүүхэд Уул
уурхайн сайд болно гэсэн зүйл байдаггүй биз дээ. Түүнтэй л ижил байхгүй юу.

-Таны
ах Ш.Төмөрбаатар Нийслэлийн өмчийн харил­цааны газрын даргаар ажил­ладаг. Таныг
сайд болсноор ашиг сонирхлын зөрчил үйлчилж эхэлнэ гээд байх юм. Ж.Батзандан гишүүн
ахыгаа ажлаас халуулж байсан шиг та бас тэгэх юм биш биз?

-Ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. УИХ, Засгийн газар нийслэлтэй
огт хамаа байхгүй. Нийслэлийн бүхий л зүйл тусдаа байдаг. Бид ах дүү тавуулаа анх
1989 оноос хойш МоАХ-г дэмжиж ирсэн. Миний хоёр ах МоАХ-ын нийслэлийн тэргүүлэгчээр
ажиллаж байсан. Нэг ах маань биднийг ардчилалд уриалан дуудсан. Би МоАХ-ын даргаар
ажиллаж байсан хүн. Ардчилалд байгуулсан гавьяагаараа шагнал авна гэж байхгүй. Гавьяагаа,
хүнээ таних чадвараа бодох юм бол Э.Бат-Үүл дарга манай Төмөрбаатар ахтай ойр байдаг
тул тэр үүднээсээ хамтарч ажилласан байх. Би нам дээр л Бат-Үүл даргатай ганц хоёр
жил хамт байсан бол Төмөрөө ах байнга л дэргэд нь явдаг байлаа. Э.Бат-Үүл дарга
Төмөр­баатар ахыг дуудаад агентлагийнхаа даргаад тавь­сан. Энэ нь надаас ямар ч
хамаагүй. Энэ бол тэр хоёрын хоорондын асуудал. Одоогийн тохиолдолд ҮХАА-н яаманд
Төрийн өмчийн харьяалагдаж байгаа тул түүнийг төрийн өмч, нийслэлийн орон нутгийн
өмч хоёрыг нэг гэр бүлд оччих­лоо гэж Ц.Нямдорж гишүүн хэлсэн. Яахав хардах эрх
нь байдаг л байх. Гэхдээ нийслэлийн газар, өмч хоёр нь удахгүй тусдаа салаад явна.
Удахгүй Төрийн өмчийн хороо татан буугдаж сан болно гээд байгаа. Төрийн өмчийн хороо
сайдын үгээр ажлаа явуулаад ч байдаг байгууллага биш. Ц.Нямдорж гишүүнд хандаж хэлэхэд
санаа зоволтгүй тайван байж болно.

-Таныг
гэр бүлээрээ МоАХ-ны төлөө зүтгэсэн гэдгийг мэднэ. Ах дүү нар бүгд улс төрийн сонголтоо
хийгээд явж байхад хэцүү байдаг байв уу. Танай ах дүү нар одоо юу хийцгээж байгаа
вэ?

-Ах маань МоАХ-ны хурал цуглаан болох гэж бай­гааг бидэнд дуулгаад
бид ахыгаа дэмжээд явсан. Яахав тухайн үед аавыг “Танай хүүхдүүд бүгд ардчилсан
холбоонд орсон байна” гээд донгодсон юм билээ. Ах дүү тавуулаа үхэхээс ч буцахгүй
хувьсгалын шалгуурт оролцож явсан болохоор МоАХ-ныхан бид­нээр бахархдаг байсан.
Харамсалтай нь гурван ах маань хорвоогийн мөнх бусыг үзсэн. Үлдсэн ганц ах маань
Ш.Төмөрбаатар ах л даа.

-Таныг
цахим сайтуудаар сархад нэлээд хүртдэг хэмээн шүүмжилж байна. Ийм хүн яаж сайдын
ажлыг хийнээ гэж хэвлэлээр гарах болж?

-Би архи уудаггүй. На­майг ҮХАА-н сайдад нэр дэвшээд явахаар
хэлэх үг нь олдохгүй янз бүрийн зүйл гаргаж байна. Энэ янз бүрийн дайралт давшилт
Ц.Нямдорж гишүүнээр отголж байх шиг байна даа. Хүнийг юу гэж муулж болохыг бичиж
байгаа хүн нь нэрээ нууцалж байгаад энэ сайтууд гаргаж байгааг харсан. Архи уудаг
энэ тэр гэж байгаа нь зүгээр л өрсөлдөгчөө намнах арга. Надад өс санаж явдаг хүн
байдаг л юм байлгүй. Манай журмын нөхдөөс над руу тэгж дайрахгүй. Манай нам болон
сөрөг хүчин хувь хүний тал дээр юу ч ярихгүй гээд байгаа. Ганцхан Нямдорж гишүүн
л балай юм ярьсан. Зүгээр гаднаас л нэг нөхөр ийм зүйл тараагаад байгаа. Түүнээс
би ерөөсөө архи уудаггүй.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *