Categories
мэдээ улс-төр

Ш.Сүхбаатар БНХАУ-ын Гуандун мужид ажиллажээ

Макаотай байгуулсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай Засгийн газар хоорондын  хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх асуудлаар Макаогийн Аюулгүй байдлын газрын удирдлагуудтай тодорхой тохиролцоонд хүрсэн ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар энэ сарын 10-нд БНХАУ-ын Гуандун мужийн Ардын засгийн ордны Гадаад харилцааны газрын дэд дарга Ху Вэйтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Гуандун муж нь манай өмнөд хөршийн эдийн засгийн гол төв бөгөөд Хятадын эдийн засгийн дөрөвний нэг, төсвийн орлогын долооны нэгийг дангаараа бүрдүүлдэг, 100 сая хүн амтай хүчирхэг муж юм. Энэ мужийн төв Гуанжоу хотод гадаадын 49 орны консулын газрууд ажиллаж байна. Монгол Улс харилцан өсөн нэмэгдэж байгаа худалдаа, эдийн засгийн харилцаа, зорчигчдын урсгалыг харгалзан Гуанжоу хотод консулын төлөөлөл нээх боломжийг судалж байгаа бөгөөд энэ хүрээнд Ш.Сүхбаатар захирал Дэд дарга Ху Вэйтэй тодорхой асуудлуудаар санал солилцлоо.

Консулын газрын захирал Гуандун мужид ажиллах үеэрээ тус мужийн эмэгтэйчүүдийн төв хорих болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Стэнли хорих газарт ял эдэлж байгаа иргэдтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.